Гэр хорооллын шөнийн цахилгаан хөнгөлөлттэй боллоо — өрхийн нүүрснээс үе шаттай татгалзах төлөвлөгөө гарч байна
Шөнийн 21:00–09:00 цагийн хэрэглээнд хөнгөлөлт үйлчилж эхэллээ. Агаарын бохирдлыг 2030 он гэхэд 55 хувиар бууруулах төлөвлөгөөг олон нийтээр хэлэлцүүлж байна.
Өвлийн улиралтай зэрэгцэн гэр хорооллын өрхүүдэд шөнийн цахилгааны хөнгөлөлт 11 сарын 2-ноос үйлчилж эхэллээ. Энэ нь утааны гол эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээг багасгах бодлогын нэг хэсэг юм.
Хөнгөлөлт хэнд, хэр зэрэг
- Улаанбаатар, аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сумын төвийн 220В, 380В-ын сүлжээнд холбогдсон гэр хорооллын өрхөд;
- 21:00–09:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаанд;
- 1,500 кВт.ц хүртэлх хэрэглээнд (түүнээс давсан хэсэгт хөнгөлөлт үйлчлэхгүй);
- 2027 оны 3 сарын 31 хүртэл.
Хөнгөлөлтийн хувь хэмжээг Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно. Өнгөрсөн жил 220В-ын хэрэглэгчдэд 1,500, 380В-ын хэрэглэгчдэд 3,000 кВт.ц хүртэлх хэрэглээнд 100 хувийн хөнгөлөлт олгож байжээ.
Нүүрснээс үе шаттай татгалзах замын зураг
11 сарын 4-нд Эрүүл мэнд, Байгаль орчин, Барилга хот байгуулалт, Эрчим хүчний яамд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр үндэсний форум зохион байгуулж, «Өрхийн нүүрсний хэрэглээг үе шаттай зогсоох 2027–2040 оны замын зураг»-ийг дэвшүүлжээ. Тооцоогоор 2021 онд гадна болон гэр доторх агаарын бохирдол Монголд 2,895 хүний амь насанд нөлөөлсөн. Хотын оршин суугчдын 76 хувь нь цэвэр түлш хэрэглэдэг бол хөдөөд энэ үзүүлэлт ердөө 22 хувь байна.
2030 он гэхэд бохирдлыг 55 хувиар бууруулах зорилт
Үүнтэй зэрэгцэн «Агаарын бохирдлыг бууруулах 2026–2030 оны төлөвлөгөө»-ний төслийг 11 сарын 2-нд олон нийтээр хэлэлцүүлэв. Төсөлд долоон чиглэлийн 58 арга хэмжээ багтсан бөгөөд хэрэгжвэл агаарын бохирдлыг одоогийнхоос 55 орчим хувиар, тухайлбал PM2.5-ыг 66, PM10-ыг 77, хүхэрлэг хийг 64, азотын давхар ислийг 15 хувиар бууруулахаар зорьжээ. Агаарын тухай болон Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.