Нөмрөгийн 80 хувь түймэрт өртжээ: Зэрлэг амьтдад 629 сая төгрөгийн тэжээл гаргана

Түймэрт өртөөгүй хэсэгт ан амьтан бөөгнөрч, өвөлжилтөд хүнсний хомсдолд орох эрсдэлтэй байна.

Share
Нөмрөгийн 80 хувь түймэрт өртжээ: Зэрлэг амьтдад 629 сая төгрөгийн тэжээл гаргана

Дорнод аймгийн Халхгол суманд орших Нөмрөгийн дархан цаазат газарт 10 сарын 8-нд гарсан түймрийн хор хөнөөлийн тоо баримт тодорхой болж эхэллээ.

Хохирлын урьдчилсан дүн

  • Нийт 468,965.7 га буюу дархан газрын 80 орчим хувь түймэрт өртсөн;
  • Үүнээс 24,000 орчим га ойд хохирол учирсан;
  • Нарийн голын орчим, Бичигт уулын өмнөд хэсэг, Хавирга уулын өмнөд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ.

Ан амьтан хүнсний хомсдолд орох эрсдэлтэй

Биологичдын тогтоосноор түймэрт өртөөгүй хэсэгт зэрлэг амьтдын нягтрал ердийнхөөс өндөр болсон байна. 2018, 2022 оны тооллогоор энэ нутаг болон хамгаалалтын бүсэд 3,000 гаруй халиун буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс амьдардаг гэж тооцогдсон. Иймд Засгийн газар 11 сарын 4-ний хуралдаанаараа Нөмрөгт өвс тэжээл хүргэх шийдвэр гаргаж, нөөц сангаас 629 сая төгрөг гаргажээ.

Эрдэмтэд нарийвчилсан үнэлгээ хийж байна

50 орчим эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн нисдэг тэргээр хүрэхэд бэрх газруудад хүрч хээрийн судалгаа, дээж цуглуулалтаа хугацаанаас нь өмнө дуусгасан. Одоо дээжийг лабораторид шинжилж, ургамлын үндэс, хөрсний органик бодис шатсан эсэх, хөрсний шинж чанар хэрхэн өөрчлөгдсөнийг тогтооно. Мөн Ботаникийн цэцэрлэгийн 2024, 2025 онд авсан биомассын дээжтэй харьцуулж, тал хээрийн экосистемд учирсан хохирлыг үнэлэх аж. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээлснээр Нөмрөгийн алслагдсан хэсэгт ийм цар хүрээтэй судалгаа анх удаа хийгдэж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ, МОНЦАМЭ

Read more

COP31 эцсийн өдөртөө: чулуужсан түлшний тухай заалт төслөөс хасагдлаа, Монгол нүүрстөрөгчийн зах зээлийн бодлогоо танилцуулав

COP31 эцсийн өдөртөө: Чулуужсан түлшний тухай заалт төслөөс хасагдлаа, Монгол нүүрстөрөгчийн зах зээлийн бодлогоо танилцуулав

Туркийн Анталья хотод болж буй НҮБ-ын уур амьсгалын бага хурал санхүүжилт, чулуужсан түлшний асуудлаар гацсан хэвээр 11 сарын 20-нд өндөрлөнө.