ЮНЕСКО «Нүүдлийн соёл иргэншлийн түүх» цуврал бүтээл гаргана: Улаанбаатарт 20 гаруй орны эрдэмтэд цуглав

Монголын санаачилсан цувралын нэг боть Монголын соёл иргэншилд зориулагдана.

Share
ЮНЕСКО «Нүүдлийн соёл иргэншлийн түүх» цуврал бүтээл гаргана: Улаанбаатарт 20 гаруй орны эрдэмтэд цуглав

ЮНЕСКО-гийн удахгүй хэвлэгдэх «Нүүдлийн соёл иргэншлийн түүх» цуврал бүтээлийн олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт 11 сарын 9–10-нд Улаанбаатарт болж, 20 гаруй орны эрдэмтэн судлаачид оролцлоо. Уулзалтаар цувралын ерөнхий үзэл баримтлал, хамрах хүрээ, бүтэц, агуулга, судалгааны арга зүйг хэлэлцэв.

Монголын санаачилга

Энэхүү санаачилгыг Монгол Улс дэвшүүлж, 2023 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дахь чуулганаар тогтоол гарган баталсан. 2025 онд Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд байгуулсан хэлэлцээр төслийн эрх зүйн болон зохион байгуулалтын үндсийг тавьжээ.

Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ нүүдэлчид түүхийн турш өргөн уудам нутгийг холбож, тив дамнан мэдлэг, санаа, технологи, соёлын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ цувралын гол зорилго нь тэдний түүхэн хувь нэмрийг дэлхийн түүхэнд зохих ёсоор нь үнэлүүлэх явдал гэж онцоллоо. Уулзалт Чингис хааны мэндэлсний 864 жил, Үндэсний бахархлын өдөртэй давхцан болсон нь бэлгэдлийн утгатай гэж тэр тэмдэглэв.

Монголын боть

Чингис хаан үндэсний музейн захирал С.Чулуун цувралын нэг боть Монголын соёл иргэншлийн түүхэнд зориулагдах бөгөөд тэрбээр уг ботийн эрдмийн зөвлөлийг ахалж байгааг дурдав. Ботийг бэлтгэхдээ сүүлийн 30 жилд Монголд археологи, түүх, нүүдлийн соёл иргэншлийн чиглэлээр хийгдсэн томоохон судалгааны ололтод тулгуурлах юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