Take action

Оффшорын дуулиан нь Путин руу чиглэсэн АНУ-ын тагнуулчдын ажиллагаа гэв

Н.Төгсмандал 8,154 үзсэн1

Лондоны их сургуулийн улс төр, эдийн засгийн ухааны профессор Ронен Палан дуулиан дэгдээгээд байгаа Моссак Фонсекагийн оффшор данстай холбоотой алдагдсан нууц материалуудын тухай шинэ гаргалгаа хийжээ. Тэрээр үүнийгээ бодит үнэнд хамгийн ойртож очих хувилбар хэмээн мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар “Панамын материалууд” нь АНУ-ын ТТГ-ын захиалгат ажил гэнэ.

Тэрээр хэлэхдээ “Оффшор данстай байх нь хууль зөрчсөн хэрэг биш, харин оффшор данс ашиглан татвараас зайлсхийх нь хууль бус үйлдэл юм. Одоогийн нөхцөл байдлаар бол энэхүү дуулианы гол бай нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин. Өнгөлөн далдлалт шаардлагатай учраас бусад олон улсын улстөрчдийн оффшор дансны жагсаалтыг ч хамтад нь ил тод болгосон нь энэ. Ийм хэмжээний мэдээлэл алдагдсан явдал түүхэнд байхгүй. Байх боломж ч ховор. Тэгэхээр энэ явдлын ард мэргэжлийн тагнуулын байгууллагын оролцоо харахад тун санамсаргүй тохиолдол байдлаар харагдахаар ч байж мэдэх юм. Үүнийг ОХУ-ын тагнуулын албаныхан ч эртнээс мэдсэн байх боломжтой. Учир нь Панамын дуулиан гарахаас өмнө Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдах зорилготой хэвлэлийнхний оролцоотой томоохон ажиллагаа хийж болзошгүй хэмээн мэдэгдэж байсныг санаж байгаа байх. Тэгээд ч Моссак Фонсека хуулийн фирмээс алдагдсан 11.5 сая нууц материал Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гарт ороод аль хэдийнэ нэг жил болсон шүү дээ. Тэр хугацаанд юуг ч хийж болно” хэмээн ярьжээ.

Үүнээс гадна нууц материалуудаас их хэмжээний жагсаалт хасагдсан нь дандаа америкчуудынх. Америкийн тагнуулын байгууллага өөрийн улсын оффшорт данс эзэмшдэг нөлөө бүхий хүмүүсийн нэрсийг жагсаалтаас хассаны дараа Оросын удирдлагууд өөрийн хууль ёсыг зөрчиж, татвараас зайлсхийхийн тулд оффшорыг хэрэглэж байгаа гэх ойлголтыг олон улсад төрүүлэхийн тулд хийсэн ажиллагаа гэдэг нь эндээс ч батлагдана хэмээн Ронен Палан нэмж тодотгожээ.

Моссак Фонсекагийн дуулианаар В.Путины багын найз, морин хийлч Сергей Ролдугины нэр дээрх хоёр тэрбум ам.доллар бүхий оффшор данс ил болсон юм. Түүнд В.Путины хөрөнгө оруулалт хамаатай байж болзошгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа. Сергей Ролдулгин бол В.Путинтай дунд сургуульд байхаасаа найзалсан төдийгүй Ерөнхийлөгчийн охин Мариагийн загалмайлсан эцэг гэгддэг хүн. Харин С.Ролдулгины компани хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдынхаа нэр, хувийн мэдээллийг хамгаалж нууцлах эрхтэй гэсэн тайлбар өгснөөр дахин В.Путиныг энэ хэрэгт хамаатуулах боломжгүй болсон аж.

Дашрамд дурдахад профессор Ронен Палан нь оффшортой холбоотой браимт материалууд дээр сүүлийн хэдэн жил уйгагүй судалгаа, шинжилгээ хийж байгаа бөгөөд “The offshore world” хэмээх ном хэвлүүлсэн хүн юм.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх