ОХУ өрнөд хилийнхээ дагуу NATO-гийн эсрэг цэргийн 20 шинэ цэг байгуулна

0
54

ОХУ-ын арми сүүлийн үед NATO-ийн зүгээс заналхийлэл мэдрэгдэх нь эрс нэмэгдсэн хэмээгээд өрнөд хилийнхээ дагуу цэргийн 20 шинэ цэг байгуулахаар болжээ.

Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдэгдсэнээр сүүлийн үед Оросын хилийн ойролцоо АНУ-ын бөмбөгдөгч онгоцнууд, NATO-ийн дайны хөлөг онгоцнууд үйл ажиллагаа явуулах нь олширч, гадаад орнууд цэргийн сургуулилалт зохион байгуулах нь нэмэгджээ.

Тиймээс Сергей Шойгу “Дээрх үйлдлүүд олон улсын аюулгүй байдлын тогтолцоог нурааж, Орос орон хариу арга хэмжээ авахаас аргагүйд хүргэж байна. Тиймээс бид энэ оны эцэс гэхэд өрнөд хилийнхээ дагуу цэргийн 20 цэг шинээр байгуулахаар шийдлээ. Түүнчлэн өрнөд хязгаарын нутгууд дахь цэргүүдэд 2000 гаруй шинэ зэвсэг, хэрэглэл нийлүүлэхээр болов” хэмээжээ.

Өнгөрсөн сард Оросын цэргүүд Украины хилийн дагуу бөөгнөрч, олон улсын шүүмжлэлийг хүртсэн билээ. Оросын эрх баригчдын мэдээлснээр дээрх үйл ажиллагаа нь тулааны бэлэн байдал хангах гэнэтийн сургуулилалт байсан гэдэг. Хэдийгээр хил дээр бөөгнөрүүлсэн цэргүүдээ Москва татсан ч дараагийн сургуулилалтад зориулж гэх шалтгаанаар зэвсэг, техник хэрэгслүүдийг хилийн орчимд үлдээсэн юм.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here