Ц.Туваан: Үрийг нутагшуулах нь байг, авсан ургацаасаа үр нөөцөлж авсан уу

0
30

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.10.13) боллоо. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Таримал ургамлын үр сортын тухай хууль хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт маш чухал хууль. Засгийн газраас хуулийн төслийн шинэчлэсэн найруулгыг оруулахдаа том өөрчлөлт хийх зорилго тавьсан байх. Энэ зорилго хэр хангагдсан бэ. Гаднаас үр авахгүйгээр өөрсдөө дотооддоо өндөр ашиг шимтэй үрийн нөөцөө бүрдүүлэх зорилго биелэх боломж бүрдсэн үү.

Орон нутгаар яваад тариаланчидтай уулзахаар асуудал их байна. Хууль шинэчлэгдэхээр санхүүтэй холбоотой асуудлаа зохицуулж чадсан уу. Урамшуулал төрөлжсөн аж ахуйн нэгж агуулах сав гээд асуудлаа зохицуулсан уу. Нөөц ярихаар салбар яам нь хариуцдаггүй байх жишээтэй. Улаанбуудай стратегийн хүнс учраас нөөц бүрдүүлэхэд Засгийн газар ажиллаж эхэлмээр байна. Борлуулалтад анхаарахгүй бол тариаланчид борлуулалтгүй болсон. Борлуулалтгүй учраас тариаланчид өр зээлийн хүндрэлд ороод байна.

Үрээ идэхээр үнээгээ ид гэдэг. Өнгөрсөн жил үр дутагдалтай гээд ОХУ-аас супер элит, элит үр авчирж тарьсан. Тэр үрийг нутагшуулах нь байг, авсан ургацаасаа үр нөөцөлж авсан уу. Өндөр үнэтэй үр оруулж ирж тарьчихаад шууд хэрэглээд байгааг уг нь энэ хуулиар зохицуулсан. Дотоодын үр үйлдвэрлэлийн компаниа тусад нь гаргаад хүрээлэнгүүдтэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй.

Цаашид үрээ гаднаас оруулж ирэх юм уу. Хуулийнхаа үндсэн концепцоос тэс зөрөөд байгаа юм биш үү. Нутагшсан үрээр таривал ургацын хэмжээ 25-50 дахин нэмэгдэнэ гэж байсан. Гэтэл энэ заалтад баталгаажаагүй үрээр тарихаар байна. Завсрын шилжилтийн юм ярьж байгаа юм уу” гэв.

ХХААХҮ-ийн сайд С.Мэндсайхан “Хуулинд бид баталгаажсан үр арилжихыг зөвшөөрчхөөр нөгөө хоёр үр нь арилжаалагдахгүй болчхоод байна. Харин стандартын шаардлага хангасан гэдгээр нь гурвууланг нь багтаая гэж ярьсан” хэмээн тайлбар өгөв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here