Portrait

Ирээдүйн удирдагч

Politik.mn 12,212 үзсэн0

     Л.Гантөмөр хэмээх шамбийсан нөхрийг тун хямсгар нэгэн болов уу хэмээн дөхөж очиж ярилцахыг ч боддоггүй байлаа. Гэсэн ч түүний гүн хүндэтгэлтэй бөхөлздөг япон боловсролын цаана гүндүүгүй монгол эрийн мөн чанар цухалзаж байдгийг хожим нь олж харсан юм. Нэг их цэмцгэнэж ёсорхдоггүй, манж зан гаргадаггүй, шулуухан үгтэй болох нь удаж төдөлгүй илэрхий болов.Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай эр ажээ.   “Гурван удаа сонгогдсон хүний дуу” гэж байгаад л С.Жавхлангийн “Би тэвчихгүй” гэдэг дууг “аваад хаяна” шүү дээ. Үнэндээ ч дархан түшээ л итгэлтэй дуулахаас биш сайн дурынхны  хувьд хүлээн зөвшөөрөгдөхөд амаргүй, хүнд үгтэй дуу  л даа.  Мань эрийг “Сагс сайн тоглодог” гэж оюутан ахуйн  найз нь хуучилсан.  УИХ-ын гишүүн, сайд хүн гэхэд заримдаа хэтэрхий энгийн хувцаслана. Ноосон малгайтай  түүнийг гудамжинд алхаж явахад нь анзааралгүй өнгөрсөн удаатай. Намаар нэг их ялгаварлаад байдаггүй хүн юм билээ. БСШУЯ-нд МАН-ын угшилтай этгээдүүд ч газар хэлтэс толгойлдог.  Эхлүүлсэн шинэчлэлээ  ямар ч үед үргэлжлүүлэхийн тулд МАН-ын боловсролын бодлого тодорхойлолцох мэргэжлийн хүмүүсийг ч хажиглалгүй авч үлджээ.

     Сүхбаатар дүүрэгт АН-аас гурван удаа сонгогдсон гишүүн. Тойргоо сольж, бууриа сэлгэдэггүй, эхнэрээ ч өөрчилдөггүй нөхөр.   Эхнэртэйгээ зургадугаар ангиасаа үерхэж эхэлжээ. Ирээдүйн гэргийдээ захиа өгөхдөө тавын бидоныг шуудангийн хайрцагны үүргээр ашигласан удаатай.   Гадаадад олон жил сурсан ч салж хөндийрөөгүй хосууд. Гэргий нь “Алдарт эх”-ийн одонтой ээж. Дөрвөн хүүхдийн эцэг тэрбээр боловсролын салбарт хийж байгаа шинэчлэлийнхээ үр дүнг хүүхдүүдээсээ ч мэдэрдэг. Фэйсбүүк, твитерт өглөө бүр оюуны дасгал хийлгэж, тоо бодуулдаг  энэ хүн дунд сургуульд байхдаа ч математикийн олимпиадын улсын аварга болж байсан удаатай. Япон улсын Сандай коллежийг 1996 онд цахилгаан холбооны инженер мэргэжлээр, 1999 онд Нагаока технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн нь өнөө ч түүнд ашиг тусаа өгсөөр. Уг нь инженер мэргэжлээр суралцсан ч замаа буруулж, улс төрч болсондоо багшаасаа уучлал гуйсан удаатай гэнэ. Төгсөгч нь төрийн сайд болсонд япон багш нар нь баяр хүргэхээр Монголд ирж байжээ. Монгол руу гүйдэлтэй япончууд үүгээр тогтохгүй.  Нобелийн шагналт физикч Амано доктор Лу.Гантөмөр сайдын урилгаар ирж, Туушин зочид буудалд лекц уншихдаа “Эрдэмтэд асуудлыг шийдэхийн тулд ажилладаг. Монголд байгаа асуудлыг шийдэхийн тулд хамтарч ажиллая” гэсэн юм.    Японы техник мэргэжлийн  коллеж болох  Коосэн сургалтыг Монголд нутагшуулж, Монголын  Коосэн сургуулийн  гэрчилгээг Японд хүлээн зөвшөөрөхөөр болсон нь тэндэхийн боловсролтой сайдын хаялага байлгүй. Наран улсад төгссөн сайдыг япончууд халуун дотноор хүлээж авдгийн  адилаар манай Коосэн төгсөгчид, Японд сургахаар болсон  мянган инженерүүд маань ч япончуудтай ойлголцож,  бизнесийн хамтрагчид болох  цаг холгүй.

     Эдийн засгийн хямралтай   үед ч боловсролын салбарт хөрөнгө оруулалт орж ирсээр байгааг гайхсан хүн цөөнгүй.   “Сайд нь  царайлаг учраас салбартаа хөрөнгө татаад байна”  гэж ахмад сэтгүүлч ах “атаархсан”  удаатай.    БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн  үед  дэлхийд алдартай 100 их, дээд сургуульд оюутануудаа сургаж эхэлснийг сайшаая.   Хэдийгээр эдийн засаг сайнгүй  байгаа ч   манай залуус мянга мянгаараа гадаадад суралцаж төгсч ирэхэд  “Хонгилын үзүүрт гэрэл харагдах” нь лав. Саалиа бэлтгэхээр саваа бэлд гэдэгчлэн их сургуулиуд лабораторитой болж байгаа нь яамай даа.  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль гэхэд л  дэлхийн түвшинд судалгаа хийх цөм лабораторитой болоод авсан. Тус сургуулийн захирал Г.Батбаатар “2014 онд гарсан шинэ технологи, дэлхийд тавхан байдаг  тоног төхөөрөмжийн зургаа дахь нь Монголд суурилагдлаа” хэмээн гайхуулж байсныг яана. Энэ мэт тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хүнийг генийн түвшинд оношлох  аж.  Юутай ч манай судлаачид ялааны нүдэн дээр суусан бактерийг харах чадвартай тоноглолуудаар “зэвсэглэсэн” аж.  Зөвхөн анагаахын  цөм лабораторид гэхэд л БСШУЯ-наас таван  тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн юм. Цөм лабораторитой болсоноор манай эрдэмтэн судлаачид дэлхийн түвшний судалгааг хийх боломжтой болжээ. Судалгаа хийхээр шалгарсан  төслийн багийн гишүүн, доктор Ш.Чимэдцэрэн  Монгол орны байгалийн гаралтай түүхий эдээс эмийн бодис гаргаж авах технологи боловсруулахаар ажиллаж байгаа юм.“Хэд хэдэн оронд очиж судалгаа хийх боломж надад олдсон. Өндөр хөгжилтэй орнуудын их  сургууль дээр явагддаг энэ бүх судалгаа нь эцэстээ ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэдэг. Технологи боловсруулна, тэр патентийг бид үйлдвэрлэгчдэд өгнө гэсэн үг. Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологиуд дээр ажиллаж,  сураад ирсэн. Гэтэл лаборатори хязгаарлагдмал  байлаа. Харин одоо эх орондоо  эргэж ирээд ажиллах нөхцөл бүрдэж, үе үеийн эрдэмтэн судлаачдын  мөрөөдөл биелэлээ” гэж энэ бүсгүй ярьсан шүү. Лу.Гантөмөр сайдын Багануурт байгуулахаар зүтгэж буй шинжлэх ухааны хотын суурь, тулгуур нь  Ш.Чимэдцэрэн шиг судлаач эрдэмтэд байх юм. “Шинжлэх ухааны хот байгуулах хууль эрх зүйн орчноо зөв хийвэл хөрөнгө оруулагчид 5-10 тэрбум оруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Шинжлэх ухаанаар ашиг олдог бүх хүн энд цуглана гэж найдаж байна. Шинжлэх ухаан боловсролын цогц тогтолцоо руу мөнгөтэй хүмүүс хөрөнгө оруулж байгаа” гэж Лу.Гантөмөр сайд ярьсан юм.

