Featured Portrait

Өнөө цагийн Аянга

Politik.mn 2,170 үзсэн5

Politik.mn вэбсайтаас улс төрийн хөрөг нийтлэлийн уралдаан зарлаад байгаа билээ. Уралдаанд олон улстөрчдийн хөрөг ирж байгаа бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн Г.Уянгын хөргийг уралдаанд оролцогч Санжаагийн Оюунбат бичиж ирүүлжээ.

Би багш хүн, дунд сургуульд 30 шахуу жил тасралтгүй ажиллахдаа ардын багшийн хүндтэй бөгөөд амаргүй албыг нэр төртэй хашиж ирсэн. Хоёр зууныг дамнан багш нь багш шиг, шавь нь шавь шиг байсан тэр алтан үед ажиллаж хөдөлмөрлөж явсан би азтай сэхээтэн. Өнөөгийн төрд зүтгэж яваа цөөхөн эмэгтэй улс төрчдийн нэг, монгол төрийн томоохон түшээ, УИХ-ын эрхэм гишүүн Гантөмөрийн Уянгыг би 30 жилийн өмнөөс мэдэх юм. Тэр үед миний Уянгаа хоёр салаа гэзэгтэй, улаан бүч намируулсан, сурагчийн дүрэмт хувцастай жаахан охин ангийн хамгийн эхний ширээнд ам хуурай суудаггүй, идэвхтэй сурагч байж билээ. Тухайн үед дунд сургуулийн тавдугаар ангиас сургуулийг төгсөн төгстөл монгол улсад зөвшөөрөгдсөн цорын ганц гадаад хэл орос хэлийг хамгийн олон цагаар заадаг байв. 1986 оны есдүгээр сарын 1-нд шинээр дунд анги руу шилжин орж ирсэн тавдугаар ангийн долоон бүлэгт  орос хэл заах багш миний бие шинэхэн шавь нартайгаа учран золгосны дотор 5в ангийн сурагч, онц сурлагатан Г.Уянга байсан хэрэг ээ. Энэ цагаас хойш багш шавь хоёрын олон жилийн сайхан харилцаа, харилцан хүндлэл, хол явбал мессежтэй, ойр явбал мэндтэй явах уртаас урт зам харгуй эхэлсэн түүхтэй.

              Цагийн байдал ороо бусгаа өнөөгийн монголын улс төрийн тогоонд ард түмэнтэйгээ хамт чанагдаж, ухаажин хэрсүүжиж, ур чадвар суун, жилээс жилд жин туухай дарах болсон улс төрч-хатагтай Г.Уянгыг мэргэн сонгогчид нь, ард иргэд, олон түмэн нь янз бүрээр дүгнэх боловч багш наддаа бол үргэлжийн цовоо цолгин, дуу шуутай, нэг л зангаараа, хичээл дээр гар ам хоёр нь байнга завгүй бяцхан охиноороо үлдсэн юмаа. 80-аад оны сүүлийн хагасын сурагчдын жишгээр тэр үеийн хүүхдүүд сайн цагийн сүүлчийн төгсөгчид байсан санагддаг. Учир нь аливаад үнэн сэтгэлээсээ хандах, багш нараа хүндлэх, тэднээс суралцах, үүрэг хариуцлагаа ухамсарлах тал дээр өнөөгийн их сургуулийн оюутнуудыг ч хол орхихоор… Чухам ийм л шилдэг төгсөгчдийн нэг нь Баянгол дүүргийн тэргүүний 40 дүгээр бүрэн дунд сургуулийн 10в ангийг 1993 онд төгссөн Гантөмөрийн Уянга байсан билээ. Хаана л хүүхдүүд бөөнөөрөө байна, тэнд Уянгаа л байх. Олон хүүхдүүд дунд орчихоороо нуруу намхан тул бараг харагдахгүй, ангийнхан нь ёстой л Уянгаагаа тойрон эргэлдэж, тоглон наадаж харагддагсан. Эдний ангийнхан маш эв нэгдэлтэй, тухайн үеийн хэллэгээр “коллектив”-той, анги даасан багш нь н.Эрдэмчимэг гэж ёстой л нэрэндээ тохирсан эрдэмлэг, эрч хүчтэй, залуухан бүсгүй. (Харин би параллель анги болох 5е ангийн анги удирсан багш.) Уянгаад ангийн багш н.Эрдэмчимэгийн нөлөө их байсан болов уу хэмээн боддог, учир нь тэр багш маш зарчимч, хатуу шаардлагатай, сурагч бүрт хүрч ажилладаг ховорхон сурган хүмүүжүүлэгч байсан даа. Хүүхдүүд аль дүрсгүйтэх, дэггүйтэхийг тэр гэхэв, харин дараа нь уучлалт гуйдаг нандин чанар зөвхөн эдний ангид байж билээ.

