С.Баяр: Хотод орж ирэх ажил гараад ковидын давалгаанд өртсөн

0
74

Ерөнхий сайд асан Санжийн Баяр Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагын хэсгээс хүргэж байна.

Уул устай газар гэснээс таныг Хөвсгөл нутгийнхаа гол мөрөнд загас үржүүлэх ажлаа хийж явна гэж дуулсан. Тэр ажил тань хэр амжилттай явж байна вэ?

-Загас үржүүлэг бол миний биш, миний ээжийн эрхэлдэг ажил л даа. Би тэр ажилд нь туслах, дэмжих төдий л явдаг санаатай. Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байсан загас үржүүлгийн төсөл маань овоо амжилттай хэрэгжиж байсан. Сүүлийн хэдэн жил энэ ажил тасалдсан. Одоо энэ төслөө сэргээх, үргэлжлүүлэх санаа байгаа. Тиймээс энэ намар шинэ газартай танилцах, хуучин газраа эргэх, хүмүүстэй уулзаж зөвлөлдөх ажил байсан учраас тэр хавьд нэлээд удлаа.

-Таныг нөгөө айхавтар ковид туссан гэж сонссон, гайгүй юу?

-Тийм юм болсон шүү. Хөдөө хээр эрүүл агаарт уг нь сайхан явж байсан санаатай. Гэтэл хотод орж ирэх ажил гараад тэр ковидын давлагаанд нь өртсөн.

-Бие тань одоо сайн уу. Хэр тэнхэрч байна даа?

-Вакцин хийлгэсний хүчинд гайгүй давах шиг боллоо. Бие сайн уу гэснээс сая хөдөө явж байгаад нутгийн танил хөгшинтэй таарав. “Бие тань сайн уу” гэж түүнээс асуулаа. Гэтэл тэр өвгөн “Архаг олон өвчнөөсөө амсхийж чадвал алд энэ биеэ сайн гэнэ биз дээ, тийм үү” гэж хошигнож байх юм. Мань мэтийн насныханд яг таарсан үг шиг санагдсан шүү (инээв).

-Таныг тэгээд ямар хэрэг хийсэн гэж шүүхээс ял өгсөн юм бэ?

-Энэ нөхрийг яасан ч зүгээр орхихгүй гэсэн шиг надад өөр гэмт хэрэг бодож олсон. Намайг Ерөнхий сайд байхдаа 2009 онд “Петровис” компанийн түлшийг Оюу толгой ХХК-д хүчээр “шахсан” гэрээ байгуулахад нөлөөлсөн гэх шинэ ял тулгасан. Шинэ ялтай хэргээ шүүхэд шилжүүлнэ гэж тэд яарсан учраас хэт зохиомол юм хийсэн. “Шинжээчийн дүгнэлт” гэх юм гаргуулж, түүн дээрээ үндэслэн шинэ ял надад тулгасан. Тэр “дүгнэлт” дотор нь онигоонд ормоор юм олон байсан.

-Та яагаад онигоо гэж хэлж байгаа юм бэ?

-Яахав дээ. Бидний хувьд дэндүү эмгэнэлтэй тусаагүйсэн бол дэндүү инээдтэй гэмээр учраас тэгж хэлж байгаа юм. Ганц нэг жишээ хэлье. “Петровис” нь Оюутолгой компанид 2002 оноос хойш шатахуун нийлүүлж байж. Би тэр үед ОХУ-д Элчин сайд байсан. Надтай надгүй шатахуунаа нийлүүлээд хэдэн жил болж. Гэтэл энэ хоёр компанийн энэхүү бизнесийг 2007 онд Ерөнхий сайд болсон надтай заавал холбох гэж оролдсон. Эрүүл ухаан, энгийн тооцоо зэргийг умартталаа улайрсан. Жишээ нь, би шатахууны “шахаа” хийж, 2009 онд Петровис ХХК Оюутолгой компанитай гэрээ байгуулахад нь үнэхээр нөлөөлсөн юм бол энэ гэрээ нь Петровис ХХК-д өмнөхөөсөө илүү ашигтай тусах ёстой баймаар. Тийм биз. Гэтэл бодит байдал дээр 2009 оны гэрээний нөхцөл нь өмнөх хэдэн жилийнхээс арилжих нөхцөл, үнэ өртөг зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр Петровис ХХК-ийн хувьд дээрдсэн биш, дордсон байсан. Ийм утгагүй “шахаа” гэж байх уу.

Өөр нэг жишээ. “Шинжээчийн дүгнэлт” гэх тэр баримтад буй тооцооллын хүснэгтэд үнийг хуулж бичихдээ мөр, орон алдсан учраас “сая төгрөг” нь “тэрбум төгрөг” болж хувирсан ч байх шиг. Санаатай, санаагүй хийсэн ийм алдааны жишээ цөөнгүй. Миний ярьж байгаа энэ бүх баримт хавтаст хэрэгт бэлхнээ байсан.

Алга хийгээгүй бол одоо ч байгаа. Ийм дэндүү болхи алдааны талаар шүүх хурлын өмнө гомдол гаргаад нэмэр олоогүй. Онигоо шиг ийм “Шинжээчийн дүгнэлт” үндэслэж надад болон миний найз Даваанямд ял өгсөн байдаг. Бушуухан яллаад явуулах гэж арай л түүхий, арай л мангар юм хийсэн дээ.

Үргэлжлэлийг Өдрийн сонины 2021.10.08-ны дугаараас

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here