     Монголчууд юу үйлдвэрлэж чадах вэ гэдэг асуултанд хариулахад амаргүй дээ.  Л.Гантөмөр  “Дэлхийн хүмүүст зарах шинэ бүтээгдэхүүнгүй бол бид ядуу хэвээрээ л дуусна. Монголчууд юу үйлдвэрлэх вэ гэдэгт шинжлэх ухаан л хариулна. Энэ асуултын хариу судалгаагаар гардаг. Юуг үйлдвэрлэхээ мэдчихвэл яаж үйлдвэрлэх, хэнд худалдах тодорхой болдог” хэмээн  ярьсан. “Аж үйлдвэрийн эрин дуусч, мэдлэгт суурилсан нийгэм ирж байна” хэмээн тэр тодорхойлсон юм.  Юу үйлдвэрлэхийг  хэлж, шинэ бүтээгдэхүүн бий болгох технологийг гаргаж чадах монгол залуус дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургуулиудад сурч  байгаа. Монголоо хөгжүүлж, эх орондоо сайхан амьдрах боломжийг цогцлоох шинэ цагийн  иргэдийг тасралтгүй  бэлтгэхийн тулд цэцэрлэг, дунд сургууль, их дээд сургуулиудыг хамарсан боловсролын шинэчлэл өрнүүлсэн билээ.  Өмнөх шинэчлэлүүдээс юугаараа ялгаатай байсныг лавлахад-:

-Бодлогоо гаргаад ”Та бүхэн үүнийг зөвшөөрч байна уу” гэж багш нараасаа асуусан” гэж сайд онцолсон. Сургууль болгон дээр асуудлыг тойрч ярьжээ. Харилцан ярилцах,  энэ хэлбэр бүтэн гурван жил үргэлжилсэн гэхээр багш нар  гар сэтгэл оролцсон шинэчлэлээ дэмжиж, хамгаалах нь зүй.

“Улс орны асуудлыг  50-100 жилээр харахаас биш хоёр, гурван жил, нэг төслийн хугацаагаар таслан тооцож таарахгүй” гэж Лу.Гантөмөр сайд хэлсэн юм. Мэдлэгт суурилсан нийгмийг бий болгох түүний мөрөөдөл сонгуулийн дөрвөн жилээр хязгаарлагдахгүй.  “Мэдлэгийн эдийн засгийг бий болгохын тулд бүх амьдралаа зориулна” гэж саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө Л.Гантөмөр хэлсэн байна лээ.

Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны маргааш өглөө Л.Гантөмөр аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нар, сургуулиудын удирдлага, багш нарын оролцсон семинарт ирж билээ. Гурав хоног үргэлжилсэн семинарын сүүлийн өдөр Засгийн газар огцорч таарсанд   уулзалтад оролцогчид ихэд цочирдсон агаад үг хэлсэн хүмүүс бүгд л орон нутагт ямар шинэ өөрчлөлт, ахиц гарсныг дурдаж, “Боловсролын салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээн хүсч байсан юм.  Л.Гантөмөр гишүүн ч эхэлсэн ажлаа үргэлжлүүлэхийн тулд ичиж нэрэлхэхгүй зүтгэнэ  гэдгээ хэлсэн. Үнэхээр ч тэрбээр ажилдаа үлдсэн хоёрхон сайдын нэг болсон юм. Боловсролын салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэхийн  төлөөх салбарынхны чин хүсэл түүнийг торгоож үлдээсэн  биз. Зөвхөн өнөө маргаашаа бус алсыг харж алхдаг Л.Гантөмөр сайдыг ирээдүйн удирдагч хэмээн тодорхойлмоор санагддаг юм.

Сэтгүүлч Б.Янжмаа 

Сэтгэгдэл үлдээх