АИ-92 бензиний үнийг литр тутамд 1,000 төгрөг хүртэл бууруулна
Засгийн газар шатахууны жижиглэнгийн үнийг хилийн импортын үнэтэй уялдуулан бууруулж, 2027 оны барилгын ажилд зориулж нөөц бүрдүүлнэ.
Засгийн газар «Шатахууны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай» тогтоол баталж, Евро-3 болон түүнээс дээш стандартын АИ-92 бензиний жижиглэнгийн үнийг литр тутамд 1,000 төгрөг хүртэл бууруулахаар шийдвэрлэлээ.
Хэрхэн бууруулах вэ
Үнийг шатахуун түгээгч компаниудтай хамтран, хилийн импортын үнэтэй уялдуулан бууруулах бөгөөд шаардагдах санхүүжилтийг батлагдсан төсвийн хүрээнд шийднэ. Тогтоолд хэдий хэмжээгээр, хэзээнээс буурахыг тодорхой зааж мэдээлээгүй тул бодит үнэ шатахуун түгээх станцуудад хэрхэн өөрчлөгдөхийг ажиглах хэрэгтэй.
Нөөц бүрдүүлнэ
Мөн 2027 оны барилгын ажилд шатахууны хангамжийг баталгаажуулах, бэлэн байдлыг сайжруулж, хомсдлоос сэргийлэх зорилгоор нөөц бүрдүүлэхээр болсон. Холбогдох албаныханд хөнгөлөлттэй зээл болон бусад эх үүсвэрээр санхүүжилт олох арга хэмжээ авахыг даалгажээ.
Яагаад чухал вэ
10 сарын инфляц 13.4 хувьд хүрч, сарын үнийн өсөлтийн гол хөдөлгөгч нь тээврийн үнэ байсан. Мөн сүүлийн саруудад шатахууны хомсдол давтагдаж, 11 сард Засгийн газар ердийн хэрэглээнээс илүү буюу 92 мянган тонн шатахуун захиалж байсан. Бензиний үнэ буурах нь тээврийн зардал, улмаар бусад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх боломжтой.