Hot Topic + Experts

Суурьтай бай Ерөнхий сайд аа!

Н.Эрдэнэ 15,427 үзсэн0

Ерөнхий сайдын дороо суурьгүй, шийдэмгий бус байдал түүний танхимын нэр хүндийг унагахаас гадна нийгэмд ч сөргөөр нөлөөлж байна. Аль эрт Г.Шийлэгдамбыг хэрэгт ороогдож, баривчлагдах үеэс л Эрүүл мэнд, Спортын сайдад Ц.Лхагвасүрэн гэх нэр дуулдаж эхэлсэн. Тэр үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад зүтгүүлэх тухай ид шуугиж байхад Ерөнхий сайд орон нутагт ажиллах зуураа сэтгүүлчдээр дамжуулан ийн хэлсэн байдаг. ““Анагаах ухааны боловсролын их сургуулийн захирал Лхагвасүрэн эмчийг ЭМС-ын сайдаар томилуулах асуудлыг би бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж, ирэх долоо хоногоос УИХ-д оруулна. МАХН-ын Ц.Шаравдорж мэдээлэл хийгээд, Ерөнхий сайд Н.Энхбаярыг томилуулахаар санал болгосон гэж байна. Энэ хэвлэлийн хурал хийж, зарлах, ярих асуудал биш. Би Ерөнхий сайд болсноосоо хойш Ц.Шаравдорж гэдэг хүнтэй уулзах нь байтугай, утсаар ч ярьж үзээгүй. Тэгэхээр хэвлэлээр хүний нэр барьж, худал мэдээлэл түгээх хэрэггүй. Би Ерөнхий сайдын хувьд Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдаар томилох хувилбарыг дэмжиж байна гэдгээ тодорхой хэлсэн” хэмээсэн.

Ерөнхий сайдыг ингэж хэлснээс хойш хэчнээн ч хугацаа өнгөрөв, энэ салбар сайдгүй хэвээр. Дунд нь МАХН-ынхан гавьяат эмч Л.Жамбалжавын нэрийг өргөн барьсан боловч Ерөнхий сайд тун битүүлгээр татгалзсан байдаг. Учир мэдэх хүний хэлснээр Л.Жамбалжавыг сайдын албанд хөгшдөнө гэх шалтгаанаар буцаасан гэх. Оронд нь өөр хүний нэр оруулж ирэхийг Ерөнхий сайд МАХН-ынханд бичгээр мэдэгдсэн байдаг. Эцэст нь хэд хоногийн өмнө болсон МАХН-ын Бага чуулганаас дээр дурдсан Ц.Лхагвасүрэн эмчийн нэрийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тогтсон тухай мэдээлэл тархсан. Магадгүй Ц.Лхагвасүрэнг ЭМС-ын сайдаар томилуулах асуудлыг УИХ-ын хаврын чуулганы эхэнд хэлэлцэж ч мэдэхээр байна. Тэгвэл нэгэнт л Ц.Лхагвасүрэн томилогдох байсан бол энэ хугацаанд Ч.Сайханбилэг юу хийж суусан нь хачирхалтай. Ц.Лхагвасүрэнг дэмжинэ гэдгээ аль оны өмнө зарлачихсан мөртөө замд нь Жамбалжав эмчийг ч гомдоож, огцрохын даваан дээр Засгийг нь авч үлдсэн Н.Энхбаяр түншээ ч гомдоосоор энэ салбарыг 140 хоног эзэнгүй байлгаж сөрөг хүчнийхэндээ даапаалуулах хэрэг байсан уу.

Хамгийн ойлгомжтой асуудал дээр ийм туйлбаргүй хандаж ирснээс нь үзэхүл манай Ерөнхий сайд улс төрд хатаагдах болоогүй байна. Ерөнхий сайд хүн туйлбартай, шийдэмгий байж улс орноо удирдан чиглүүлж ажиллах нь чухал атал танхимынхаа нэг гишүүнийг өвөлжин, хаваржин томилж чадахгүй суухыг хараад өмнөөс нь харамсмаар.

УИХ дахь МАН-ын хэсэг гишүүд өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайдын томилгооны асуудлыг нэн даруй УИХ-д өргөн мэдүүлэхийг шаардаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг хүргүүлсэн бөгөөд “Эрүүл мэндийн салбар эзэнгүйрч байх хооронд 2010 оноос хойш манай улсад бүртгэгдээгүй улаанбурхан өвчний тохиолдол илэрч, зөвхөн энэ онд 9000 гаруй  хүн өвджээ. Уг өвчний нөхцөл байдалтай УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд гуравдугаар сарын 18-ны өдөр танилцахад 10 гаруй хүүхэд эндсэн, эмчлүүлэх өвчтөний дараалал үүсэж, хэвтэх ор хүрэлцээгүй болж, сэхээн амьдруулах тасгийн нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж, хоёрхон аппаратад ээлжлэн орохоор дугаарлаж буйн улмаас өвчлөгсдийн биеийн байдал улам хүндэрч, эдгэрэлтийг удаашруулж, цаашид ч хүндрэх хандлагатайг салбарынхан мэдээллээ. Энэ бол тус салбарт үүсээд буй нөхцөл байдал, уруудал доройтлын ганцхан жишээ юм. Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа алдаа дутагдал нь удирдлага зохион байгуулалттай холбоотой, Засгийн газрын хариуцах асуудал бөгөөд дээрх өвчлөлийг таслан зогсоох, хүний амь насыг дахин хохироохгүй байх тал дээр яаралтай арга хэмжээ авах, 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан “Эрүүл чийрэг монгол хүн” зорилтынхоо хэрэгжилтийг ард иргэддээ тайлагнахыг шаардаж байна” гэжээ.

Хэдийгээр өвчтөнийг сайд биш эмч эдгээх боловч сайдгүй салбарт маш их гарз хохирол учирна. Адаглаад л эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг төр засгийн түвшинд шийдүүлэхээс өгсүүлээд улсын хэмжээнд эм тариа таслахгүй байх үүргийг ч хүлээдэг. Гэтэл эмнэлгийн хангамж, эм тариа тасарсан тухай хэдэн сарын өмнөөс л хэвлэлүүд бичиж, сайдыг нь томилох хэрэгтэй байна, улстөрчдийн дүйвээнээс олон түмэн хохирч байна хэмээж байсныг Ерөнхий сайд уншсан л байж таарна.

Гэвч суурьгүй Ерөнхий сайд танхимынхаа гишүүнийг томилж чадахгүй суусаар, устгагдаж дарагдсан өвчний тоонд аль өнгөрсөн зуунд л бүртгэгдсэн улаанбурхан өвчнөөр 2016 онд ч хайран монгол хүүхдүүд олноороо амиа алдсаар байгаа нь гашуун үнэн болжээ.

Дээр нь энэ жил бол олимпийн жил учир тамирчид маань олон асуудал дээр салбарын яамынхаа амыг харсаар суугаа. Одоо улаанбурхнаар сөрөг хүчнийхэндээ амаа асуулгаж байна, олимпийн дараа хэдийгээр Ерөнхий сайдын албанаасаа чөлөөлөгдсөн байлаа ч тамирчид маань амжилтгүй оролцвол МАН-ынхан бүх бурууг бас л тань руу чихэж мэдэх л газар.

Сэтгэгдэл үлдээх