              Одоо бодоход Уянгаа анги болон сургуульдаа сонгуульт ажилтай, нийгмийн идэвхи сайтайн дээр айлын ууган хүүхэд болохоор харьцангуй эрт бие даасан нь түүнийг манлайлагч болгосон хэрэг ээ. Хичээлээс хоцорно гэж үгүй, багшийн яриаг ихэд анхааран сонсоно, хичээл дуусан дуустал гар байнга өргөөстэй. Балчир насных нь чухам энэ л чанар өнөөдөр ч УИХ-ын танхимд тодоос тод харагддаг. Үнэндээ ч ард түмний жинхэнэ дуу хоолой болж байгаа цөөн улс төрчдийн нэг, дээр нь хувийн зохион байгуулалт, хэл ярианы хөгжил онц сайн, шударга үнэнийг зүрхлэн хэлж чаддаг тоотойхон түшээдийн өнгө нь…

Аравдугаар анги төгссөнөөс нь хойш Уянгаагаа харалгүй явж байсаар 1999 оны есдүгээр сарын 1-нд 40 дүгээр сургууль дээрээ тааралдаж билээ.  Энэ өдөр тус сургуулийн түүхэнд томоохон үйл явдал болж, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Нацагийн Багабанди хичээлийн шинэ жилийн нээлтэнд ирж оролцсон юм. Н.Багабанди ерөнхийлөгчийг дагалдан тэр цаг үеийн хамгийн том телевиз, хэвлэл мэдээллийнхэн ирсний дотор “Ийгл” телевизийн сэтгүүлчээр нэрд гарч байсан Уянга ирсэн юмсанж. Есдүгээр сарын 1-ний өдрийг хэлэх үү, Ерөнхийлөгч маань ирснийг ч хэлэх үү, Тэргүүн хатагтай А.Оюунбилэг манай сургуульд багшилж байсныг хэлэх үү, ёстой л баяр дээр баяр болж түм түжигнэсэн өглөө байсансан. Сургуулийн гаднах нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж гоёлын хувцсаа өмссөн багш сурагчид дотогш орлоо. Ерөнхийлөгч нэгдүгээр давхарт байрлах захирлын өрөөнд заларч, харин бид тэр хавьд нэг эгнээ болон хүлээн зогсож байсан тэр үед бөөн микрофон болон сэтгүүлчийнхээ зэмсгийг агссан Г.Уянгаа гараад ирлээ. Олон багш нар дотроос намайг олж харангуут тэвэрч явсан нөгөө юмнуудаа шидчихээд ухас хийгээд миний хүзүүнээс зүүгдчихэж билээ.

-Хүүе! Ерөнхийлөгчөө дагаж яваа том сэтгүүлч ингэж болдог юмуу? гэхэд

-Яадгийм, багшийгаа харсан чинь сэтгэл хөдлөөд… хэмээн эрхлэх, тунихын завсар хэлсэн юмсан. Үнэндээ ч төгсөөд зургаан жил болсон хойноо сургууль дээрээ нэр төртэй ирсэн шавиараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн шүү. Орой нь Н.Багабанди ерөнхийлөгчөөс ярилцлага авсан Уянгаа маань телевизийн бүх сувгаар гарсан билээ. Энэ бол ид 25-тай, иртэй сэтгүүлч Г.Уянга байлаа.

Үүнээс хойш 10 гаруй жил өнгөрч, 2010 оны намар, анхдагч алдартны өлгий нутаг Булган аймагт  шинээр үүсэн байгуулагдсан Хөдөө аж ахуйн МСҮТөвийн захирлаар томилогдон очоод би удаагүй байлаа. Намрын сэрүү унаж, олон жилийн өмнө бурханы оронд одсон ижий, аав бодогдсон нэгэн уйтайхан өдөр “Улаанбаатараас амлалт нэхдэг Г.Уянга ирж яваа гэнээ” гэсэн зар аймгийн төв даяараа тарсан юм. Төвөөс нэлээд зайтай ажиллаж байсан шинэхэн захирал миний сонорт хүрсэнийг бодоход зарыг их л шуурхай түгээж дээ. Өөрийн мөртлөө хүний юм шиг санагдах болсон Булган сумын төвд хайртай шавиа олоод харчих санаатай оройхон хэрд аймгийн Соёлын ордныг зорив. Хоёр жилийн өмнө улс төрчдийн амласан бэлэн мөнгийг нэхэхээр зориг шулуудсан олон хүний урсгал ордон руу хөвөрсөөр, Соёлын ордонд батганы хошуу ч багтах янз алга. Би ч үүд хавиар зам тосон зогссоор байв. Гэнэт Улаанбаатараас ирсэн гэх нилээд хэдэн эрэгтэй хүний дунд миний жаахан Уянгаа тогоон чинээ гэдэстэй явж харагдах юм. Гэр орон, үр хүүхдээсээ хол байгаа би хайртай шавиа тийм байдалтай явахыг нь олж хараад дуудах гээд дуу гардаггүй, дэмий л гараараа дохитол Уянгаа нөгөө л цовоо цолгин зангаараа гүйн ирж үнсүүлээд: “Багш аа, хурлын завсарлагаар уулзана шүү” гэчихээд индэрлүү яаран алхаж билээ. Амлалтаа нэхэж, ам асуух Булганчуудын цуглаан хэдэн цагаар үргэлжилж шөнө дөл болгов. Өнөө маргаашгүй төрж амаржих болчихсон, гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэх тун шахсан миний Уянгаа тэрхүү урт удаан хурлыг нэг мөр дуусгаж байж надтай хэдхэн үг сольж билээ.

-Багш аа. Энэ миний гурав дахь хүүхэд. Би багшийгаа гүйцчихлээ. Та минь бас гурван хүүхдийн ээж. Тийм биз дээ?

-Тэгэлгүй яахав. Бид хоёр адилхан болох нь, чамдаа баяр хүргье. Чи минь яах гэж ийм хол явж байгаа юм бэ. Эндээс бас Архангай орно гэсэн үү?

Бид хоёрын ярьсан юм ердөө л энэ. Анхны цас хаялж, хүйтний ам наашаа харсан тэр шөнө хангайн буга шиг томоос том эрчүүдийн дунд яваа тогоон чинээ гэдэстэй шавилхан Уянгаагаа өрөвдөж өр өмрөх шиг болж билээ. Шавийнхаа хоёр хацрыг ээлжлэн үнсээд:

-Миний охин биеэ бодоорой. Хөдөөний замд хүүхдээ гаргачихав аа гэхэд Уянгаа тас тас хөхөрч:

