Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад бодлого, түүний онцлог 1, 2

0
70

Энэхүү цуврал нийтлэлийг зөвхөн ноён Х.Баттулгад зориулаагүй, түүний халааг авах 6 дахь Ерөнхийлөгчид зориулж бичиж байгааг хүлээн авна уу. Монгол Улсын гадаад бодлого залгамж шинжтэй, зөв эхлэлийг зөв өвлөх гэдэг утгаар дараагийн шинэ Төрийн тэргүүнд хүрэх болтугай!

Оршил үг

Монгол Улс бол ардчилсан тогтолцоотой, парламентын засаглалтай, Ерөнхийлөгчөө бүх ард түмнээрээ сонгодог, ардчилал нь нийгмийн баялаг-баталгаа болчихсон, хүний эрх эрх чөлөөг дээдээлдэг орон билээ. Ийм түүхэн замналаар даруй 31 дэх жилдээ замнаж байна.

Монгол Улс бол нээлттэй улс төрийн тогтолцоо, эрх зүйт төр, хариуцлагатай засаглалыг эрхэмлэдэг, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн гарцыг эрэлхийлдэг, эдийн засагтаа олон тулгуурт бүтэц буй болгох, дэд бүтцэээ хөгжүүлэх, тэгснээрээ ард түмнээ амар жимэр, баялаг хангалуун амьдруулахад хүчин чармайлт тавьж ирсэн улс юм.

Монгол бол мөнхийн хоёр хөрштэйгээ эвсэг найрсаг хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж ирсэн, тэр байр суурь бодлогодоо үнэнч байдаг, бас олон тулгуурт гадаад бодлого хэр чинээндээ явуулдаг, тэр хүрээнд гуравдагч хөршүүдийг ямагт эрэлхийлж, хамтран ажиллахыг зорьж ирсэн улс билээ.

Ийм дэвсгэр дээр Монгол Төрийн тэргүүний гадаад бодлогыг үнэлж дүгнэх ёстой юм. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн гадаад бодлого ямар зам туулж, ямар амжилтад хүрсэн, түүнийг баяжуулж, төгөлдөршүүлж, гадаад харилцааны асар их боломжийг дотоодынхоо хөгжил дэвшилд оновчтой ашиглах нь 5 дахь Ерөнхийлөгчийн гадаад бодлого байх ёстой байсан болов уу.

Тав дахь Ерөнхийлөгч бол 2016 онд УИХ-ын сонгуульд ялагдсан, УИХ-ын гадна (хэрэг дээрээ улс төрийн тогооны гадна) байж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан анхны тохиолдлын Ерөнхийлөгч юм. Тэр утгаар ажил хэргээс холдсон байх болов уу гэтэл сонгогдсон тэр мөчөөсөө гадаад бодлого, гадаад харилцаандаа түүртэлгүй орсон.

Монгол хүний хувийн араншин, сэтгэхүй нь ажил алба, бодлогод ямагт тусгалаа олж ирсэн нийтлэг (Монгол бүх улс төрчид тохиолддог нийтлэг үзэгдэл) дутагдлаас 5 дахь Ерөнхийлөгч тойрч гараагүй нь мэдээж боловч өмнөх 4 дэх Ерөнхийлөгчийн 8 жилийн гадаад бодлогын ололтуудыг шат ахиулсан, олон талтай болгосон, өвөрмөц арга барил гадаад бодлогод хэрэгжүүлэхийг зорьсон алхмууд хийснийг тэмдэглэх нь зөв биз ээ.

Дэлхий дахины цар тахлын эрсдлийн амаргүй жил хагасыг оруулж тооцоод 5 дахь Ерөнхийлөгч нь чамлахааргүй ажлыг гадаад харилцааны салбарт амжуулжээ. 2017-2021 онд 5 дахь Ерөнхийлөгчийн өнгөн дээр гадаадад хийх айлчлал, гадаадаас хүлээж авах дээд өндөр хэмжээний төлөөлөгчдийн тоо харьцангуй бага гарч байна. Тэрээр гадаадад айлчилсан байдал нь ингэж жагсана.

