Киргиз, Монголын хооронд шууд нислэг үйлдэх боломжийг судалж үзэхийг санал болгов

0
37

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдаж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Р.А.Казакбаевтай ажлын уулзалт хийв.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотолж, Монгол, Киргизийн дипломат харилцааны 30 жилийн ойн босгон дээр Р.А.Казакбаев сайдыг Монгол Улсад айлчлахыг урилаа.

Талууд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг хэрхэн сэргээн хөгжүүлэх талаар ярилцаж, Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит 4 дүгээр хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг дэлгэрэнгүй хэлэлцэхээр тогтов.

Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Р.А.Казакбаев ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, иргэдийн солилцоог дэмжих үүднээс шууд нислэг үйлдэх боломжийг хоёр талдаа судалж үзэхийг санал болголоо. Тэрбээр мөн энэ оны 11 дүгээр сард болох Киргизийн парламент – Жокорку Кенешийн сонгуулийг ажиглахыг урив.

Сайд Б.Батцэцэг мөн Беларусь Улсын Гадаад хэргийн сайд Владимир Макейтай хоёр талын уулзалт хийв.

Тэрбээр Монгол, Беларусийн харилцааг өргөжүүлэхэд Монгол Улсын төр засаг анхаарч байгааг илэрхийлээд саяхан тус улсад суух манай Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Беларусь Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьж, ажилдаа ороод байгааг дурдав.

Сайд В.Макей Монгол Улс Беларусь Улсад Элчин сайдын яамаа нээсэнд баяртай байгаагаа илэрхийлж цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлэхийн сацуу боловсролын салбарт хамтран ажиллах, монгол оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломж байгааг дурдлаа. Хоёр тал улс төрийн харилцааг бэхжүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй хөдөө аж ахуй, зам тээврийн салбарын төслүүдэд цаашид ч анхаарал хандуулж ажиллахаа нотоллоо.

Монгол, Беларусийн хооронд 1992 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Ирэх 2022 онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох тул ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар мөн санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here