Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил: Орчин үеийн Монголын уран зохиолыг үндэслэгч
Ердөө 31 жил насалсан ч Монголын уран зохиол, урлагт мөнхийн өв үлдээсэн зохиолчийн амьдрал.
11 сарын 17-нд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиолоо.
Хүүхэд нас
Д.Нацагдорж 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны Гүн галуутын Мэлзэй гэдэг газар буюу одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт тайж угсааны гэр бүлд мэндэлжээ. Бага балчир ахуйдаа өвчин эмгэг ихтэй байсан тэрбээр номоос тайтгарал олдог байсан гэдэг. 1911 онд Чин улс задарч Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээснээр урлаг, соёл, бичиг үсгийн шинэчлэл эхэлсэн бөгөөд Нацагдорж энэ өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэх хувь тавилантай байв.
Төрийн албанаас уран зохиол руу
- 1918 оноос Цэргийн яаманд бичээч хийж төрийн албанд оржээ.
- 1921 оны ардын хувьсгал ялсны дараа жанжин Д.Сүхбаатарын хувийн нарийн бичгийн дарга болсон.
- 1922 оны 8 сараас Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын туслах, дараа нь нарийн бичгийн даргаар ажиллаж, нам, төрийн олон албан тушаал хашсан.
- 1925–1926 онд Ленинградад цэрэг-улс төрийн академид, 1926–1929 онд Германы Берлин, Лейпциг хотод хэл, сэтгүүл зүй, дорно дахин судлалаар суралцсан.
Тэрбээр монгол хэл, бичгээ гаргууд эзэмшсэнээс гадна манж, хятад, орос, герман, англи хэлийг өндөр түвшинд сурчээ.
Богинохон ч гэрэлт амьдрал
Цаг үеийн хүнд хэцүү байдалд орж, амьдралдаа олон бэрхшээл туулсан ч Нацагдорж ердөө 31 жил насалсан богинохон хугацаандаа асар их бүтээл туурвисан бөгөөд түүний бүтээлүүд өнөөг хүртэл Монголын урлаг, уран зохиолыг баяжуулсаар байна. Түүний «Хуучин хүү» өгүүллэгийг америкийн монгол судлаач Хенри Шварц англи хэлнээ орчуулсан нь гадаадын уншигчдад монгол уран зохиолыг таниулахад хувь нэмэр оруулжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