АН-ын нэр дэвшигчид амаа барьсан нь

0
144

Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгууль тавдугаар сарын 1-нд болж, хоёр хуваагдсан АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар ялалт байгуулсан.

Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгууль тавдугаар сарын 1-нд болж, хоёр хуваагдсан АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар тус бүртээ ялалт байгуулсан тухай мэдээлэл гарсан юм.

С.Эрдэнэ, М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар нэр дэвшсэн бөгөөд цахим сонгуулийн үр дүнгээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр С.Эрдэнэ тодорсон. Харин О.Цогтгэрэлийн даргалсан АН-аас С.Ганбаатар, Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар нэр дэвшсэн бөгөөд цахим сонгуулийн дүнгээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тодорсон билээ. Дотоод сонгуулийн үр дүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, АН-ын гишүүн Х.Тэмүүжин нар өөрсдийн байр сууриа хэрхэн илэрхийлснийг та бүхэндээ хүргэж байна.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: Тоо томшгүй олон будлиан болсныг нэг хуудсанд багтаан буулгах аргагүй байна

“Миний бие 2020 оны 6 сарын 25-нд АН-ын даргын сунгаанд оролцохоо олон нийтэд зарлаж, 2021 оны 1 дүгээр сарын 2-нд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөө АН-ын гишүүдэд хандан мэдэгдсэнээс хойш тасралтгүй есөн сар хичээж, шударгаар оролцсон улс төрийн үйл хэргээ энэ хүрээд өндөрлөж байна. Энэ хугацаанд Ардчилсан намын доторхи хагарал, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хуулийн засаглал ба хувь хүний ноёрхлын халз өрсөлдөөн, мөнгө санхүүгийн дарамт, сонгуулийн процесс дэх шударга ёс алдагдах зэрэг олон зүйлтэй тулгарч нэн ээдрээтэй цаг үеийг тууллаа.

Энэ бол Ардчилсан намын гишүүнээр элссэнээс хойш 29 жилийн хугацаанд тус намын удирдах дээд түвшний албан тушаалд өрсөлдсөн анхны өрсөлдөөн маань байсан. Эмэгтэй хүн нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс эхлэн сунгаа хойшлох, сунгааг дүрмээс авч хаях, дүрмийг дээд шүүхэд бүртгүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого болох, цаашид дахин сунгаа зарлах гэх мэтээр тоо томшгүй олон будлиан болсон бөгөөд энэ бүхнийг нэг хуудсанд багтаан буулгах аргагүй юм. Гэтэл өнөө цагийн лидерүүдийг эрх мэдэлд хүргэхийн төлөө хэрхэн олон жил хөдөлмөрлөж явснаа эргэн дурсахад харамсах сэтгэл төрж байна.

Тиймээс, өнөөдрийн төвөгтэй нөхцөл байдлыг бий болгосон АН-ын одоогийн лидерүүд хэмээх байр суурь эзэлсэн хүмүүсийн хэнийг нь ч эрх мэдэлд аваачихын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Цаашдын улс төрийн аливаа үйл ажиллагаагаа цоо шинэ залуу үе улс төрд өндөр ёс зүйтэйгээр түрэн орж ирэх цагийг наашлуулахын төлөө зориулах болно. Учир нь цоо шинэ залуу үе Монгол улсад маань хэрхэн бойжиж, ёс зүйн өндөр хэм хэмжээгээр амьдарч ажиллахыг тэмүүлж байгааг өдрөөс өдөрт харж, тэднээр бахархаж байна. Монголын маань ирээдүй гэрэл гэгээтэй байх болтугай” гэжээ.

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: Зөв шударга сонгууль болсон бол С.Эрдэнээс өөр хүн л тодрох ёстой байсан

“Ардчилсан Намын шударга, үнэт зүйлстэй гишүүд ээ, АН-ын дотоод сунгаа шударга болно гэдэгт намайг даган мөн итгэж, цахим санал хураалтанд идэхтэй оролцож дэмжсэн та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд миний бие муу нэр нь хусавч арилахгүй этгээдийн башир аргад өртөж, Ардчилсан намын олон мянган шударга гишүүдийнхээ урмыг хугалсандаа тун харамсан хүлцэл өчье.

Энэхүү дотоод сунгааны дүнг яаж ч бодсон хүлээн зөвшөөрөх аргагүй. Үнэнээр, зөв шударга сонгууль болсон бол С.Эрдэнээс өөр хүн л тодрох ёстой байсан.

Одоо муу нуухаар сайн илчлэн нэг талдаа гарцгаая. Ардчилсан намд үүссэн өнөөгийн нөхцөл байдлыг сайн муугаараа ялгарах боломж гэж үзэж байна. Ардчилсан Намыг хувь хүний эрх, эрх чөлөө, бизнесийг дэмждэг жинхэнэ баруун төвийн нам болгон шинэчлэх, элдэв популистууд, зүүнтнүүд, луйварчид, завшаанчид зэргээс бүрмөсөн салж, нэг талдаа гарах боломж гэж дүгнэж байна.

Өлзий хутагийн цог бадран, сайн үйлс дэлгэрэх болтугай” гэжээ.

Х.Тэмүүжин: Дотроо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа улс орон авч явж чадахгүй

Х.Тэмүүжин нэрээ татаж авч байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр “Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж байна. Дотроо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй” хэмээжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here