С.Эрдэнэ: Би огцорч, тамга тэмдэг өгснөөр асуудал шийдэгддэггүй юм аа, Б.Пүрэвдорж оо!

0
92

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар өчигдөр мэдээлэл хийн, АН-ын дарга С.Эрдэнэд АН-ын их хурлыг 2021 оны 8-р сард багтаан хуралдуулах шийдвэрийг 7 сарын 7-ы дотор гаргах, мөн уг шийдвэрээ гаргаад 7 сарын 9-ий дотор С.Эрдэнэ өөрөө АН-ын даргаас огцрох шаардлага хүргүүлж буйгаа зарласан. Харин үүнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ тайлбар хийжээ.

Тэрээр “УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд, мөн АН-ын удирдлагад байсан зарим гишүүд хамтран хэвлэлийн бага хурал хийж, 7 сарын 09-ний дотор АН-ын тамга тэмдгийг өг, огцор гэдэг шаардлага гаргасан. Би АН-ын үндсэн дүрмийн 3,10 зүйлд заасны дагуу АН-ын даргын ажлыг өгөх шийдвэрээ аль эрт гаргачихсан. Холбогдох хүмүүст нь чиглэл, үүрэг өгөөд, 2020 оны 8 сарын 23-нд АН-ын 10 дугаар Их хурал, АН-ын даргын сунгааг зарлаад, хамгийн олон санал авсан хүнд АН-ын тамга, тэмдгийг гардуулж өгөөрэй гэсэн. Харамсалтай нь өгсөн үүрэг даалгавар маань биелэгдээгүй. Үүнээс болж үүссэн маргаан өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа.

Хэдийгээр АН-ын Үндсэн дүрэмд заасан ч, 2020 оны 7 сард гарсан АН-ын Үндсэн дүрмийн хорооны 16 тоот тогтоолоор дараагийн сонгогдсон даргад эрхээ шилжүүлснээр Үндсэн дүрмийн зөрчилгүй байх болно гэдэг тайлбар гарсан. Үндсэн дүрмийн хорооны тайлбар нь Үндсэн дүрмийн адил хүчин төгөлдөр байх болно гэдэг заалттай. Үүний дагуу дараагийн сонгогдсон даргад ажлаа хүлээлгэн өгснөөр миний бүрэн эрх дуусгавар болж, АН-ын дараагийн даргын бүрэн эрх хүчин төгөлдөр болох дүрмийн заалт хэрэгжээд явж байгаа. Энэ дүрмийн дагуу АН-ын ҮБХ-ны 4 хурал, АН-ын 2 Их хурлыг хуралдуулсан. Эдгээр хурлыг хуралдуулахад мэдээж маш их цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулагддаг. Сунгаагаар АН-ын дараагийн даргаар сонгогдсон М.Тулгатад ажлаа шилжүүлэх асуудлыг 3 удаа УДШүүхэд тавьсан. Харамсалтай нь УДШүүх хэн нэгэн эрх мэдэлтэн юм уу, өөр бусад хүчин зүйлийн нөлөөгөөр Улстөрийн намын тухай хуулийг зөрчин байж бүртгэлийн асуудлыг буцааж байгаа. 

Хамгийн сүүлд АН-ын дотоод улстөрийн маргаан арилаагүй байна гэдэг үндэслэлээр буцаасан. Гэтэл Улстөрийн намын тухай хуулийн 13,9 дээр тухайн улстөрийн намын дотоод маргаан, зөрчлийг шүүх хянан хэлэлцэхгүй, тухайн улстөрийн намын дотоод хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлэнэ гэдэг хуультай. АН-ын дотоод хяналтын байгууллага 3 удаа шийдвэр гаргаж, АН-д дотоод маргаан байхгүй, гарч байгаа шийдвэрүүд хүчин төгөлдөр гэдэг шийдвэрүүдээ хүргүүлсэн. Ийм байтал АН-ын дотоод маргаан шийдэгдээгүй мэтээр УДШ-ийн нөлөө бүхий хүмүүс энэ асуудлыг буцааж байгаад гайхаж байна. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний үйлдэл гэж шууд үзэж байгаа. Тэр хүний өгсөн үүрэг даалгаврыг тэр хүний томилсон тодорхой эрх мэдэлтэн, шүүгчид гүйцэтгэж байна гэж харж байна. Одоо нэгэнт үүнд нөлөөлж байсан, дарамт шахалт үзүүлж байсан эрх мэдэлтэн, албан тушаалтан байхгүй болсон учраас УДШүүх, түүний бие бүрэлдэхүүн хууль дээдлэх зарчмаар ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Монгол Улсын Үндсэн Хуульд төрийн бүх шатны албан хаагчид зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллах ёстой гэсэн үүрэгжүүлсэн заалт байдаг. Энэ үүрэгжүүлсэн заалтаар олгогдсон эрх, үүргээ УДШүүх биелүүлж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. 2021 оны 03 сарын 01-нээс Шүүхийн шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Тийм учраас энэ хуулийн дагуу асуудал явах ёстой. Тийм учраас улстөрийн үр дагавар гаргаж болзошгүй асуудлууд дээр хуулийн дагуу шийдвэр гаргаж яваач ээ гэж уриалмаар байна. 

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж намайг 7 сарын 9-ний дотор огцорч, тамга тэмдгээ өг гэж шаардаж байх шиг байна.Би огцорч, тамга тэмдэг өгснөөр асуудал шийдэгддэггүй юм аа. Үүнийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж маш сайн мэдэж байгаа. Хууль хэрэгжүүлж, хууль баталдаг, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг УИХ-ын гишүүн хүн өөрөө хууль бус шаардлага тавьж байгаад гайхаж байна. Тухайн улстөрийн намын эрх бүхий байгууллага шийдвэр гаргаад, холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд, хуулиар улстөрийн намын бүртгэлд өөрчлөлт оруулах эрх бүхий байгууллага болох УДШ-д хүргүүлээд, УДШ-ийн нийт шүүгчдийн нууц санал хураалтаар шийддэг. Ийм хуулийн зохицуулалтай. Энэ дагуу шийдэгдэнэ. Уг асуудлыг 3 удаа хүргүүлээд, дотоод зөрчил гэдэг хуулийн үндэслэлгүй шалтгаанаар буцаагдчихаад байж байна. Үүнийг мэдсээр байж ийм мэдэгдэл хийж, улстөр хийж байгаад Б.Пүрэвдорж гишүүнд харамсаж байна. Намайг АН-ын дарга байхад тэр хүн АН-ын дэд дарга байсан. Цуг зогсож байсан З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар бүгд АН-ын дэд дарга байсан хүмүүс.Үндсэн дүрмийн дагуу олонхи болоогүй учраас бүгд хамтдаа хариуцлага хүлээж, огцорч, ажлаа хүлээлгэж өгөөд явж байгаа хүмүүс. Миний хувьд Үндсэн дүрмийн хорооны тайлбарын дагуу дараагийн даргад эрх, үүргээ шилжүүлснээр бүрэн эрх дуусгавар болох зохицуулалттай. Энэ бүх асуудлыг мэдсээр байж ийм мэдэгдэл хийж байгаад гайхаж байна, харамсаж байна.” гэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here