Үүнд 2017 онд Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Унгар, Будапешт), Дорнын эдийн засгийн III чуулга уулзалт (Владивосток); 2018 онд ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хуралдаан (Циндао, БНХАУ), Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалт (Владивосток), Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Азербайжан, Баку), АСЕМ-ын дээд хэмжээний ХII уулзалт (Брюссель), Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт (Женев); 2019 онд БНХАУ-д айлчлaл, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны форумын II уулзалт (Бээжин), Киргизстан-д айлчлaл, ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIX хуралдаан (Бишкек, Киргизстан), АНУ-д айлчлал, Дорнын эдийн засгийн V чуулга уулзалт (Владивосток), БНЭУ-д айлчлал; 2020 онд Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 50 дугаар чуулга уулзалт, Норвегийн Xaант Улсад айлчлал, БНХАУ-д айлчлaл (коронавирүсийн эсрэг “Гучин мянган хонины дипломат” санаачилга) гэсэн жагсаалт гарч байна. Хариуд нь гадаадаас урьж айлчлуулсан нь ганцхан буюу ОХУ-ын Ерөнхийлөгчийг 2019 онд урьж айлчлуулсан дүнтэй байна.

Анхлан АСЕМ-ын дээд хэмжээний ХI уулзалтад (Улаанбаатар, 2016 он) айхтар шүүмжлэлтэй хандаж, түүний санхүүгийн гарлага зарлагыг тооцуулж, Монголын ядууралд ямар нэмэртэй юм гэсэн байдлаар хандаж, Улаанбаатарын уулзалтыг үгүйсгэх хандлагатай байснаа дараагийн ХII уулзалтад (Брюссель) биечлэн очиж оролцсон нь логик талаасаа ойлгомжгүй гэж гадаадынханд төсөөлөгдсөн байж болно. Харин нэг том дэвшил бол ардын дипломатын (жүдо бөх, “Гучин мянган хонь” гэх мэт) аргыг Төрийн гадаад бодлогод овжин хэрэглэж, хоёр хөрш орны удирдагчидтай хэл амаа амархан ойлголцож, Владивостокийн эдийн засгийн форумд гурван жил дараалан оролцож, тэнд олон талт дипломатын бодлого явуулж чадсан явдал юм.

Нэг. Технократ гадаад бодлого

Тав дахь Ерөнхийлөгч хэн байв, ер нь хэн бэ гэдэгт энэ дэд гарчиг онох болов уу. Үүнд олон тайлбар хэрэггүй. Юу гэвэл өнөөдөр Монголд хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлэн, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь болж байна. Харин 5 дахь Ерөнхийлөгч бол бизнес эрхлэгчийн хувьд 1990 оны эдийн засгийн хүнд шилжилтийн үеэс ганзагын худалдаачнаас үйлдвэрийн захирал хүртлэх зам туулах явцдаа Орос, Хятадын бизнес эрхлэгчидтэй нягт хамтарч ажиллаж байсан туршлагатай, бас УИХ-д 3 удаа сонгогдож, Монгол Улсын Засгийн газарт 2 удаа сайдаар томилогдон ажилласан хүн гэдгээс “технократ” гэх тодотгол хийгдэнэ.

Боломжийн хэрээр нэмүү өртөг шингээж технологийн хувьд шинэчлэх, дэлхий сонирхдог хоёр том зах зээл рүүгээ экспорт хийнэ гэсэн хатуу бодолтойгоор тэрээр иржээ. Гадаад харилцааны асар их боломж эдийн засагт тусгалаа олохгүй, ажилгүйдэл ядууралд нэмэр болохгүй байна, Монголын эдийн засаг үхээнц байна гэдэг хатуу шүүмжлэлтэй нөхөр өнгөрсөн 4 жилд Төр тэргүүлснийг нийтээрээ мэднэ.Эдийн засгийн ямар л гарц, боломж байна, түүнийг хайж ажилласан, гадаад бодлогоос үзэл суртлыг (ардчилал, хүний эрх эрх чөлөө гэх мэт) түр холдуулсан тийм бодлогыг явуулжээ.

Эдийн засгийн харилцааг сайжруулах тал дээр бодит алхмууд хийхээр бодлогоо төвлөрүүлсэн. Жишээ нь гааль, худалдааны тариф дээр гадагшаа хандуулж ахиц дэвшил авчрах зорилго тавьсан. Эдийн засгийн бүхий л салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих байр сууриа сулруулаагүй. Манай улсын татварын хувь хэмжээ Ази-Номхон далайн бүс нутгийн бусад орнуудын татварын хувь хэмжээтэй харьцуулахад харьцангуй бага түвшинтэйд тооцогддог, тухайлбал гаалийн татвар 5 хувь, НӨАТ 10 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 болон 25 гэсэн шатлалтайгаар мөрдөгддөг, харин түүний давуу талыг муу ашиглаж байгааг гадаад эдийн засгийн хамтын ажиллагаандаа засч залуурна хэмээн тэрээр ярьсаар ирсэн.

Түүний анхны ярилцлага мэдэгдлүүдэд ийм санаа туссан байв. Юу гэвэл 1990 он хүртэл манай урд хил хаалттай, зөвхөн хойшоо харж хойд хөрштэйгөө харилцдаг байлаа. Гэтэл өнгөрсөн 27 жилийн (2017 оны байдлаар) хугацаанд хойд хөрштэйгээ бараг эдийн засгийн харилцаагүй болчихсон. Урагшаагаа хэт хэлбийчихсэн байна. Үүнийг засч залруулна. Гэхдээ тэнцвэртэй харилцаа тогтоох гэж байна гээд Хятадтай харилцаагаа хязгаарлаад, Оросоо дэмжээд явна гэсэн үг биш. Мэдээж Хятадтай тогтоосон харилцаагаа цаашид ч өргөжүүлнэ. Харин Оростой тогтоосон харилцааг тэр хэмжээнд хүртэл хурдтай авчрах зорилт тавина. Ерөнхийлөгч бивээр бизнесийн салбараас гаралтай хүн болохоор аливаа арилжаа наймаа нэг талдаа ашигтай биш, хоёр талдаа харилцан ашигтай байснаар илүү урт хугацаанд тогтвортой хөгжинө гэсэн байр суурьтай гэх мэт.

Ерөнхийлөгчийн анхаарсан хамгийн гол асуудал бол манай экспортын бүтээгдэхүүний асуудал юм. Хуучин Сибирийн зах зээл Монголынх байсан. Гэтэл өнөөдөр мах, ноос, ноосон бүтээгдэхүүн, арьс ширээ гаргаж чадахгүй байна. Үүнийг хоёр тал хэрхэн шийдэх гарцыг ОХУ-тай нухацтай ярилцахыг зорьсон. Тэгснээрээ Монгол-Оросын харилцааг шинэ шатанд гаргана гэсэн зорилт тавьсан. Тэр нь ч Монгол, Оросын харилцааны хэтийн чиг хандлагыг тодорхойлно гэж үзсэн. Чухам хэр амжилтад хүрсэн эсэхийг монголчууд нийтээрээ мэдэх тул энд дүгнэлт өгөхгүй. Гэхдээ хөдөлгөсөн, хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэл тогтоолгож чадсан.

Технократ гадаад бодлогынх нь сонгодог жишээ нь АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцэх “Гуравдагч хөршийн худалдааны хууль” байлаа. Хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Ерөнхийлөгч дараахи хэвлэлийн мэдээг түгээсэн. Үүнд АНУ-ын 117 дугаар Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүрэн дэмжиж, Конгресс дахь Монголын бүлгийн дарга Дайна Тайтус, Дон Яанг нарт талархал илэрхийлж байна.

Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох боломжийг нээж өгөх юм. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 12 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох боломжийг олгох тал дээр дэмжлэг хүссэн билээ.

Ийнхүү Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг АНУ-ын 115 дугаар Конгресст 2018 онд, 116 дугаар Конгресст 2019 онд өргөн барьжээ. Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 7 дугаар сард АНУ-д хийсэн айлчлалын үеэр бүхий л түвшинд хэлэлцсэн онцлох сэдвүүдийн нэг байв. Хуулийн төсөл батлагдсанаар хоёр улсын худалдааны эргэлт, Монгол Улсын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, иргэдийн тогтвортой орлогын баталгаа хангагдах зэрэг ач холбогдолтой. Тухайлбал оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт эхний ээлжинд 30 мянга гаруй ажлын байрыг шууд бий болгоно гэсэн тооцоо, судалгаа гарсан. Түүнчлэн уг хуулийн төсөл нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг бэхжүүлэх, Монгол Улс-АНУ-ын хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бататгахад онцгой ач холбогдолтой билээ гэжээ.

