Хурандаа Хүрэлсүхээс генерал Хүрэлсүх рүү явчих вий дээ, гайгүй байгаа?

0
65

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь багагүй хугацааны өмнөөс тодорхой болсон тус намын дарга У.Хүрэлсүхийн дүрэмгүй тоглолтууд сүүлийн үед хэрээс хэтэрч байгаа талаар бүх нийтээрээ ярьж хэлж, хэлцэж байгаа ч тусыг ер олохгүй байгаа бололтой.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр зүй ёсоор нэрлэгдэж байсан одоогийн Ерөнхийлөгчийг Цэц, Их хурал, МАН, ХҮН (13 гишүүнтэй АН-ын парламент дахь бүлгийг эс тооцвол) бултаараа хамжиж байгаад дахин нэр дэвших эрхийг нь мухарлаж орхисон. Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхийг нь хаасан Цэц, УИХ, АН-ын даргын дотоод сонгуулийн үр дүнг бүртгэхгүй татгалзсан Шүүх, Н.Алтанхуягийг түлхэж орхиод намынх нь гишүүд ч тоож санал өгөхгүй “муу нэртэй, луу данстай” С.Эрдэнийн нэр дэвшигчийн материалыг хүлээж авсан СЕХ, АН-ын тамга тэмдгийг будлиантуулсан УБЕГ гээд төрийн машин тэр чигтээ МАН-ын даргад үйлчилж байна гэж хэлэхээс яах вэ, тэр хэрээрээ аархаж омогшсон хурандаа маань дүрэмгүй тоглолтыг ар араас нь угсраагаар нь хийж эхлэв.

Гэхдээ бас эргэлзэх юм аа. Эсвэл хэн нэгэн, хэсэг бүлэг нөхөд МАН-ын даргаар туг тахих гээд байна уу ч гэж эргэлзмээр. Ингэтэл хүч түрж, олон нийтийн санаа бодлыг эгдүүцтэл, эргэтэл явуулж байгаа үйлдлүүдийн цаана үнэхээр МАН-ын дарга өөрөө байгаа гэж үү.

…Агаарт ч, газарт ч, хотод ч, хөдөөд ч мотоциклийн суудал дээр ч, аргамаг хүлгийн нуруун дээр ч, ер нь хаа сайгүй л Хүрэлсүх. Ийм зургууд сошиалаар бялхтал, бялууртал цацаж байгааг хараад ер нь У.Хүрэлсүхийн пиарчид нэр дэвшигчийнхээ рейтингийг унагах зорилгоор, ард түмэн, сонгогчид ийм зургуудад нь тааламжгүй байгааг мэдсээр атлаа зориуд “матан хорлоод” байна уу гэлтэй. Цар тахлын аюул хэвээр, удаан хугацаагаар хөл хоригдож, өдөр бүр халдварын тоо, нас баралтын тоо, вакцины айдаст стресстэж суугаа ард иргэд чинь булчин шөрмөсөө зангируулсан, бүхнийг чадагч жаргалтай эрийн дүрийг нэг л хүлээж авахгүй байгааг хурандаа маань молхи биднээс илүүтэй ойлгомоор доо. 

Гэхдээ бас гайхах юм аа.

Ядаж л сонгуулийн хууль, сонгуулийн сурталчилгааны хуулинд заасан хугацаа гэж байдаг болохыг дэргэдэх тойрон хүрээлэгчид нь сануулдаггүй юм болов уу. Мартуулан хорлоод байна уу. Эргээд санах нь ээ, нэгэн цагт бүхний эзэн, оройн дээд явсан Н.Энхбаярыг “Самбарын Энхбаяр” нэртэй болтол нь сонгогчдын нүдэнд бялууруулж, бялхуулж байгаад зайлуулчихсан, тойрон хүрээлэгчид нь сөгдөж мөргөн хөөрөг зөрүүлдэг байсан М.Энхболдыг яг л ийм арга барилаар 2017 онд туг тахичихсан юм. Яг ийм цаг үе, нөхцөл байдал У.Хүрэлсүх дээр давтагдаад ч байгаа юм шиг. Угтаа У.Хүрэлсүх дүрэмгүй тоглоод ч байгаа юм биш, хөөрхийг хөөргөж, дүрэмгүй тоглох тайзыг нь бэлдэж өгч байгаад сонгуулиар түлхчих гээд ч байгаа юм шиг.

Бүр хуучны түүхээс бас сөхөе. Нэг хүнийг хэтэрхий их долоож, тойрон хүрээлээд, вакумжуулж орхидог нь МАН-ын сул тал юм даа. Энэ байдал яв явсаар нэг өдөр хурандаа маань генералуудын тоог нэгээр нэмчихэд ч гайхах юмгүй л бололтой.

Армийн генерал Б.Дорж, дэслэгч генерал Ю.Цэдэнбалд ажлаа тайлагнаж байгаа нэг зураг байдаг юм. Армийн генерал нь арай том цол л доо. Дэлхийн II дайны үеэс дэслэгч генерал цолтой явж ирсэн Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид нь эхлээд 1975 онд Их ялалтын 30 жилийн ой гэж хурандаа генерал, дараа нь 1976 онд 60 насных нь ой гэж армийн генерал цолтой болгосон юм. Ю.Цэдэнбал дарга өөрөө тийм ч тааламжтай хүлээж аваагүй ч өнөөдүүл нь ятгасаар цэргийн цолыг нь нэмсээр л байж.

У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгож аваад, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч шүү дээ та минь, намынхаа 100 жилийн ойгоор ялсан их удирдагч шүү дээ та минь гэж байгаад генералын мөрдэс зүүлгэж орхих вий гэж нүүр халуу оргих юм. За ер нь ийм хачин жигтэй бодол төртөл, гайхаж эргэлзтэл МАН-ын нэр дэвшигчийн зүгээс өдөр бүр дүрэмгүй тоглолтууд, тавилттай ярилцлагууд, ард түмний эцэг төрхтэй зургууд…

Б.Энхбаяр

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here