Л.Баттөр: Энэ сарын 17-н гэхэд орон нутагт халдварын тохиолдол 1300-д хүрэх тооцоолол гарсан

0
33

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан тооцоогоор долдугаар сарын 17-н гэхэд орон нутагт бүртгэгдэх халдварын тоо өдөртөө 1300-д хүрч, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдэхээр байгаа талаар мэдээлсэн. Мөн наадмын амралтын өдрүүдэд орон нутаг руу аялж байгаа гэр бүлийн нэг насанд хүрэгч, нэг хүүхдээс шинжилгээ авах шийдвэрийг гаргаад байгаа юм.

Дээрх асуудлаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр “Өмнө нь орон нутгийг зорьж байгаа гэр бүлийн аав, ээжийнх нь шинжилгээ, вакцины гэрчилгээнд үндэслэн зорчуулж байсан. Гэвч орон нутгууд хилийн бүс нэвтрэхийн өмнө 0-17 насны хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг тохиолдол гарч байгаа мэдээлэл ирж байна. Мөн урт хугацааны амралттай холбоотойгоор хөл хөдөлгөөн ихсэх магадлалтай байгаа тул хүүхдүүдээс шинжилгээ авахаар болсон. Шинжилгээ авч байгаа нь тухайн гэр бүлийг хамгаалж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Магадгүй далд хугацаандаа байгаад орон нутагт, алслагдмал газар очоод халдварын шинж тэмдэг илрэхээс сэргийлж байгаа хэрэг юм.

Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ачаалал өндөр байгаа. Аймгуудад эрчимт эмчилгээний эмч, мэргэжилтүүдийн хүрэлцээ муу байна. Зарим аймагт эрчимт эмчилгээний хоёр эмч 24 цагаар ээлжилж, завсаргүй ажиллаж байна. Энэ мэтчилэн асуудал байгаа тул урт хугацааны амралтаар үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж дээрх шийдвэрийг гаргаж байна гэсэн үг” гэлээ.

Коронавирусийн цар тахлын үед хэрэглэдэг хүчилтөрөгчийг хангахаар 13 хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр оруулж ирсэн бөгөөд тал нь Улаанбаатар хотод нэгдсэн эмнэлгүүдэд байгаа бол үлдсэнийг нь орон нутгуудад хүргээд байгааг тэрбээр мөн хэлсэн.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here