Ковидоор 2.7 сая, харин хавдрын өвчлөлөөр 10 сая хүн нөгөө ертөнцөд оджээ

0
29

Шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжлийг даган янз бүрийн өвчин шинээр үүсэн бий болсон ч дэлхий дахиныг тэр чигт нь айдаст автуулсан өвчин бол яахын аргагүй ДОХ (AIDS) юм. Харин одоо 2020 оны эхээр Ковид-19 халдварт өвчин гарснаас хойш Монголд төдийгүй дэлхий дахинд ДОХ байтугай хавдрын өвчлөл ч энэ өвчний дуулианд дарагдчихаад байгаа гэхэд хилсдэхгүй.

Сүүлд гарсан нэгэн судалгааны дүнд эрдэмтэд дэлхийн хүн амын 1000 хүн тутамд оногдох нас баралтын хувь өсөх магадлалтай гэжээ. Тухайлбал 2020 онд дэлхийн 1000 хүн тутмын 7.6 нь нас барсан бол энэ тоо 2021 он болон ирэх жилүүдэд улам нэмэгдэх хандлагатай байна гэжээ. 1950 онд дэлхийн 1000 хүн тутмын 10 нь нас барсан бол 1950 оноос хойш ямар нэг байдлаар техник технологи, шинжлэх ухаан хөгжих тусам нас баралт буурч төрөлт ихсэж байсан бол одоо дэлхий дахиныг нэрвээд байгаа Ковид-19 өвчний нөлөөгөөр энэ байдал өөрчлөгдөх нь тодорхой болжээ.

Гэхдээ энд бас нэг зүйлийг эрдэмтэд онцолж байгаа юм. Одоогийн байдлаар ковид-19 өвчний улмаас нас барсан хүмүүсийн тоо 2.7 саяд хүрээд байгаа. Энэ нь 2020 оны 1 дүгээр сараас хойш өнөөг хүртэлх хугацааны дүн. Гэтэл хавдрын өвчлөлөөр 2020 онд дэлхийд 10 сая хүн нас баржээ. Дайн тулаан, байгалийн гамшиг, өлсгөлөн ядуурал, өвчин зовлонгоор дэлхийд жил бүр 60 гаруй сая хүн цаг бусаар таалал төгсөж байгаа бол үүний 10 сая нь хавдрынх аж. Зургаан нас баралт тумын нэг нь гэсэн үг. Харин хавдар дотроо хөхний хорт хавдрын нас баралт хамгийн их буюу 2.6 сая, удаад нь уушгиных 2.1 саяар тоологджээ. Бусад төрлийн хавдрын өвчнөөр нас баралт 2 саяас доош тоологдсон аж. Энэ мэдээллийг ДЭМБ-ын вэбсайтаас харж болно. Тиймээс ковидтой ковидгүй жилд нэг жилийн нас баралтын хэмжээ өсч байгаа гэдгийг эрдэмтэд онцлоод байгаа юм. Тухайлбал анх мэдэгдсэн цагаасаа хойш 32 сая хүнийг авч одсон ДОХ өвчнөөр гэхэд өнгөрсөн 2019 онд 690 мянга, 2020 онд 750 мянган хүн дэлхийгээс оджээ.

Ковидын дуулианд жил бүр 10 сая хүнийг авч оддог хавдрын өвчлөлүүд хүртэл дарагдаж, энэ төрлийн өвчлөлүүдийн судалгаа, эмчилгээний далайц мэдэгдэхүйц багасч байгаа нь тийм ч таатай мэдээ биш гэж эрдэмтэд онцолжээ. Учир нь хавдрын эсрэг судалгаа шинжилгээ хөгжүүлж буй анагаах ухааны хөгжил сайтай дэлхийн томоохон гүрнүүдийн ихэнхийн анагаах ухааны салбар нь шинжлэх ухааны салбартайгаа тэр чигтээ ковидын эсрэг “дайчлагдаж” хамаг нөөц бололцоогоо шавхаж байгаатай холбоотой гэнэ. Ингээд ХДХВ өвчний тухай цөөн хэдэн баримтыг хүргэе.

ХДХВ хүний дотоод дархлалын эсүүдэд халдварладаг

ХДХВ халдварласнаар дархлааны тогтолцооны үйл ажиллагааг доголдуулж, хүн элдэв өвчин, халдвараас сэргийлэх чадваргүй болдог. ДОХ бол ХДХВ-ийн хүнд шат ба 20 гаруй халдвар, хорт хавдрын шинж тэмдэг илэрдэг байна.

Дэлхий даяар 38 сая хүн ХДХВ-тэй

Дэлхий дахинд ДОХ туссан 38 сая хүн бүртгэгдсэн ба тэдний 1,8 сая нь хүүхдүүд. ДОХ туссан хүмүүсийн дийлэнхийг буурай болон хөгжиж буй орны иргэд эзэлдэг аж. Энэ тоо жил бүр 1-2 саяар нэмэгддэг.

ХДХВ-ийн тархалтыг хавсарсан эмийн эмчилгээгээр саармагжуулна

ХДХВ шинээр үүсэхгүй бол хүний биеийн дотоод эсийн амьдрах хугацаа уртасч, дархлаа сайжирдаг. Хавсарсан эмийн эмчилгээ амжилттай болсноор бие дэх вирус багасч, өвчтөн бэлгийн хамтрагчдаа вирус халдаах магадлал буурдаг ажээ.

ХДХВ-ын сорил

ДОХ өвчнийг 2030 он гэхэд бүрэн устгахын тулд ХДХВ-ын сорил өгөх зайлшгүй шаардлагатай юм. Сорилын хамрах хүрээ хязгаарлагдмал байсаар бөгөөд халдвар авсан хүмүүсийн 40% нь сорилд хамрагдсан ба 14 сая гаруй хүн вирусынхээ тархцыг мэдэхгүй яваа ажээ.

1,8 сая хүүхэд ХДХВ-тэй

ХДХВ-ийн халдвартай хүүхдүүд ихэнх нь Африкт амьдардаг ба бүгд эхээсээ халдвар авсан гэх судалгаа бий.

ХДХВ эхээс хүүхдэд халдварлахыг зогсоохыг оролдож байна

Буурай болон хөгжиж буй олон оронд ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Гэвч эхээс хүүхдэд халдварлахыг зогсоох үйл ажиллагаа зарим нэг газар явагдаж эхэлсэн ба 2015 онд Кубад анх удаагаа ХДХВ эхээс хүүхдэд халдахыг зогсоосон гэж ДЭМБ мэдэгджээ.

ХДХВ ба сүрьеэ

2019 онд ХДХВ өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо 750 мянга бол сүрье өвчнөөр 1.4 сая хүн нас баржээ. Сонирхолтой нь сүрьеэ өвчнөөр өнгөрсөн хүмүүсийн 208 мянга нь ХДХВ өвчний халдвартай хавсарсан өвчлөлтэй хэмээн бүртгэгджээ. ДОХ болон сүрьеэ өвчнүүд хамгийн сайн “хоршиж” хүн төрөлхтөний эсрэг аюул тарьсаар байна.

М.Чингүүн

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here