-Санаа зоволтгүй дээ, багш аа. Хоног нь арай болоогүй байгаа юм аа гэсээр холдон одсон юмсан. Эгэл жирийн олон түмний өмнөөс эрх баригчидтай үзэлцэж, эмэгтэй хүн тэр дундаа эх хүнд оногддог их ачааны хажуугаар энэ жаахан биед ахадсан тэгнээг үүрч яваа шавиараа бахархах сэтгэл төрж байсан ч өрөвдөн хайрлаж, шөнөжин залбирсаар үүрийн гэгээтэй золгосон доо. Өөрийгөө ганц тайвшруулах зүйл маань Уянгаатай маань хамт тухайн үед улс төрд хүчтэй гарч ирж байсан, “Хатагтай” эмнэлгийн Отгонболд эмч явсан бөгөөд хээрийн хойморт юу юугүй амаржих болвол тэр сайн эмч эх бариад авчих байгаа хэмээн өөрийгөө тайвшруулж байсан юм. Хойтон намар нь бас л тэр цагтаа Булганаар очсон юмдаг. Тэгэхдээ надад “Нөгөө амлалт нэхэхтэй хамт гардаг хүүхэд маань ойндоо хүрч байгаа шүү” гээд нөгөө л цоглог зангаараа цангинатал инээж билээ. Тэтгэврийн хөгшчүүл болон оюутан залуустаа амлагдсан нэг сая төгрөгийг нь өгүүлж чадсан хэмээн баргийн даргыг тоодоггүй Булганчууд тэмцэгч Г.Уянгад онц дүн тавьсан гэж дуулдсан шүү. Ийнхүү би ч бас 35 настай тэмцэгч-ээжийг таньж үлдсэн болно.

                2012 оны зуны эхэн сар. Өнөө маргаашгүй УИХ-ын сонгууль болох гээд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байсан цаг. Нэгэн орой зурагт хараад сууж байтал Уянгаа гараад ирдэг юм байна. Уянгын аав Гантөмөр гуай хүнд өвчлөөд удаж байгаа, бага хүүхэд нь эмнэлэгт хэвтэж байна гээд… Өвчтэй аавыгаа эргэчихээд Эх нялхаст байгаа хүүгээ сахихаар явж байгаа Уянгааг хараад монголчууд нэгийг бодсон байх аа. Хэдхэн хоногийн дараа улс орон даяар УИХ-ын ээлжит сонгууль явагдаж, миний Уянгаа нийслэлийн Чингэлтэй дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулсанаар ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн төрийн түшээ болсон доо. Иймээс 40 настай Г.Уянгыг монголчууд бүгд мэднэ, учир нь элэг нэгт түмнийхээ төлөө босож тэмцэж, зовж зүдэрсэн өдөр хоног, сар жилүүдийнх нь төлөө бид бүгдээрээ түүнд өртэй. Миний хайртай Уянгааг янз бүрээр хэлэх, дайрах давшлах бүрт шавиа дотроо өмөөрч, өмөрч явсан эгэл жирийн багш миний далдхан хүслийг бурхан сонссон бололтой. Хорооллын жаахан охиноос 21-р зууны том улс төрч болтлоо өссөн шавийнхаа үнэн төрх, мөн чанар, хүний мөсийг бусдад таниулж, өөрийн мэдэх Уянгааг өргөн олонд мэдрүүлэх гэсэн хүсэл минь биеллээ. Хүслийг минь биелүүлсэн “Хөрөг” нийтлэлийн санаачлагч баг хамт олонд баярлалаа.

