Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардууллаа

0
62

ЗХУ 1965 оноос эхлэн найрамдалт харилцаатай улс орнуудын сансрын нисэгчдийг хамтарсан нислэгт хамруулан, судалгаа шинжилгээний ажил хийх зорилготой олон улсын “Интеркосмос” хөтөлбөр боловсруулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан баг “Союз-39” хөлгөөр Улаанбаатарын цагаар 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 42 минутад хөөрч, 1981 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай буусан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-нд Монголын сансрын нисэгч, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг ОХУ, Монголын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлэн Александр Невскийн одонгоор шагнасан билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай” гэжээ.

Ташрамд дурдахад, Гэгээн Александр Невскийн одонг анх 1725  онд I Екатерина Хатан хааны зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байсан.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн № 1099 зарлигаар  2010 оны 9-р сарын 7-ны өдрөөс эхлэн Хаант засгийн үеийн түүхэн загвараараа гарч байгаа бөгөөд дөрвөн талаасаа анар эрдэнийн чулуу шигтгэн, ОХУ-ын төрийн сүлдний гол дүрс болох алтан бүргэдүүдийг суурилуулсны голд Александр Невскийн морин дээр суусан алтадсан дүрсийг байршуулсан түүхэн загвар юм. Эдүгээ Санкт-Петербургийн мөнгө зоосны ГОСЗНАК үйлдвэрт хийгддэг.

Ийн, Сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн боллоо.

Тус одонг ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өчигдөр (2021.06.01) Москва хотноо гардуулан өглөө.

Тэрээр “Ерөнхийлөгч В.Путины даалгавраар Монголын ард түмний агуу хүү, Оросын ард түмний анд нөхөр Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардуулан өгч байгаадаа их баяртай байна” гэж ёслолын үеэр хэллээ.

Ж.Гүррагчаа мөн зургаадугаар сарын 2-нд эхлэх Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцоно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here