Hot Topic + Experts

Гаукын гадаад бодлого ба Монголд хэлээгүй буцсан үгс

О.Наранхүү 1,006 үзсэн1

Өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчилсан онцгой зочин бол ХБНГУ-ын ерөнхийлөгч Иоахим Гаук. Түүний хийсэн айлчлалын үр дүн болон өдгөө 75 настай Гаукын намтар, улс төрийн замналын талаар хэвлэлүүдээр хангалттай нийтлэгдсэн тул бид өөр өнцгөөс мэдээллийг хүргэж байна.

Гаукын хэлээгүй буцсан үг

Joachim_Gauck_1Иоахим Гаук Монголд айлчлаад буцахдаа нэг зүйлд тун сэтгэл хангалуун буцсан нь лавтай. Учир юун гэвэл тэрээр хүүхэд наснаасаа эхлэн коммунист дэглэмийн эсрэг үзэлтэн болон төлөвшиж, амьдралынхаа олон арван жилийг зөвлөлтүүдийн бий болгосон үзэл суртлын лагерийг нураахын төлөө зориулсан нэгэн юм.

Тиймээс Латви, Литва, Эстони зэрэг ЗХУ-ын нэгэн хэсэг байсан орнууд болон хүйтэн дайны үеийн соц лагерийн бусад улс оронд ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгчийн хувиар төрийн айлчлал хийхдээ ардчилал ялж коммунист дэглэм устсаныг заавал ч үгүй бахархан тэмдэглэж явдаг.

И.Гаук нэгэн удаа “Би есөн настайдаа л социализмыг байгуулах нь шударга бус тогтолцоо гэдгийг мэддэг байсан” хэмээн өгүүлж байв.

Хэдийгээр тэр Монгол Улсад айлчлах үеэрээ байнга хэлж явдаг үгсээ хэлээгүй ч Азийн цээжин дэх Монгол Улс ардчиллын замаар явж байгаад сэтгэл хангалуун буцсан нь дамжиггүй.

Азид ховорхон хөл тавьдаг нэгэн

Иоахим Гаук 2012 онд Ерөнхийлөгч болсон цагаасаа өнөөг хүртэл 100 давсан улс орнуудад төрийн айлчлал хийхдээ Азийн тав, зургаахан улсад ирж байжээ. Израйль, Палестины Баруун эрэг, Афганистанд 2012 онд, Энэтхэг, Бирм, Туркт 2014 онд, Өмнөд Солонгос, Монголд 2015 онд тус тус айлчилж Ази тивд хөл тавьсан. (Тэрээр Монголд ирэхийн өмнө Өмнөд Солонгост айлчлаад тэндээсээ Улаанбаатарт шууд нисэж ирсэн юм)

Гаук Оросыг тойрдог

Одоогоор 2015 оныг дуустал түүний дараагийн айлчлалын тов зарлагдаагүй. Бусад улсуудын ерөнхийлөгчтэй харьцуулбал Германы ерөнхийлөгч нь улс түмнийхээ бэлгэдлийн чанартай гэгддэг боловч гадаад харилцаагаа тодорхойлох томоохон субьект байдаг. Тийм ч учраас Германы ерөнхийлөгч гурван жилийн дотор таван тивийн 100 хол давсан улс оронд айлчилжээ. Сонирхолтой нь тэрээр ОХУ-д нэг ч удаа айлчилж үзээгүй. Оросууд түүнийг урьдаггүй, гэсэн ч тэр манай хойд хөршийн хил хязгаарыг эмжих шиг л болдог. Латви, Литва, Эстони, Финлянд, Украин гэх мэтээр.

Яагаад?

94401606Онцлог нь тэрээр насаараа Зөвлөлт гүрэнд, оросуудад таагүй ханддаг байсан хандлагаараа Герман улсын гадаад харилцааг тодорхойлж яваа гэгддэг. Хэдийгээр канцлер Ангела Меркелийн засгийн газар сүүлийн үед Украины асуудлаар аль болох эв эеийг сахисан бодлого явуулж, оросуудтай ойртож байгаа, тэр бүр Атлантын цаадах их гүрний хэлсэн үгээр явахаа больсон ч Холбооны ерөнхийлөгч нь энэ харилцааг тэнцвэржүүлдэг гэдэг.

Нэг үгээр хэлбэл И.Гаук Украины ерөнхийлөгч Петро Порошенкогийн урилгаар Киевт айлчилж Оросын аюул, нөлөөнөөс ангид байх нь чухал тухай лекц унших, Польшийн офицерүүдийг хоморголон устгасан гэх Катыний ойд очиж цэцэг өргөх мэтээр Ангела Меркелийн явуулж буй зөөлөн туйлт бодлогыг Оросын эсрэг талд эргүүлж тэнцвэржүүлдэг гэнэ.

Нэг ёсондоо Гаукын үзэл баримтлал нь ардчилал болон Герман үндэстний эрх ашгийн дуу хоолой болж гадаад харилцаандаа нөлөөлдөг гэдэг бол Меркелийн засгийн газрын гадаад улсуудтай явуулж байгаа бодлого нь өдөр тутмын амьдралын зайлшгүй шаардлагаар л явуулдаг ажил болох тухай олон улсын ажиглагчид бичдэг.

 Нэр цэвэр, гар цэвэр нэгэн

Хэдийгээр тэр бэлгэдлийн улстөрч боловч Германдаа асар өндөр рейтингтэй нэгэн. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдахдаа эргээд тун сонин тохиолоор ялалтыг эргүүлж авсан байдаг. Түүнтэй ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялсан Кристиан Вульф 2012 онд авлигын хэрэгт холбогдож парламентад суудалтай нэгээс бусад бүх намууд Иоахим Гаукыг нэр цэвэр хэмээн ерөнхийлөгч болгосон байдаг. Одоо тэрээр дотоодынхоо улс төрчдийн дунд рейтингээрээ гуравт буюу канцлер Ангела Меркелийн өмнө жагсдаг.

493506425-joachim-gauck-angela-merkel-Mo7p0qBduef

Зочин ба гэрийн эзэн

ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч И.Гаукыг Монголд айлчлахыг урьсан “гэрийн эзэн” Ц.Элбэгдорж бол мэдээж хэрэг соц нийгмийг унагахад үзэл бодол дуу хоолойгоо илэрхийлж багагүй хувь нэмэр оруулсан хүн. Харин Гаук насаараа энэ байр суурин дээр хатуу зогсож амьдрал нь тэр чигээрээ тэмцэл болсон нэгэн. Хүйтэн дайны бэлгэдэл болсон Берлиний ханыг нураахад түүний оролцоо их. Мөн нэгэн сонирхолтой зүйл нь И.Гаук, Ц.Элбэгдорж нарын өрсөлдөгчид буюу өмнөх ерөнхийлөгч нар нь хоёул авлигын хэрэгт холбогдож байсан түүхтэй. Тиймээс урьсан эзэн, уригдсан зочин хоёрын замнал энэ удаад ижил төстэй талуудтай байсныг тэмдэглэх нь зүйтэй бизээ.

MPA PHOTO -8995

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх