Hot Topic + Experts

Х.Анхбаярыг шоронгоос гаргаж өгье гээд О.Чулуунбат бусдаас сая доллар авч байсан гэв

Н.Эрдэнэ 4,183 үзсэн39

Манай нийгэмд бугшсан ээдрээтэй муу муухайг уудлан илрүүлэхээр зүтгэж яваа сэтгүүлч бол Л.Мөнхбаясгалан. Түүний хөтлөн явуулдаг “Цензургүй яриа” нэвтрүүлэг бол нөлөө бүхий эрхмүүдийн хаана, хэнд ч хэлж яриагүй үгсийг нь уудлан гаргаж цензургүй яриулж чаддаг, яах аргагүй олны анхаарлыг татаж шуугиан дагуулдаг, тэр ч утгаараа үзэгчдийн үзэхийг хүсдэг бүтээл болж чадсан юм. Л.Мөнхбаясгалангийн өчигдрийн зочин мөн л ховор хүн байлаа. Дуулиант хэрэгт сэжигтнээр татагдан, улмаар ял эдлээд гарч ирсэн Тэнгри Холдинг группын ерөнхийлөгч Х.Анхбаярыг тэрээр цензургүй яриулж чаджээ. Гэхдээ бүр маш ноцтой гэмээр баримтуудыг түүгээр хэлүүлсэн байх юм.

Х.Анхбаярын хойноос хагас жил орчим хөөцөлдсөний эцэст Өмнөд Солонгост зөөлөн эдийн хавдрын оноштойгоор эмчилгээ хийлгэж байх үед нь тэрээр энэ ярилцлагыг хийсэн байна. Х.Анхбаярын ярианаас хийгээгүй хэргийнхээ төлөөсөнд ял эдэлсэн гэж өөрийгөө тайтгаруулах бизнесмэний харуусал, гомдлын үгс байнга цухалзаастай. Хэзээ нэгэн цагт цагаатгагдах ёстой хэмээн горьдлого тээж яваагаа нуулгүй хэлсэн энэ эр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчтэй холбогдсон тухайгаа, улс төрийн өндөр албан тушаалтнууд хэрхэн түүнийг хохироосныг ч нээлттэй дэлгэв.

Шадар сайд асан, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай Германд элчин сайдаар ажиллаж байх үед нь Х.Анхбаяр анх танилцсан байна. Улмаар Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууж байх үед нь Д.Тэрбишдагва зуучлан Х.Анхбаярыг танилцуулжээ. Х.Анхбаярын Тэнгри Холдинг компани уул уурхайн олон лиценз эзэмшдэг байсан тул Н.Энхбаярын сонирхлыг ч татсан шиг байгаа юм. Улмаар Н.Энхбаярын дүүгийн компани болох SCON-оос эдийн засгийн хямралын үеэр хөрөнгө оруулалт хайж явсан Х.Анхбаярт нэг сая долларын зээл олгосон аж. Хариуд нь Тэнгри Холдинг компанийнх нь 85 орчим хувийг авахаар Н.Энхбаяр санаархсан тул олон жил өөрийн гараар зүтгэж босгосон хөдөлмөрөө бусдад зүгээр шахам алдахыг хүсээгүйдээ зайгаа авсан тухай Х.Анхбаяр ярьсан.

Мөн Д.Тэрбишдагва гишүүн ТБД Андууд компаниа тендерт өрсөлдүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй байна, хэдхэн хонуулаад эргээд өгье гээд Х.Анхбаяраас 320 мянган ам.доллар зээлж аваад долоон жил болоход тал мөнгийг нь л өгсөн жишээг тэр дурдсан.

Харамсалтай нь түүнийг хэрэгтэн болж ял эдлэх үед Н.Энхбаяр ч тэр Д.Тэрбишдагва ч тэр хэн нь ч дуугараагүйд Х.Анхбаяр гомдолтой явдаг аж. Түүний ярьсан хэлсэн үнэн бол Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нар бизнесмэнүүдийг ашиглаад хаядаг, хүний мөсгүй, хуншгүй улстөрчдийн жишээ болж харагдана.

Энэ нэвтрүүлэгт хөндөгдсөн бас нэг ноцтой сэдэв бол Монголбанкны ерөнхийлөгч асан, одоо ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбатын тухай байлаа. О.Чулуунбат түүнийг хэрэгт холбогдож шүүхээс ял авч байхад “энэ хүнийг чинь би шоронгоос гаргаж өгнө” гэж хэлээд Тэнгри Холдингоос лиценз сонирхож байсан Хонконгийн нэг компаниас нэг сая ам.доллар авчихсан гэнэ. Ингээд О.Чулуунбатад нэг сая ам.доллар өгсөн хүмүүс нь Х.Анхбаярт хандсан байдаг аж. Энэ явдлыг тэрээр чоно борооноор хэмээн зүйрлэсэн юм.

Энэ бол маш ноцтой баримт бөгөөд өдгөө биеийн байдал нь тааруухан эмчлүүлж байгаа О.Чулуунбат ямар хариу өгөх нь тун сонирхолтой.

Мөн дээрхтэй төстэй тохиолдол гарах шахсаныг, тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийг барьсан явдлыг Х.Анхбаяр ярилцлагынхаа төгсгөлд ярьсан юм.

“Харамсалтай нь чоно борооноор гэгчээр нэг хүн хэрэгт холбогдоод хууль хяналтын байгууллага тогтоох гээд явж байхад зарим нэг хүмүүс үүнийг ашиг олох завшаан гэж хардаг юм шиг байгаа юм. Энэ бол манай нийгэмд хорт хавдар болчихсон үзэгдэл юм шиг. Шүүхийн тов гармагц л манай гэр бүл рүү ярьж хандаж эхэлсэн гэж өмгөөлөгчөөрөө дамжуулж би сонссон. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ойрхон, танайх энийгээ яачих, энэ лицензээ өгчих, асуудлыг шийдчих, тэгвэл шүүх дээр гарчих юм байна, нөхрийг чинь гаргаад өгье гэсэн санал манай гэр бүлд тавьсан байсан. Тэр үед нь наадах шиг чинь худлаа юм байхгүй, нэг ч төгрөг өгөхгүй, шалгадгаараа шалгаад дуусдагаараа дуусна биз гэсэн хариу өгсөн” хэмээн Х.Анхбаяр ярив.

Ийнхүү Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарыг авлах хоморгод өртөн шоронд 17 сар суугаад гарсан Х.Анхбаяр хэмээх бизнесмэн эр төрийн томчууд хэрхэн түүнтэй холбогдож байсан түүхийг дурдахдаа хэд хэдэн ноцтой баримтуудыг дэлгэлээ. Одоо цензургүй ярианд нэр дурдагдсан эрхмүүд хэзээ, ямар хариу өгөхийг хамтдаа ажиглацгаая.

Сэтгэгдэл үлдээх