Хоёр. Монгол ба Орос

ОХУ-тай харилцах бизнесийн чиглэлийг 5 дахь Ерөнхийлөгч эрхэмлэсэн боловч санасан үр дүндээ тэр бүр хүрсэнгүй. Цар тахал ч нөлөөллөө, бас Орос орон өөрөө олон талын хавчлага, санкц, геополитикийн амбицтаа хөтлөгдөөд Монголыг тэтгэх манатай байлаа.

Монгол-Оросын харилцааны салбаруудыг шинээр томьёолох, тэгснээрээ шинэ гарц боломжийг хайх талаар 5 дахь Ерөнхийлөгч ихээхэн өөдрөг үзэл бодолтой нэгэн болохоо алхам тутамдаа илэрхийлж явсан. Үүнд буруу юм байхгүй.

Хамтын ажиллагааны гол салбар бол тэр үед, мөн одоогоор нэгдүгээрт батлан хамгаалах салбар байна. Монголын армийн зэвсэг техникийн 95 хувь нь Орост үйлдвэрлэгдсэн нь батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаа хэр байгааг илэрхийлнэ.  Хоёрдугаар салбар нь хөдөө аж ахуйн салбар. СССР-ийн үед манай улс Зөвлөлтөд үйлдвэрлэсэн ХАА-н техник маш өргөн хэрэглэдэг байсан. Өнөөдөр ийм техник цөөрсөн учраас хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Манай хоёр орон байгаль цаг уурын төстэй нөхцөлд оршдог. Бид монгол малын махыг Эрхүү мужид экспортлох талаар ярьж байна.

Хамтын ажиллагааны гурав дахь салбар бол дэд бүтэц, тээврийн салбар юм. УБТЗ бол Орос-Монголын хамтарсан хөтөлбөрүүдийг өөрчилсний дараа үлдэж хоцорсон ганц төсөл нь. Оросын талтай 50:50 хувийн оролцоотой энэ төслийг өргөжүүлэхэд онцгой анхаарах болно. Эрдэнэт үйлдвэрийн Оросын эзэмшлийн 49 хувь зарагдсан шиг ноцтой асуудал УБТЗ дээр бүү гараасай гэж хүсч байна. Уул уурхайн хэд хэдэн лиценз эзэмшдэг “Монголросцвет” компани бий.

Өнөөдөр асар их өртэй байгаа энэ компанийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд анхаарах хэрэгтэй. Хамтын ажиллагааны дөрөв дэх салбар бол аялал жуулчлал байх болов уу. Монгол бол үзэсгэлэнт сайхан байгалиараа давтагдашгүй орон. Оросын жуулчдыг Монголд ирэхийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Аялал жуулчлал гэдэг бол чанартай үйлчилгээ, сайн удирдлага, зохицуулалт шаарддаг өвөрмөц салбар. Ирэх жил бид шинэ нисэх буудлаа нээнэ.

Энэ бол аялал жуулчлалын салбарт, ялангуяа оросын жуулчдыг татахад том түлхэц болно. Оросын жуулчид өнөөдөр Монголд цөөн ирж байна. Үндсэндээ Сибирийн бүсээс л цөөн жуулчин автобусаар ирж амарч байна. Бид ОХУ-ын Буриадын аяллын товчоодтой Япон, БНСУ-ын жуулчдыг Буриад, Монгол Улс, Өвөрмонголд, өөрөөр хэлбэл “гурван Монгол”-оор аялуулдаг аялал жуулчлалын тойрог бий болгох талаар санал солилцсон. Хөшигтийн хөндийн нисэх буудал ашиглалтад орчихвол бид Москва, Санкт-Петербургээс ч жуулчид авах боломжтой хэмээн үзэж байна гэхчлэн ноён Х.Баттулга ярьсан, хэлсэн, санал бодлоо илэрхийлсэн. 

