Ч.Хүрэлбаатар: Эмч нарын цалинг нэмбэл бусад төрийн албан хаагчдынхыг ч мөн нэмэх ёстой

0
32

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан.

Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: “Төсвийн тодотголыг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар хэлэлцсэн. 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэе гэдэг санал гарсан ирээгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Санал хураалгасан зүйл байхгүй. Тийм санал гаргаагүй. Мөн бид жаахан бодитой баймаар байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг гүйцэтгэлээр нь хийхээр болж, хэрэгжүүлээд явж байгаа. Ковидын үед бодит байдал яаж байна гэхээр, бусад өвчнийг эмчилдэг эмч нарын ачаалал буурсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд зөвхөн коронагийн өвчлөлтэй холбоотой ачаалал нэмэгдсэн байгаа болохоос хамар хоолой, бөөр гэдэг ч юм уу бусад өвчлөлийг эмчилж буй эмч нарын ачаалал бага. Үүнтэй холбоотойгоор санхүүжилтийн асуудал үүссэн юм билээ. Энэ бол цэвэр зохицуулж болох асуудал гэж харж байгаа.

Дараагийн асуудал эмч нарын цалинг нэмбэл төрийн бусад албан хаагчдаа яах вэ. Тэр хүмүүсийн цалинг бас нэмэх ёстой биздээ. Ижил тэгш байх ёстой. Тэгэхээр асуудлыг хамтад нь багцаар нь л авч явахгүй бол нэг хэсгийг нь нэмээд, нөгөө хэсэг нь хамаагүй гэдэг хандлага байж болохгүй.

Асуудал хүнд байгаа. Коронавирус туссан хүмүүст хүнд байгаа. Ойлгож байна. Дэлхий нийтээрээ коронагийн өмнө сөхөрч байна. Одоо л вакцин гарч, уужуу амьсгаа авахтай болж байгаа. Тэгэхээр Засгийн газар эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлээ, эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ механизмаа бүрэн гүйцэд ашиглаад яв. Тэрийгээ гүйцэт ашиглаагүй байж, нийгмийн даатгалын сангийнхаа нийт мөнгөний 1/4-г ашиглачихаад мөнгө нэмж өг гэж байгаа нь буруу. Нөөцөт бололцоогоо гүйцэт ашиглаагүй байна гэж харж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: “Үндэсний статискийн судалгаагаар манай улсад 30 гаруй мянган эмч, ажилтан ажиллаж байна. Албан тушаалынхаа зэрэглэлээс хамаарч, үндсэн цалин нь 500 мянгаас 1 сая төгрөгийн хооронд, хоол унаа, үр дүнгийн нэмэгдлийг оруулвал, дунджаар 600 мянгаас 1.2 сая төгрөгийг гар дээрээ авдаг юм байна. Тэгэхээр энэ их ачааллын үед ажиллаж байгаа эмч, ажилчдад бодит дэмжлэг үзүүлж чадахгүй байна. Ер нь үндсэн цалин, илүү цагаар ажилласны нэмэгдэл, аюултай, хөдөлмөрийн хортой нөхцлийн тэтгэмжээ шударгаар цаг хугацаанд нь олгох зохицуулалт хэрэгтэй байна” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here