Б.Мөнхжаргал: ШИНЭ нам УИХ-д суудал авсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмний хүсэн хүлээсэн сонголтыг бий болгох байсан

0
112

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

-ШИНЭ намын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу, шинэ мэдээллийг манай уншигчдад хүргээч?

– ШИНЭ намын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Орон нутгийн сонгуульд оролцоод, 30 гаруй төлөөлөлтэй болсон. Намын Их хурлаа 6-р сарын 19-нд хийхээр Төв Зөвлөлөөсөө товлон зарласан. Нөхөн сонгуулиудад оролцох, шинэ даргаа сонгох үйл ажиллагаагаа хуульд заасан, намын дотоод дүрэм журамд заасны дагуу хийгээд явна.

ШИНЭ нам 2019 оны 6 сарын 6-нд төрийн ордонд 21 аймаг, бүх дүүргүүдийн төлөөлөгчидтэйгөө хурлаа хийж, үүсгэн байгуулагдаж байсан юм. Одоо хоёр жилийн ой нь өнөөдөр тохиож байна. Юун түрүүнд ШИНЭ намыг үүсгэн байгуулалцсан, нам харгалзахгүй шударга үнэний төлөө эвлэлдэн нэгдэж тэмцсэн, тэмцэхээ илэрхийлсэн, дэмжиж саналаа өгсөн бүх  иргэддээ ойн баярын мэндийг хүргэе.

-ШИНЭ нам байгуулагдаад хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ер нь нийгэмд ямар өөрчлөлт авчрав?

-Иргэд маань мэдэж байгаа байх. Бид МАНАН дэглэмийн эсрэг хөдөлгөөн зохион байгуулж хамгийн анх алдагдсан улсын үйлдвэрийн газрууд, стратегийн орд газруудаа, баялгуудаа эргүүлж авах талаар чанга дуугарч байлаа. Үүнд Эрдэнэтийн 49 хувийн асуудал байна. Л.Болд, Ж.Батзандан нар тухайн үед МАН-ын гурван гишүүнтэй нийлж, нам харгалзахгүйгээр Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг нийгэмд хүчтэй гаргаж тавьсан. “Эрдэнэтийн 49 хувийг чинь хулгайлаад авчихлаа, эргүүлж авах хэрэгтэй” гэж биднийг тэмцэж эхлэхэд Эрдэнэт үйлдвэр удирдлагатайгаа, хөрөнгө оруулалт, ашиг бүх юмтайгаа Монгол Улсын мэдлээс гараад явчихсан байсан үе шүү дээ. Тухайн үед МАНАН-гийн засаглал хүчтэй, УИХ-ын үйл ажиллагаа гацчихсан байлаа. Бид Сүхбаатарын талбай дээр шүгэл үлээж, бүх зүйлийг олон түмэнд ил болгож эхэлсэн. Чанга, зоригтой дуугарсны үр дүнд өнөөдөр Эрдэнэтийн 49 хувийн хуйвалдаан ил болж төр ямар ч байсан буцааж аваад үйл ажиллагааг нь жигдрүүлж байна. Нөгөө эмчилгээ тэжээлийн цэг дээр хаягдсан үнээ гэж хочилж, тохуурхаж байсан Эрдэнэтийн маань цэвэр ашиг зөвхөн нэг жилд 1 их наяд төгрөгт хүрсэн. Сая коронавирусийн хүндрэлтэй үед монголчуудын хэрэглээний төлбөр, цахилгааны төлбөрийг Эрдэнэт л төллөө. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд коронавирусийн хүндрэлтэй үед зарцуулж байгаа 650 тэрбумыг Эрдэнэтийн ашгаар л нугалж байна. Энэ бол ШИНЭ намын эхлүүлсэн тэмцлийн үр дүн гэж хэлж болно.

Мөн Дубайн гэрээ байна. Дубайн гэрээг үндсэндээ хууль бусаар байгуулсан гэдгийг бүгд ярьж байсан. Бидний хувьд энэ асуудлыг улам хүчтэй гаргаж ирж цуцлахыг шаардсан. Одоо эрх баригчид Дубайн гэрээг цуцлаад, шинээр яриа хэлцэл эхлүүлж, үр дүнд нь Рио Тинтогоос олон тэрбум долларын татвар авч цар тахалтай, төсвийн ачаалал хүндрэлтэй үед маш их нэмэр болж байгаа. Үүнийг таван гишүүний төв талбай дээр эхлүүлсэн тэмцлийн үр дүн, ШИНЭ намын үйл хэргээс салгаж ойлгож болохгүй юм.

-Танай нам тэр үед 21 аймгаар тойрч иргэдтэй уулзалт хийж явсныг санаж байна?

-ШИНЭ нам 21 аймаг, есөн дүүргээр тойрч иргэдтэйгээ уулзсан. Бас л шударга бусын эсрэг дуу хоолойгоо хүргэж явсан. Говийн бүсийн чуулга уулзалтыг энд сануулах хэрэгтэй. Дархан цаазат газар, ирвэсийн нутаг, Тост, Тосон бумбын нуруунд уул уурхайн лиценз олгочихсон байсан. Бид маш том хэлэлцүүлэг хийж, 200 гаруй иргэний нийгмийнхэн, говийн ард иргэдийг цуглуулж асуудлыг төрийн чихэнд хүргэсэн. Засгийн газар ч хуралдаж Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авсан. Бас л ШИНЭ намын  санаачилга, манлайллаар нийгмийн тусын тулд хийгдсэн томоохон ажил.

-Эрүүдэн шүүсэн хэргийн тухайд танай намын дуу хоолой хамгаас хүчтэй байсан гэж хэлж болох уу?

-Мэдээж хэрэг. Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-д Хүний эрхийн түр хороо байгуулж эрүүдэн шүүлтийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулсан юм. Энд олон гэмт хэргүүд, хүний эрхийн ноцтой зөрчлийн асуудлуудыг, тэр тусмаа төр нийгмийн нэрт зүтгэлтэн, С.Зориг агсныг хөнөөсөн асуудлуудыг шударга бусаар шийдсэнийг, хонгилын шүүхээр дамжуулж жинхэнэ эзэн, захиалагчийг одоо болтол тодруулаагүй хэрнээ жирийн иргэдийг эрүүдэн шүүж хэлмэгдүүлсэн байна гэдгийг гаргаж ирж тавьсан. Улсын Дээд шүүхийн үүдэнд олон хоногийн жагсаал, цуглаан хийж шаардлага хүргүүлж байлаа. Үүний үр дүнд Улсын Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаан явагдаж, зарим асуудлуудад эхнээсээ жоохон ч гэсэн салхи орж эхэлж байна.

Ингэлээ гээд шударга ёс тогтсон гэж бид харахгүй байгаа. Өөрөөр хэлбэл алга урвуулахын төдийд, нэг өдрийн дотор шударга ёс тогтдоггүй. Системтэй, олон хууль тогтоомж сайжруулж, ард түмний шахалтаар хэт нөлөөллийг арилгаж байж л шударга шүүх тогтоно. Гэхдээ ерөнхийдөө ШИНЭ намын тэмцлийн дүнд цочроо авч, өөрчлөлт орсныг үгүйсгэх аргагүй.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулъя гээд 21 аймаг, есөн дүүргээр уриалга, тэмцэл хийж, 50 мянган хүний гарын үсгийг манай нам цуглуулж Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гардуулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт нэг хувийг нь хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ хэргийн үнэн мөнийг олохын тулд ШИНЭ нам тууштай зогсож байсан. Үүний үр дүнд тэр хэлмэгдсэн хоёр хүн ямар ч байсан наранд гарсан. Энэ хэргийг эргэж харах боломж бүрдсэнд баяртай байгаа.

-Өөр нийгмийг хамарсан, нийгмийн сайн сайхны төлөө ямар асуудал дээр дуу хоолойгоо хүргэж байсан бэ?

– Төр засаг зөвхөн тэтгэврийн зээлтэй ахмадуудын өрийг тэглэснийг та бүхэн санаж байгаа байх. Цаана нь зээлгүй 200 мянган ахмадууд төрийн бодлогын гадуур хаягдсан. ШИНЭ нам эсэргүүцэж дүн өвлийн хүйтнээр төв талбайд жагсаал цуглаан хийж, олон мянган ахмадуудынхаа гарын үсгийг цуглуулсан. Ингэж тэмцсэний үр дүнд ахмадуудыг алагчлахгүйгээр ямар ч байсан бидний хүссэн шийдвэр гарч, одоо 200 мянган ахмад нэг сая төгрөгөө хүлээн авсан. Энэ бол ШИНЭ намын хийсэн, тэмцсэн асуудлын нэг. Үүнтэй холбогдуулаад Л.Болд, Ж.Батзандан нарын бас нэгэн санаачилгыг дурдахгүй өнгөрч болохгүй. Коронавирус, цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад аж ахуйн нэгж, иргэд, байгууллагууд Монголбанкны хар жагсаалтад олноор орж, бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжууд хаагдаж байсан. Үүнийг хар жагсаалтаас гаргая гэдэг шаардлагыг тухайн үед УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж байсан. Одоо үр дүнд нь 71 мянган аж ахуйн нэгж, иргэдийг хар жагсаалтаас гаргахаар Засгийн газраас шийдвэр гаргаж, хууль тогтоомж өргөн барьж байгаа юм байна. Бас л ШИНЭ намын эхлүүлсэн, шаардсан ажлын нэг.

-Та эрх баригчдын иргэдээс сайшаал хүртэж байгаа бүх ажлыг ШИНЭ намтай холбох гээд байна уу?

 -Би даруухнаар ярьж байгаа. Дурдвал олон асуудал бий. Сүхбаатарын талбайг л гэхэд гадны иргэн, аж ахуйн нэгж өмчлөөд авчихсан байсныг бид талбай дээр жагсаал тэмцэл хийж байж л хүчингүй болгуулсан. Тэгж тэмцээгүй бол бол өнөөдөр талбай урдах усан оргилуур ч байх боломжгүй байсан. Одоо ямар ч байсан усан оргилуураа тойроод шүүмжлээд сууж байгаа нь бас нэг дэвшил юм даа.

-Би уг нь энэ “Баялагтаа эзэн Монгол” гэдэг үгийг, энэ санаачилгыг харин жинхэнэ танай намтай холбож ойлгож байсан юм?

-Хүмүүс их асуудаг л даа. Улс төрийн намын уриа болчихсон, нэр дэвшигчийн гол ярианы сэдэв болчихсон явж байна. Танай намын эхлүүлсэн зүйл биш юм уу гэж. Үндсэндээ 2008 оноос баялагтаа эзэн байх “Баян Монгол” санаачилгыг бид, УИХ-ын гишүүн Л.Болд санаачилж ирсэн юм. Энэ хөдөлгөөн сүүлдээ таван гишүүний тэмцлийн бас нэг үндсэн чиг баримжаа болж “Баялагтаа эзэн Монгол” бүлгэмийг Их хуралд байгуулж байсан. Тэгэхээр энэ тал дээр намынхаа байр суурийг илэрхийлэх нь зүйтэй байх. Дахин хэлэхэд “Баялагтаа эзэн Монгол” гэдэг санаачилга бол 2008 оноос эхэлсэн.

Газрын доорхи баялагтаа монгол хүн өөрөө эзэн болох, хувьцаа хэлбэрээр эзэмших асуудлыг анх хөндсөн юм. Харин өнөөдөр энэ нь улс төрийн намын уриа болоод үргэлжлээд явж байгаа нь нэг талдаа сайн хэрэг. Эрх баригч намын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн уриа хүртэл болчихсон явж байгаа. Гэхдээ мөн чанарыг нь ойлгох ёстой. Хэн нэгэн дарга, улстөрчөөр дамжуулж бид баялагтаа эзэн болох асуудал биш юм. Иргэд хувьцаа эзэмшиж өөрсдөө баялгийнхаа шууд эзэн болох асуудал юм. Бид МАНАН дэглэмийн эсрэг хөдөлгөөн байгуулж байхдаа төрийн эзэн чинь ард түмэн юм гэдэг Үндсэн хуулийн суурь зарчмыг л барьж тэмцсэн. Энэ суурь зарчмын үндсэн санааг гуйвуулж болохгүй гэдгийг хэлмээр байгаа юм.

– Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж танай намын байгуулагдах болсон нь их сонирхол татдаг юм, одоо тэр үеийг нэг эргэж харвал?

-Яагаад ШИНЭ нам байгуулагдсан бэ гэдгийг улс төрийн түүх судалдаг хүмүүс мэдэж байгаа байх. Тухайн үед Л.Болд, Ж.Батзандан нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахгүй гэдэг талд кноп дарснаасаа болж Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хөөгдөж байсан шүү дээ. Өнөөгийн улс төрийг хэлбэршүүлэхэд ШИНЭ намын оруулсан хувь нэмэр салшгүй их. ШИНЭ намын хоёр гишүүн нөгөө гурван гишүүнтэйгээ нийлж МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл хөдөлгөөнийг эхлүүлж, УИХ-ын даргыг огцруулаагүй бол өнөөдөр Г.Занданшатар гэдэг спикергүй байх байсан. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа огцроод, өнөөгийн улс төрийг явуулах боломжгүй болох байсан. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас Монгол Улсын Ерөнхий сайд хүртэл хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй байсан. Тэгэхээр тэр үеийн тэмцэл өнөөдрийн улс төрийг хэлбэршүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж харж байна.

-Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа шувтарч байна. Нэр дэвшигчдээс танай нам хэнийг нь бодлогоор дэмжиж байгаа вэ?

-Эхлээд нэг зүйлийг хөндөх хэрэгтэй. УИХ-ын сонгуулиар ШИНЭ намд ард түмэн саналаа өгсөн. Гэхдээ давагдашгүй хоёр хүчин зүйлээс болоод манай нам Их хуралд суудалтай болж чадаагүй ээ. Нэг нь мэдээж цар тахалтай холбоотой уулзалт, үйл ажиллагаа хаагдмал байсан. Хоёрт хар машины луйвар. Хэрвээ манай нам луйвардуулаагүй, Их хуралд суудалтай байсан бол өнөөдөр бүрэн утгаар нь ард түмний хүсэн хүлээсэн  сонголтыг гаргаж тавих байсан.

Одоогоор хууль тогтоох байгууллагад манай нам төлөөлөлгүй учраас улс төрийн голлох үйл явдлууд дээр ажиглагчийн байр сууринаас хандаж байна. Бидний хувьд хэн нэгнийг, ямар нэг нам хүчнийг дэмжих гэхээсээ үзэл санаанаасаа ухралгүйгээр, эхлүүлсэн үйл хэргээ үргэлжлүүлэх нь чухал байгаа юм.

Яах вэ, Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулаад бид гишүүд, дэмжигчдээсээ асуусан. Сонголтгүй сонгууль болж байна гэж манай ихэнх гишүүд, дэмжигчид байр сууриа илэрхийлсэн. Тиймээс бид ажиглагчийн байр сууринаас энэ сонгуульд хандаж байна.

-Одоо дараагийн сонгуульд дахиад хар машиндаа луйвардуулах уу, энэ улс төрийн намуудад ирээдүй байна уу?

-ШИНЭ нам мэдэгдэл гаргасан. Бусад намуудаас ялгаатай нь нам харгалзахгүй, зөв зүйлийн төлөө тууштай тэмцэе гэдэг үзэл баримтлалтай. Энэ бол үндэсний эрх ашиг шүү. Улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл буурчихсан байгаа энэ цагт  намуудыг дахиж шинэ гараанаас эхлүүлэх санаачилга гаргасан. Ингэж байж хэлбэр төдий намууд биш үнэхээр бодитой үйл ажиллагаа явуулдаг, бодитой сонгуульд өрсөлддөг болно. Үгүй бол төрийн механизм нь тэр чигээрээ намын бүтэц болоод хувирчихлаа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

-Баярлалаа, танай хамт олонд амжилт хүсье.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here