Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дахь ялалтаа байгуулж, WBC-ийн АНУ-ын аваргын бүс авлаа

Техасын Эль Пасо хотод болсон 10 раундын тулаанд тэрбээр Тажикийн Якубовыг санал нэгтэй шийдвэрээр ялав.

Share
Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дахь ялалтаа байгуулж, WBC-ийн АНУ-ын аваргын бүс авлаа

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаандаа Тажикистаны Мухаммадхужа Якубовыг ялж, WBC-ийн АНУ-ын (USNBC) супер өдөн (130 фунт) жингийн аваргын бүс хүртлээ. Ингэснээр тэрбээр мэргэжлийн рингэнд 16 тулаад нэг ч ялагдаагүй амжилтаа хадгалж байна.

Тулаан

Тулаан 11 сарын 13-ны орой (Монголын цагаар 14-ний өглөө) АНУ-ын Техас мужийн Эль Пасо хотын County Coliseum-д 58.976 кг-ын жинд болсон. Цэндбаатар 10 раундын турш давамгайлж, шүүгчид 98–91, 98–91, 99–90 гэсэн санал нэгтэй шийдвэрээр түүнийг ялагчаар тодруулав. Тэрбээр энэ тулаанд гурван сар эрчимтэй бэлтгэл хийж, 15 кг жин хасжээ.

Өрсөлдөгч

31 настай, солгой байрлалтай Якубов 23 тулаан хийснээс 12-ыг нь нокаутаар хожиж байсан бөгөөд энэ нь түүний мэргэжлийн рингэн дэх хоёр дахь ялагдал юм. WBC-ийн чансааны долдугаарт бичигддэг тэрээр Лос-Анжелесийн Wild Card боксын клубт алдарт дасгалжуулагч Фредди Роучийн удирдлагаар бэлтгэл хийдэг. WBC-ийн олон улсын, WBA-ийн тивийн, WBO-ийн залуучуудын бүс эзэмшиж байсан туршлагатай боксчин юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