Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй

0
45

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулан мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ноён Ли Көчяньтай цахим уулзалт хийсэн. Хоёр улсын худалдаа эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилтын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, нүүрсний экспортыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

Гашуунсухайт боомтод саатсан нүүрсийг нэн яаралтай татан авах талаар харилцан тохиролцож, ойрын хугацаанд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахаар боллоо. Түүнчлэн Тяньжин боомтод гацаад байгаа чингэлгүүдийг өвлөөс өмнө татан авах талаар тохиролцоонд хүрсэн. Хилийн боомтын нэвтрэн өнгөрөх процессын асуудалд хоёр улсын Ерөнхий сайдын түвшинд буюу өндөр ач холбогдол өгч ажиллаж байна” гэдгийг танилцуулав.

Үргэлжлүүлэн “БНХАУ-н талаас худалдаад авчихсан нүүрс хилийн наана гацсан байгаа. Тиймээс үүнийг нэн түрүүнд гаргаж өгөх асуудлыг бид БНХАУ-ын талд тавьж байна. Тиймээс чингэлэг тээврийн терминалыг байгуулсан. Аль болох харилцан хүний контакт үүсгэхгүй байдлаар боомтуудын экспортыг зохион байгуулахаар дээд хэмжээнд ярилцсан. Одоо дунд, доод шатандаа хэрэгжүүлээд явах хэрэгтэй.

Чингэлэг терминалын бүтээн байгуулалтын ажил дууссан. Түр журмаар ажиллах журам, дүрмээ гаргачихаад БНХАУ-ын талаар хариу хүлээж байна. 

Харилцан гадаад худалдаагаа хүндэтгэх үүднээс эхний ээлжинд БНХАУ-аас худалдаад авчихсан нүүрсийг гаргах бөгөөд энэ жилийн хувьд экспортын төлөвлөгөөн дээр томоохон цохилт авна. Энэ бол зайлшгүй нүүр тулах хүндрэл болчхоод байна.

Хилийн солбилцлын цэгийн асуудлыг шийдвэрлэсэн. Нарийн царигийг оруулж ирнэ. Бид өргөн царигаа хилтэй тулгаад ачаагаа шилжүүлээд явна гэдгээ олон жилийн өмнө тохиролцчихсон. Ирэх оны долдугаар сард төмөр замын бүтээн байгуулалт дуусна. Монголын талд ачиж шилжүүлэх терминал байгуулагдана” гэдгийг хэллээ.

Мөн тэрээр НӨАТ-ын тухай асуудалд “Буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй. НӨАТ-ын буцаан олголтын 10 хувийг өөрчлөх төлөвлөгөө ойрын хугацаанд байхгүй. Ойрын жилүүдэд буцаан олголт өнөөдрийнхөөр хэвийн үргэлжилнэ. Өөрчлөлт орохгүй гэсэн үг.

НӨАТ бол олон улсын сонгодог татварын хэлбэр. Дэлхийн 168 улсад байдаг татвар. Манайх хувь хэмжээгээрээ багадаа буюу 130-д ордог. Тэгэхээр энэ хувь хэмжээг багасгах гэхээс илүүтэй НӨАТ-ын татвар төлөлтийн сууриа сайжруулж, цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here