Н.Тавинбэх: I, X хорооллын айлууд 25-30 жил дулааны эрчим хүчээр тасалдахааргүй боллоо

0
25

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-өөр хийгдэж буй дөрвөн багц ажлын дулааны VIII магистралийн шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явцтай танилцлаа.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг төслийн хүрээнд X хорооллоос – Сүлжмэлийн үйлдвэр хүртэл 2.8 км шугам угсралтын ажил бүрэн дууссан төдийгүй үлдсэн 300 метрийн шугамын дулаалга болон нөхөн сэргээлтийн ажлыг 10 хоногийн хугацаанд багтан дуусгах юм. “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр төслийн барилга угсралтын ажилд ашиглагдах ган хоолой болон бусад үндсэн тоноглолуудын нийлүүлэлт хил дээр саатсан хэдий ч шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүллээ. Ингэснээр тус шугамын дагуух I, X хорооллын бүх хэрэглэгчдийг хэрэглээний халуун ус болон дулаанаар хангаад байна.

Сайд Н.Тавинбэх “Олон жил яригдсан төв магистраль шугамуудыг өргөтгөх, шинэчлэх ажлыг энэ жил эхлүүлж чадсан. Эхний ээлжид Х хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэл шугамыг бүрэн шинэчиллээ. Цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, хөрөнгө оруулалтын хүндрэлтэй үед гүйцэтгэгч компани ажлаа амжилттай дуусгаж байна. Энэ шугамын ашиглалтын хугацаа дууссан төдийгүй өнгөрсөн оны өвлийн их ачааллын үед долоон удаа гэмтэл гарсан. Шинэчилснээр ган хоолойн ашиглалтын хугацаа 25-30 жил байдаг. Энэ хугацаанд хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр доголдолгүй хангах юм. Тасралтгүй, найдвартай ажиллагаа хангагдаж байгаагаас гадна шинээр хэрэглэгч холбох боломжтой болж байна” гэдгийг онцоллоо.

Уг төсөл нь төвлөрсөн дулаан хангамжийн системд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа хийгдэж байгаа гаднын томоохон хөрөнгө оруулалт бөгөөд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас манай улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаа анхны төсөл гэдгээрээ онцлог юм.Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл хэрэгжсэнээр Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны үндэсний хөтөлбөр /2018-2023/, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжууд, бага, дунд чадлын халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох техникийн боломжийг бүрдүүлэх бөгөөд дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж үр ашгийг дээшлүүлэх юм.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here