              Харин Гантөмөрийн Уянга гэж хэн бэ гэдгийг монголчууд таньж эхлээ юу даа. 17-р жарны гал бичин жилийн хаврын адаг сарын шиний 12-ны цагаан морин өдөр монголд цоо шинээр гарч ирсэн Тусгаар Тогтнол- Эв Нэгдлийн намын анхдугаар хурлыг телевизийн нэгэн сувгаар хальтхан харж билээ. Дундаас нь хойш үзсэн тэр хурал ёслол төгөлдөр болж монголынхоо нүүр царай, өнгө төрхийг тодорхойлдог олон, олон хүмүүс шинэхэн намын дарга Г.Уянга болон түүний журмын нөхдийг дэмжихээр ирсэн байв. Манай нэрт яруу найрагч, МУСГЗ, доктор, профессор Л.Төмөр-Очир “Чоно ер нь яасан юм бэ?” хэмээх алдартай шүлгээ дуудсан бол МУГЖ Ч.Алтан-Өлзий монгол ардын үлгэрийн  сүйхээтэй, сэргэлэн баатар “Болдоггүй бор өвгөн”-тэй Уянгааг минь зүйрлэж байх юм. Элэг нэгт ахан дүүс нь , эх орон нь төрүүлж өсгөсөн охиноо таних өдөр ирдэг л юм байна.

 -“Ирвэсний хүү” хэмээх өхөөрдөм нэрээрээ бөмбөрцөг дэлхийд танигдсан ч өөрийн эх орондоо хараахан танил болоогүй, хорин хэдхэн насандаа нэн харамсалтайгаар хорвоог орхисон тэр хайр дүүрэн монгол залуугийн төлөө төрийн түшээдээс хэд нь Их Жанжины талбай дээр харууслаа илэрхийлж зул өргөсөн билээ?

-Хүннү дээдсийн үүх түүхийг хөрсөн доороо нуусан Ноён уулын төлөө хэн маань нойр хоолгүй тэмцэж, эрхэм сайдын эцэгт нь хүртэл захидал бичихдээ өвөг дээдсийнхээ өнгөрсөн түүх, Чингисийн монголын босоо бичгийн хичээлийг ой тойнд нь ортол заасан билээ?

Амлалт нэхэж ард түмэнтэйгээ хамт байсан

Жудгаа харуулж “Жудагт монгол”-той цуг жагссан

Тусгаар тогтнолоо өмөөрч шинэхэн нам байгуулсан

Тулгандаа галтай монголын эгэлгүй нэгэн тэмцэгч

Монгол туургатны суутай мэргэн хатдын буухиа

Монгол тулгатны цуутай танхил охидын түүчээ

Монголын улс төрд үе үехэн буух аянга

Монголын ирээдүйг гэрэлтэй харах учир-Уянга

Нийслэлийн БГД-ийн 5-р хорооны оршин суугч, 40-р бүрэн дунд сургуулийн ахмад багш, АБТА, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн Мэргэжлийн сургалт-Үйлдвэрлэлийн төвийн захирал Билсэг овогт Санжаагийн Оюунбат

 

Сэтгэгдэл (5)

  1. I wanted to create you that little word just to give many thanks as before on the great views you have contributed in this article. This has been shockingly generous of you in giving extensively what exactly many of us would have distributed as an ebook to get some dough on their own, particularly seeing that you might have tried it in the event you desired. The points likewise served like the great way to fully grasp that some people have the identical eagerness the same as my personal own to see many more regarding this issue. I’m sure there are numerous more pleasurable times in the future for folks who browse through your website.
    adidas stan smith women http://www.adidasstansmith.us.com

  2. Would you be involved in exchanging links?

  3. I would like to get across my love for your generosity supporting those individuals that actually need assistance with the subject matter. Your real dedication to getting the message throughout appeared to be really helpful and has always made guys and women just like me to arrive at their desired goals. Your amazing helpful guidelines signifies a great deal a person like me and especially to my colleagues. Thank you; from all of us.
    lebron soldier 11 http://www.lebron-soldier11.us.com

  4. I simply wished to say thanks all over again. I do not know the things that I could possibly have worked on in the absence of the creative concepts revealed by you concerning such subject. It was a frightful dilemma in my position, but discovering the very expert technique you dealt with that forced me to cry over gladness. I will be happier for the advice and as well , pray you know what an amazing job that you are accomplishing educating people by way of a site. I know that you have never met any of us.
    lacoste polo http://www.outletlacoste.us.com

Сэтгэгдэл үлдээх