Хөшигтийн хөндийн нисэх буудал ашиглалтад орчихвол бид Москва, Санкт-Петербургээс ч жуулчид авах боломжтой.

“Эрдэнэт” үйлдвэрийг тухайн үеийн СССР-тэй хамтран байгуулж, Монголд зэс баяжуулах үйлдвэр барьж ажиллуулсан нь одоо хүртэл Монголын эдийн засагт ашиг тусаа өгсөөр байна. Үүнтэй адилхнаар Монголын говьд, Дорноговь аймгийн төв Сайншандад Эрдэнэттэй тэнцэхүйц аж ахуй байгуулахыг зорьж ажиллана. Үүнд ямар бодлого төлөвлөж байна вэ? Уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортолдог биш, тодорхой хэмжээгээр боловсруулдаг арвин туршлагаа Эрдэнэтээр жишээлж тийм боловсруулах үйлдвэрээ Сайншандад барьж байгуулна гэсэн үг юм.

Монгол нь гадаадын хөрөнгө оруулалт татах сонирхолтой бөгөөд үүнийг нэг тэргүүлэх чиглэл бол төмөр зам. Энэ салбарт “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) хэмээх Монгол-Оросын 50:50 хувийн оролцоотой хувь нийлүүлсэн компани ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэчлэн Монгол-Оросын уламжлалт хувь нийлүүлсэн компаниудыг тууштай дэмжиж ажиллана – Энэ бас л түүний үзэл бодол. 

ОХУ-ын Алс Дорнодын “Восточный” боомтод Монголын нүүрсийг Зүүн Азид нийлүүлэх боломж байна. Монголоос Таван толгойн сайн чанарын нүүрсийг төмөр замаар тэнд дамжуулж борлуулах боломж байна. Дэлхийн үнэ рүү ойртуулах боломж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг далайд гаргахын тулд дэд бүтэц хэрэгтэй. 5000 орчим км төмөр зам бүтээн байгуулах төсөл УИХ-аар 2010 онд оруулж батлуулсан. Үүний Тавантолгойгоос Сайншанд хүртэлх эхний хэсгийн 458 км төмөр замын ажлыг ирэх жилээс эхлүүлэхийг зорино. Энэ 5000 км төмөр зам дээр хөндлөн буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон 3 транзит тээврийн төсөл хэрэгжүүлж болно. Үүн дээр дэд бүтэц гэсэн том төсөл буй. Энэ төслийг хоёр хөрштэйгээ хамтарч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна – Ерөнхийлөгчийн 2017 оны мэдэгдлээс.

Монгол-Оросын худалдааг ч тэрээр орвонгоор нь эргүүлэх бодолтой байсан. Бас ишилэе. 2017 оны эхний 7 сарын байдлаар Монгол Улс, ОХУ-ын худалдааны эргэлт 705.3 сая ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46.8 хувь өссөн дүнтэй байна. Үүний дотор ОХУ-д гаргасан манай экспорт 33.4 сая ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувь, ОХУ-аас импортолсон бараа, бүтээгдэхүүн 671. 9 сая ам.доллар буюу 49. 5 хувиар тус тус өссөн байна. Ийнхүү өсөхөд хил орчмын бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцаа их үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр өссөн дүн харагдаж байгаа ч 4000 орчим км хуурай газраар хиллэдэг хоёр орны хувьд бас чамлалттай.  Үүнийг өргөжүүлж, бүс нутаг хоорондын харилцааг дэмжиж ажиллах болно–Түүний амлалт.

ОХУ-ын хил орчмын Холбооны субъекттай харилцаж, хамтран ажиллах нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Бүс нутгийн харилцаа хамтын ажиллагааг бид шинэ өндөрлөгт гаргах ёстой. Чөлөөт худалдааны бүс байгуулах, Байгаль нуурын талаар хамтран ажиллах, Эгийн гол дээр усан цахилгаан станц барих төсөл гэхчлэн. Манай бүс нутгийн хооронд харилцан ойлголцох явдал дутмаг байгааг засч залруулна.   ОХУ-тай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгахын тулд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлсэн. Ойрын үед Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд манай саналыг хүлээн авч нааштай шийдвэр гаргана гэдэгт найдаж байна гэх мэтээр ярьж хэлж байв.

Монгол-Оросын хоорондын худалдаа-эдийн засгийн харилцаанд эргэлт гаргахын үндсийн үндэс нь улс төрийн итгэлцэл гэдэг дээр ноён Х.Баттулга бат зогсож байв. Үүндээ хүрэх бүх гарц хувилбарыг тэрээр эрэлхийлж ажилласан. ОХУ-тай стратегийн иж бүрэн түншлэлээ 2019 онд Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээгээр гарын үсэг зурж баталгаажууллаа. Монгол-Оросын харилцаанд Владивостокт зохиогддог Дорнын эдийн засгийн форум онцгой ач холбогдолтой хэмээн үзсэн нь 5 дахь Ерөнхийлөгчийн гадаад бодлогын нэг онцлог байв. Учир нь Дорнын эдийн засгийн форумын хүндэт талбарыг ашиглан Монгол Улс, ОХУ хоорондын худалдаа-эдийн засгийн харилцааг сэргээн өргөжүүлж, хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлнэ, Монгол, Оросын үйлдвэрлэгчид, экспортлогчид, бизнес эрхлэгчдийг холбож, тэдний үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг сурталчилна, тэднийг холбох чухал гүүр бол Дорнын эдийн засгийн форум байх болно гэж үзсэн. Мөн гуравдагч хөршийн бодлогын тухайд энэ бодлогыг орхигдуулахгүй, эрчимжүүлэх ёстой бөгөөд энэ утгаараа Владивостокт Дорнын эдийн засгийн форумын үеэр Японы Ерөнхий сайд болон БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж байв. Монгол Улс аж үйлдвэрээ хөгжүүлэхэд тэргүүний технологи хэрэгтэй. Банк, санхүүгийн салбарт цаашдаа ч санхүүжилт хэрэгтэй. Үүнд гурав дахь хөршийн үүрэг оролцоо чухал гэдгээр хандсан.

Гурав. Монгол ба Хятад

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ноён Х.Баттулга 2017 онд сонгогдохдоо “Монгол ялна” гэсэн уриа дэвшүүлж, үндсэрхэг үзлийн хандлага гаргаж, тэр нь ч өмнөд хөршид гэнэтийн сюрприз болж, хоёр талын харилцаанд сүүдэрлэж эхэлсэн. Оросын тал баримтлагч, Орос руу түлхүү ажиллах хандлагатай, тиймээс Монгол-Хятадын харилцаа Х.Баттулгын өнгөн дээр урагшлахгүй юм байна гэх шахуу хардлага Хятадын талаас цухалзаж байв. Харин энэ хардлагыг ноён Х.Баттулга эерүүлж ажиллаж чадсан.

Тэрээр 2019, 2020 онд БНХАУ-д айлчилж, дээд өндөр түвшний айлчлалын давтамжийг илтгэж,  “Гучин мянган хонь”-ны дипломат ажиллагаагаараа харилцаанд цоо шинэ эрүүл уур амьсгал оруулав.

Эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг, хоёр хөршийнхөө дунд бид арал шиг үлдэж болохгүй хэмээн ноён Х.Баттулга үздэг, тэр хэрээрээ хоёр хөрштэй явуулах бодлогоо олж харахыг хичээсэн. 2019 онд БНХАУ-д төрийн айлчлал хийсний сацуу “Нэг бүс–Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумд оролцсон. Энэхүү айлчлал нь Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тэмдэглэх үед тохиосноороо бүр ч онцлог үйл явдал болжээ. Мөн “Нэг бүс–Нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтад Монголын талын илүү гүн гүнзгий, бүх талын оролцоог нэмэгдүүлэх боломж, сэтгэл зүйн бэлтгэлийг Ерөнхийлөгч Х.Баттулга бодолцсон.

2019 оны айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Cи Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг иж бүрэн утгаар шинэчилж, худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдал гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа илэрхийлсний хамт Монголын зүгээс дэвшүүлсэн ажил эрэгч саналуудыг хамтран хэрэгжүүлэхийн төлөө дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Ийм чухал мэдэгдлийг олзуурхан хүлээн авч, ажил хэрэг болгоход манай талаас шалтгаалсан бэрхшээл, мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал нөлөөлсөн нь мэдээж.

