Ерөнхий сайд өвлийн ачааллын бэлтгэлийг газар дээр нь шалгалаа

Энэ өвөл цахилгааны нөөцгүй ажиллах эрсдэлтэй ч тог, дулааны үнэ нэмэгдэхгүй.

Share

Ерөнхий сайд Н.Учрал 10 сарын 31-нд Дулааны III, IV цахилгаан станц болон Диспетчерийн үндэсний төвд очиж, засвар шинэчлэлийн явцыг шалгажээ.

Тооцоогоор энэ өвөл төвийн бүсийн хэрэглээ 1956 МВт хүрэх бол тус бүсийн суурилагдсан хүчин чадал 1797 МВт байна. Дутагдлыг Хятадаас 80 МВт авах, шинээр ашиглалтад орох Сүхбаатарын 70 МВт-ын станцаар нөхөхөөр төлөвлөжээ. Ерөнхий сайдын хэлснээр, IV станцын ганц зуух зогсоход л хэрэглэгчдийн цахилгааныг 100 МВт-аар хязгаарлах нөхцөл үүсч болзошгүй.

Засгийн газар энэ өвөл цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүйн тулд 107.3 тэрбум төгрөгийн татаас олгоно. Мөн 300 МВт-ын Дулааны VI станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: МҮОНРТ