Б.Бейсен: Гишүүдийг намаас хасах шийдвэр гарсныг мэдээгүй

0
40

Намын эсрэг ажилласан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Ардчилсан намаас хөөжээ. Тодруулбал УИХ дахь АН-ын  бүлгийн дарга Д.Ганбат намын үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан учир дүрмийн дагуу Ц.Туваан гишүүнийг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах, сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа талаар мэдэгдлээ.

Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бүлэгт зөвхөн тухайн нам эвслээс албан ёсоор нэр дэвшсэн, сонгогдсон гишүүд орно” гэж зохицуулсан байдаг. Иймд УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүд болох Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын хурал болон бие даан гаргах шийдвэрт оролцох боломжгүй гэлээ.

Харин уг шийдвэрийн талаар АН-ын бүлгийн гишүүд болох Б.Пүрэвдорж, Б.Бейсен нар мэдээгүй гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Манай нам хувь хүний эрх, эрх чөлөөг хангадаг. Намаас хөөх үйл ажиллагааг би маш их эсэргүүцдэг, үзэн яддаг, дургүйцдэг. Намаас хөөнө гэдэг бол байж боломгүй асуудал. Мэдээж улстөрийн идэвхгүй үйл ажиллагаанд оруулж болно. Гэхдээ намаас хөөх ямар ч шаардлагагүй. АН-ын нэр дээр ард түмнээс сонгогдсон гишүүнийг намаас хөөх асуудал байхгүй. Гишүүдийг намаас хөөж байгаа талаарх асуудлыг огт сонссогүй, мэдээгүй.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Тийм шийдвэр гарсныг мэдээгүй. Бүлгийн хуралдаанаар яригдсан ч эцэслэн шийдвэрлэгдээгүй. Бид мэдээгүй шүү дээ.

Энэ талаар АН-ын дарга Н.Тулгат: УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд Үндсэн дүрмийн хорооны наймдугаар сарын сүүлийн хуралдаанаар намын гишүүдээс ирсэн гомдлын дагуу авч хэлэлцээд намын дүрэм, сахилагын санкцын дагуу намын гишүүнээс хасах нь зүйтэй гэдэг тогтоол гаргасан байдаг. Үндсэн дүрмийн хороо намын удирдлагаас тусдаа үйл ажиллагаа явуулах ёстой, нам доторх шүүхийн байгууллага шиг байгууллага. Намаас хүн хөөх нь зохимжгүй ч намын дүрэмд байгаа болохоор дүрмийн дагуу явж байгаа юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here