Технократ үзэлтэн Х.Баттулга Монгол-Хятадын харилцааны эмзэг талыг гярхай олж харан,  өмнөд хөршийн асар их боломжийг монголчууд ашиглаж чадахгүй явж ирснийг байнга шүүмжлэн хэлдэг.

Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ажлыг манай тал санаачилж, 2016 онд гурван тал гарын үсэг зурсан боловч хэрэгжилт сайнгүй байна.

Түүний хэлснээс ишилье:–Манай улс урд хөрштэйгөө 4700 орчим км хиллэдэг. Улаанбаатар хотоос зүүн хязгаар хүртэл 1000 орчим км. Харин баруун хягзаар хүртэл 1500 орчим км. Баруун, зүүн хязгаарын алслагдсан бүсэд байгаа иргэд Улаанбаатарт бараа таваар авчрах дэд бүтэц, тээврийн боломж байхгүй. Энэ тухайгаа Хятадын талд хэлсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд нь ч Увс аймагт очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Тиймээс үүнийг ойрын үед шийдэх байх. Үүнийг уулзахаараа л санаж ярьдаг биш, хоёр улсын Гадаад харилцааны сайд нар тогтмол уулзаж, ярилцаж, шийдвэрлэх чиглэлд түргэвчлүүлэхээр санал нэгдлээ. Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой хугацаагаар гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх тухай л яриад байгаа гэсэн үг л дээ.

Энэ бол өмнөд хөршийн талаар явуулах түүний технократ, прагматик бодлогынх нь илэрхийлэл болох ганц жишээ.

Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах ажлыг манай тал санаачилж, 2016 онд гурван тал гарын үсэг зурсан боловч хэрэгжилт сайнгүй байна. Мэдээж энэ нь олон шалтгаантай. Ерөнхийлөгчөөс шалтгаалсан зүйл байхгүй. Эдийн засгийн коридор гэдэг бол “Бүс ба зам” төслийн нэг хэсэг, коридорын хүрээнд 32 төсөл хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж тодорхойлсон. Голдуу Монголын нутгаар дайраад Орос Хятадыг холбосон дэд бүтцийн төслүүд. Эндээс алийг нь эхэлж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр шийдвэр гаргах цаг үе нь тулчихаад яваад л байна. Үүнд Ерөнхийлөгчөөс гадна УИХ, Засгийн газар, цаашлаад нийт монголчууд нэгдсэн санаа зорилго, бодлоготойгоор ажиллах нь л үлдлээ.

Энд хэргээр тэмдэглэх нэг алхмыг нь дурдах нь зөв. Юу гэвэл 2019 онд БНХАУ-д цар тахал дэгдсэнээс хойш айлчилсан гадаадын орны анхны төрийн тэргүүн нь болж, 30 мянган хонь хандивлах санал тавьсан явдал болно. Энэ бол БНХАУ-д хийсэн түүний албан ёсны айлчлал. Тэрбээр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзахдаа БНХАУ Covid19-тэй тэмцэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж, Монголын ард түмнээс 30 мянган хонь хандивлажээ.  Хандив өргөх үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгч  “Цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна,  Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж, БНХАУ-ын талд хандивласан. 

Мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм” гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүсжээ.  Энэ үйл явдлыг Хятадын хэвлэл, телевизүүд “Үнэхээр гайхалтай үйл явдал болж байна” хэмээн тэр өдрүүдэд онцолж, хожим энэ талаар дуу, уран бүтээл төрж, хятад хүмүүсийн зүрх тархинд санаандгүй тохиолдлоор хүргэсэн ардын дипломатын, “зөөлөн хүч”-ний томхон бодлого болж мөнхөрчээ. 

Дөрөв. Гурвалсан харилцаа

Манай аль ч Ерөнхийлөгчийн өнгөн дээр хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байж ирсэн, байгаа. Энэ бодлого амжилттай хэрэгжиж, хөршүүдтэй хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Үүнд халаагаа өгөх гэж  буй 5 дахь Ерөнхийлөгчийн хувь нэмэр гэж бий.

Үргэлжлэл бий

Д.Баярхүү /baabar.mn/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here