Оюу Толгой зэсийн баяжмалын экспортоо хэвийн болголоо
Сүүлийн өдрүүдэд хязгаарлагдсан экспорт сэргэжээ. Өмнө нь далд уурхайд чулуу нуралт болж, 15 ажилтан өртсөн.
Оюу Толгой ХХК сүүлийн өдрүүдэд хязгаарлагдаад байсан зэсийн баяжмалын экспорт хэвийн горимдоо орсныг мэдэгдлээ. Компани хуримтлагдсан баяжмалаа тээвэрлэх ажлыг эрчимжүүлж, жилийн экспортын төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байгаа аж.
Экспорт хэвийн явагдах нь улсын эдийн засаг, хувьцаа эзэмшигчдийн өгөөжид чухал гэж компани онцолжээ. Оюу Толгойн ногдол ашиг 2027 оны төсвийн гол эх үүсвэрийн нэгд тооцогдож байгаа тул экспортын хэмжээ олон нийтийн анхаарлын төвд байдаг.
Далд уурхайд болсон осол
Үүнээс өмнө буюу 10 сарын 29-ний 18:00 цагийн орчим Өмнөговийн Ханбогд сумд байрлах Оюу Толгойн далд уурхайд газар хөдлөлтийн үзэгдэл болж, +1300 олборлолтын түвшний нэвтрэлтийн малталтад чулуу нурсан. Энэ бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртжээ.
Уурхайн аврах анги даруй ажиллаж, газар доор байсан бүх ажилтныг гаргасан. Өртсөн ажилтнуудад эмнэлгийн тусламж үзүүлж, заримыг нь Улаанбаатар руу эмчилгээнд хүргэсэн байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ослын шалтгааныг тогтоож, газар дээр нь шалгалт хийж байна. Яам салбарын бүх уурхайг хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагаа чанд мөрдөхийг уриалжээ.