“Анхны шүүх шинжилгээний хариу охин хальс урагдалтай гэж гарсан хэрнээ саяных урагдалгүй гэж гарсан”

0
24

Хоёр настай охиноо хүчирхийлсэн байж болзошгүй гэх аавын хэргийг цагдаа шүүхийн байгууллага нь шийдэж өгөхгүй удаж байна гэж хүүхдийн ээж өнөөдөр ярилаа. 

Тэрбээр “2019 оны арванхоёрдугаар сард болсон асуудал. Ээжүүдийг надад тусалж, миний охины асуудлыг үнэн зөвөөр шийдүүлээд өгөөч гэж хэлэх гэж хэвлэлд хандаж байна. Хоёр мөрдөгч энэ хэрэг дээр ажиллалаа. Намайг үл тоосон шинжтэй, мэдээлэл задруулах юм бол чамтай хариуцлага тооцно” гэх жишээтэй харьцаж байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүртэл сая худлаа гаргалаа. Өмнө нь 2020 оны арванхоёрдугаар сард гарсан аймгийн шүүх эмнэлгийн дүгнэлтэд охин хальс урагдалтай гэж гарсан хэрнээ 2021 оны тавдугаар сард гарсан дүгнэлтэд урагдал байхгүй гэж гарсан. “Яагаад ингэж байгаа юм бэ?” гэж асуухад “Миний дүгнэлт бол урагдалгүй гэж гарсан. Аймгийн эмч нар ямар ч ур чадваргүй гэсэн юм хэлсэн. Би Архангай аймгаас ирсэн” гэв. 

-Энэ асуудлыг та анх хэзээ мэдсэн бэ?

-Охин 2020 оны наймдугаар сард анх ярьсан. Би юм оёод сууж байтал охин маань дүүгийнхээ орон доор тоглож байхдаа “Ээж ээ, аав миний бөгсийг илээд” гээд яриад эхэлсэн. Би эхлээд тоогоогүй. Тэгээд дотуур хувцсаа тайлаад “ээж ээ, аав миний бөгсийг ингээд илээд байсан” гээд дунд хуруугаа үзүүлээд байхаар нь би гэнэт балмагдаад видео бичлэг хийж аваад шууд аав руу нь явуулсан. Тэгтэл “Чи хүүхдийн үгээр үг хийлээ. Чи өөрөө хэрэгт орно шүү” гэсэн. Би тэр үед байрны найзууд, хоёр эгч, ээждээ хэлэхэд бүгд “арай үгүй байлгүй дээ, хэчнээн явдалтай хүн байсан ч хүүхдээ тэгэхгүй байлгүй дээ” гэсэн. 

-Хүүхдийн аавтай ямар харилцаатай байгаа вэ?

-Одоо бол холбоогүй байгаа. Арванхоёрдугаар сард прокурор хүүхдийн аав нь ирвэл хоёр хүүхэдтэй нь уулзуул, юу ч болоогүй юм шиг харьц гэсэн. Би арванхоёрдугаар сард аавыг нь ирэхэд уулзуулсан.

Гэхдээ бүгд худалдагдсан. Одоо миний охинд тусалж байсан гэр бүлийн ажилтан хүртэл худалдагдсан. Миний охиныг арванхоёрдугаар сард хамгаалах байранд авч яваагүй байж, гэнэт гуравдугаар сард авч явсан. Явахдаа өдөр болгон бараг сэтгэл зүйчтэй уулзуулна, охины чинь сэтгэл санааг сайхан болгоод өгнө гэж ярьж байсан. Гэтэл тийм юм байгаагүй. Миний хүүхэд ирээд надад ярьсан. Би охиноо явуулаад 12 дахь хоног дээр нь авсан юм.

Paparazzi.mn сайтад ярилцлага өгсний маргааш би хамгаалах байранд очсон. Орой нь охиныг мниь надад авчирч өгсөн. Тэгэхэд охины хоёр нүд нуухадсан, хоолой нь өвдөөд халуурсан ирээд, эхний 3-4 хоног тувтан уйлаастай, унтахгүй цочиж сэрээд, “Ээж ээ, ёо ёо” гэж орилоод байсан. Намайг тэвэрч авч үнсээд, “Ээж ээ, та миний ээж мөн биз дээ” гэнэ. “Яагаад миний охин ийм юм яриад байгаа юм?” гэхээр хамгаалах байранд байсан багш “Аав чинь чамд хайртай, ээж чинь чамд хайргүй” гэж хэлсэн гэж үг заасан байсан. Яагаад миний жаахан охинд ийм үг зааж өгч байгаа юм? Хүн мөн үү тэд? Цагдаа, байцаагч нар хүн мөн үү? Намайг дарамталж байгаа. Мэдээлэл өгвөл чамтай хариуцлага тооцно гэж. Би охиныхоо төлөө явж байгаа шүү дээ. Шөнө ч унтаж чадахгүй байна. Өвдөхгүй эрхтэн ч байхаа болилоо. 

