Б.Пүрэвдорж: С.Эрдэнэ дарга тамга барьчихсан эв нэгдлийг эсэргүүцэж байгаа тал бий

0
29

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагын хэсгээс онцлон хүргэж байна.

Тэрбээр Ардчилсан намын дотоод асуудлын тухайд “УИХ-ын нөхөн сонгуулиар Э.Бат-Үүл баатар нэр дэвшсэн. Э.Бат-Үүл баатар нэр дэвшээд, маргаж буй хоёр талыг нэгтгэхэд идэвх санаачилгатай ажилласан. Энэ хүрээнд арван нэгдүгээр сарын 5-ны өдөр намын Их хурлыг зарлан хуралдуулахаар О.Цогтгэрэл болон М.Тулгат дарга нар хамтарсан мэдэгдэл хийсэн. Ямар ч байсан эв нэгдлээ хангах оролдлого хийх ёстой. Эв нэгдлийг эсэргүүцэж буй хүмүүс ч байна. Шуудхан хэлэхэд, С.Эрдэнэ дарга тамга барьчихсан, эсэргүүцэж байгаа тал бий. Улсын Дээд шүүх биднээс ганцхан зүйлийг шаардаж байгаа. “Та нарын дотоод маргаанд бид оролцох боломжгүй. Тиймээс нэгдэж хурлаа хийгээд нэг бичиг баримт Дээд шүүхэд авч ир” гэдэг шаардлага тавьсан. АН нэгдсэн Их хурлаа хийх ёстой. Эсэргүүцэж буй зарим нэг хүн байж магадгүй л дээ. Гэсэн ч аль аль талдаа буулт хийгээд арван нэгдүгээр сарын 5-ны хурлыг хуралдуулаад, тодорхой асуудлаа шийдээд явах нь зүйтэй гэж бодож байна.

С.Эрдэнэ дарга 2020 оны сонгуульд намаа ялагдуулаад тамгаа хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш гэнэт гарч ирээд, тамгаа аваад, Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвшин өрсөлдөж ялагдсан. “Тэр үед би Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүйн тулд энэ үйлдлийг хийж байгаа” гэж тайлбарласан. Дахиад сая нөхөн сонгууль болоход “Би намын даргаа хийх ёстой. Яагаад гэхээр Х.Баттулга нөхөн сонгуульд нэр дэвших гэж байна” гэдэг шалтгаан хэлсэн. Одоо түүний бүх шалтгаан дууссан байх ёстой. Тэр хоёр хүнд зөрчил байдаг л юм байгаа биз. Тэр зөрчлөө нам руу оруулж ирж болохгүй. Намын 200 мянган гишүүний эрх ашгийг хүндэтгэх ёстой. Одоо С.Эрдэнийн шалтгаан дууссан. Их хуралдаа хамтарч оролцоод явах зайлшгүй шаардлагатай бийг эрхбиш ойлгох байлгүй” гэжээ.

Мөн тэрээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд даргаа огцруулах эсэх мэдээлэлд “Би Бүлгийн даргыг огцруулах ёстой гэж бодохгүй байна. АН дотор ямар ч зөрчилгүйгээр дотооддоо асуудлаа шийддэг бүтэц нь намын бүлэг байгаа, одоогоор. Тиймээс намын бүлэг аль болох эв нэгдлээ хангаад, урагшаа харж сөрөг хүчний байр сууриа сайн илэрхийлж, эрх баригчдын буруутай үйл ажиллагааг олон нийтэд хүргэх ажлыг хийх ёстой” гэсэн тайлбар өгчээ.

Үргэлжлэлийг “Үндэсний шуудан” сонины 2021.10.13 №191(3901) дугаараас

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here