Бөхийн ДАШТ: Монголын баг гурван хүрэл медальтай буцлаа
«Астана-2026»-д эрэгтэй баг есдүгээр, эмэгтэй баг долдугаар байр эзэллээ. Таван тамирчин медалийн босгон дээр бүдрэв.
Казахстаны Астана хотын «Барыс Арена»-д болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Монголын шигшээ баг гурван хүрэл медаль, таван тавдугаар байртайгаар тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүд — 9-р байр
Эрэгтэйчүүдийн цорын ганц медалийг 70 кг-д МУГТ Т.Тулга хүртсэн. Тэрбээр хүрэл медалийн барилдаанд Молдавын Василе Диаконыг давж, ДАШТ-ээс гурав дахь медалиа авсан (2021 онд 65 кг-д хүрэл, 2025 онд 70 кг-д мөнгө). ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ (57 кг), О.Сулдхүү (79 кг) нар хүрэл медалийн барилдаандаа ялагдаж тавдугаар байр эзэлсэн. О.Сулдхүү ДАШТ-ий медалийн барилдаанд гурван жил дараалан ялагдаж буй нь энэ. Эрэгтэй баг 35 оноогоор есдүгээр байрт оров.
Эмэгтэйчүүд — 7-р байр
Эмэгтэйчүүдээс Э.Даваанасан (76 кг), Х.Болортуяа (59 кг) нар хүрэл медаль хүртлээ. Х.Болортуяагийн хувьд энэ нь ДАШТ-ээс авсан анхны медаль бөгөөд хүрэл медалийн барилдаанд Казахстаны бөхийг хоёр мөр дээр нь буулгаж ялсан. Медалийн төлөө барилдсан таван эмэгтэй бөхийн хоёр нь шагналын тавцанд гарч, гурав нь тавдугаар байр эзэлсэн. Эмэгтэй баг 74 оноогоор долдугаар байрт орлоо.
Тэргүүлэгчид
Багийн дүнгээр АНУ хоёр төрөлд хоёуланд нь түрүүллээ. Эрэгтэй баг нь 10 жингийн тавд алт авч 194 оноо цуглуулсан бол эмэгтэй баг нь 1999 оноос хойш анх удаа түрүүлж, 2013 оноос хойш тасралтгүй тэргүүлж байсан Японы цувааг таслав.
Эх сурвалж: МОНЦАМЭ