-Охины аавын зан харилцаа нь ямар хүн бэ?

-Хөнгөн шингэн явдал ихтэй байсан. Тэр талаар гэрийнхэнд нь хэлэхээр хүлээж авахгүй. “Чи өөрөө нөхрөө олигтой авч явж чадахгүй бол сал барь” гэж хэлэх жишээтэй. Том охиноо есөн сартай байхаас нь харилцаа тиймхэн болсон. Гэрийнхэн нь намайг маш их дарамталдаг байсан. 

-Хуулийн байгууллагад нөлөөлж байна гэлээ. Тийм танил байдаг юм уу?

-Хамаатан садан нь танил тал ихтэй, мөнгө төгрөгтэй хүмүүс. Би яаж ч чадахгүй байна. Би өмгөөлөгч авъя гэхээр мөнгө төгрөг байхгүй. Ажил хийгээгүй би хоёр хүүхдийнхээ мөнгөөр л амьдарч байна.

-Танд дэмжиж туслах хүн байна уу?

-Ээжүүд л намайг суулт зарласан нь дээр гэж байгаа болохоос надад өөр хүн байхгүй. Миний дээд талын эгч таван хүүхэдтэй. Боломж ч байхгүй. Дээр нь хүмүүс ийм асуудлыг нуун дарагдуул, бараг ичих ёстой гэсэн юм ярьж байна. Яагаад тэгэх ёстой юм? Миний охин бүх насныхаа амьдралд хар толботой болж байхад би яагаад чимээгүй өнгөрөх ёстой юм?

-Охины ааш зан ямар байна вэ?

-Огцом авиртай. Гэнэт юм ярьж, огцом уурлана.

-Охины аав саатуулагдсан уу?

-Ерөөсөө саатуулагдаагүй байна.

-Одоо тайван суулгахгүй, байнга гэрийн чинь ойролцоо эргэлдээд байна гэсэн шүү дээ?

-Цонхны урд машинтай ирээд зогсчихно. Манай байрны дэлгүүрээр орж гарах жишээтэй. Тэрүүгээр эргэлдэх ямар ч шаардлага байхгүй. Намайг айлгах гээд хаалганд маск өлгөж үлдээнэ. Үүдэнд пивоны сав тавина. Мөрдөгчдөд хэлэхээр тоохгүй, “би наад хүний чинь алхам бүрийг хянаж чадахгүй” гэж хэлж байсан. 

-Хуулийн байгууллагад нөлөөлж байна гэлээ. Ямар хүмүүс хэргийг шалгаж байгаа юм бэ?

-Нийслэлийн мөрдөн байцаах газрын хүмүүс. Би юу болж байна гэж асуухаар “чамд би ажлаа тайлбарлах шаардлага байхгүй” гэж уурлана. Тэгсэн хэрнээ миний охины асуудлыг шалгаж байж огт хамааралгүй зүйл нэхнэ. Манай гэрээр тухайн үед орж гарч байхдаа найзынхаа бичиг баримтыг үлдээсэн юм. Гэтэл байцаагч тэр найзынх нь бичиг баримтыг надаас асууж байна. Бас би байр савны асуудал яриагүй. Гэтэл мөрдөгч надад “чи байрыг нь өгчих юм байгаа биз дээ” гэсэн. Би байрны талаар огт яриагүй. Охины талаар л заргалдаж байна. Арванхоёрдугаар сард шүүх эмнэлгээс урагдалтай гэж гарсан дүгнэлт урагдалгүй болчхож байгаа нь үнэхээр сонирхолтой.

Бид хоёр есдүгээр сард охиноо дундаа зогсоож байгаад асуухад миний охин “аав тэгсэн” гэж ярьсан. Охины аав “Ээж чинь үг зааж өгсөн үү?” гэхэд охин “Үгүй, аав аа та тэгсэн шдээ” гэж хариулсан. Би охиныхоо үгэнд итгэнэ. Хүүхэд худлаа ярьдаггүй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here