С.Энхболд: Эрдэмтдийн тооцооллоор зургадугаар сарын 15-наас халдварын тохиолдол эрчимтэй буурна

0
72

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээлийг өглөө.

Тэрээр, “Халдварын тохиолдлын тоо сүүлийн долоо хоногийн дундаж үзүүлэлтээр 541 гарсан.

Нийт өвчлөлийн тоог насны бүлгээр авч үзвэл 0-17 насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдсэн. Ялангуяа, 5-9 насны хүүхдийн өвчлөл өндөр хувьтай байна. 25-34 насны иргэдийн халдвар авсан тохиолдол хамгийн өндөр хувьтай байна. 18-аас дээш насны 2 сая 67 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Улсын хэмжээнд вакцины I тунд хамрагдалт  89,9 хувьтай байна. Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажлыг долдугаар сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Нийслэлийн хувьд дархлаажуулалтыг зургадугаар сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэй байсан ч “Файзер” болон “Спутник V” вакцинтай холбоотойгоор зургадугаар сарын 10 хүртэл хойшилсон.  

Улсын хэмжээнд тавдугаар сарын 30-аас эхлэн “файзер” вакцины дархлаажуулалт эхэлсэн. Энэ вакциныг хөхүүл хүүхэдтэй эхчүүд, архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд хийж байна. Жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалтын хувьд олон улсын эрдэмтдийн судалгаа, ДЭМБ-ын зөвлөмж зэрэгт үндэслэн бэлтгэл ажлыг хангаад явж байна.  Мөн Засгийн газраас 2,5 сая тун “файзер” вакцины гэрээ хийгдсэн.

1,1 сая хүүхдийг дархлаажуулах төлөвлөлтийн судалгааны ажлууд хийгдээд явж байна. Одоогоор Канад, АНУ зэрэг улсад 12-17 насны хүүхдийг вакцинжуулалтанд хамруулаад эхлэсэн.  “Файзер” вакцины дараагийн татан авалтад 12-17 насны хүүхдүүдийг хамруулах төлөвлөлтүүдийг гарган ажиллаж байна.

Вакцин хийлгэсэн хэрнээ халдвар авсан тохиолдол 11,913 байна.  Үүнээс бүрэн тундаа хамрагдсан ч халдвар авсан тохиолдол 3,876 буюу нийт тохиолдлын 0,53 хувь байна. Бүрэн тундаа хамрагдсанаас 14 хоногийн дараагаар халдвар авах эрсдэл буурч байна. 13,197 хүүхэд коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээ байна. Өдөрт илрэх тохиолдлын 26-30 хувийг хүүхдийн халдвар эзэлж байна. Эрдэмтдийн тооцооллоор зургадугаар сарын 15-аас эрчимтэй буурна. Энэ үед вакцинжуулалтын үр дүн идэвхитэй гарна гэдэг тооцоолол гарсан байна” гэв.

Мөн энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 4-5 сард вакцинжуулалтыг эрчимжүүлсний хүрээнд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 90 гаруй хувь нь хамрагдсан байна. Вакцинжуулалт идэвхитэй явагдвал зургадугаар сарын 15-наас тохиолдын тоо шат дараатайгаар буурна гэдэг тооцооллыг эрдэмтдийн баг гаргажээ.

Сонгууль, олон нийтийн үйл ажиллагаа явагдаж байгаа учраас хөл хөдөлгөөн огцом нэмэгдсэн. Хатуу хөл хорио тавих нь эдийн засагт асар их хохиролтой. Тиймээс хатуу хөл хорио тавихгүйгээр шаардлагатай тохиолдолд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоос өөр гарцгүй. Иргэд маань эхний тунгаа хийлгэсэн бол дараагийн тундаа хугацаандаа хамрагдах хэрэгтэй” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here