Chronicle

Ээлжит бус чуулганы эргэн тойронд

Politik.mn 10,317 үзсэн1

Их хурлын дарга захирамж гарган ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар болсон юм. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд иргэний нийгмийн байгууллагууд болон сөрөг хүчин, зарим улстөрчдийн эсэргүүцэлтэй тулгарснаар цагтаа эхлээгүй. Улмаар товлосон цагтаа эхэлж чадаагүй ээлжит бус чуулган зургаан удаа нээхийг оролдсон ч ирц бүрдэлгүй байсаар хаагдлаа. Ээлжит бус чуулган хуралдуулахаар захирамжилснаас өгсүүлээд энэ асуудлын эргэн тойронд ямар үйл явдлууд өрнөж байгааг тоймлон хүргэж байна.


Өнөөдөр 15.20 цаг

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Ээлжит бус чуулганыг хааснаа мэдэгдлээ. Тэрбээр “Хурлын ирц өнөөдөр 35.5 хувьтай байсан тул ээлжит бус чуулган цуцлагдлаа. Энэ гурван хоногт 6 удаа хуралдах гээд ирц бүрдсэнгүй. Ирээгүй болон ээлжит бус чуулганыг эсэргүүцэж байгаа МАН-ын гишүүдийг эх орондоо цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг булшлахын төлөө байгаа гэсэн ойлголттойгоор үлдлээ. Ирэх долоо хоногоос хаврын чуулган ердийн хуваарийн дагуу эхэлнэ. Ирсэн нийт гишүүддээ баярлалаа. Ингээд нээгдээгүй ээлжит чуулганыг хаасан гэж хэлье дээ.


Өнөөдөр 11.30 цаг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж буй Монголын эдийн засгийн форумд үг хэлэхдээ ээлжит бус чуулганы талаар дурдав. Тэрээр “УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж чадахгүй байна. Цацраг идэвх бодистой холбоотой асуудлаар болно, болохгүй гээд хоёр тийшээ хараад суучихсан байгаа. Ийм зүйл болгоомжтой ханд гэж би энэ хүмүүст хэлж байгаа.  Үүний оронд Хариуцлагын, Төрийн албаны тухай хуулиа ярь л даа” хэмээлээ.


Өнөөдөр 11.00 цаг.

Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар товлосон сүүлийн өдөр. Өглөө 09.00 цагаас эхлэн ээлжит бус чуулганыг нээхийг оролдсон ч дахин ирц бүрдсэнгүй. Иймээс УИХ-ын дарга гишүүдийг ээлжит бус чуулганы хуралдаанд ирэхийг уриалж, 14.00 цагт дахин цаг товлон чуулганыг нээх болов.


Гуравдугаар сарын 30, 15.45 цаг.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд ирцийн байдлыг гишүүдэд танилцуулав. Тэрбээр, “Гишүүдэд өдрийн мэнд хүргэе. Ээлжит бус чуулган эхлэх гээд ирц бүрдэхгүй байна. Нийт 30 гишүүн ирж, ирц 39.5 хувьтай байна. Ирцийн байдлыг намаар нь танилцуулья. УИХ дахь АН-ын бүлгийн 35 гишүүний 22 нь ирж, 62.9 хувийн ирцтэй байна. УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүнээс нэг ч хүн ирсэнгүй, ирц 0 хувь. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс 10 гишүүн ирэхээс 6 нь ирж, 60 хувийн ирцтэй байна. ИЗНН-ын хоёр гишүүн ирж, 100 хувийн ирцтэй байна. Бие даагч 3 гишүүн ирсэнгүй, ирц 0 хувь байна. Та бүхнийг маргааш өглөө хуралдаа ирэхийг дахин урьж байна. Ирсэн гишүүдэд баярлалаа. Маргааш өглөө 09.00 цагт танхимдаа цугларья” хэмээснээр өнөөдөр хийхээр товлоод байсан хуралдаан дахин хойшиллоо.


Гуравдугаар сарын 30, 12.00 цаг.

Их Хурлын дарга 46 дугаар захирамж гаргаж, “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай” Улсын Их Хурлын даргын 2016 оны 40 дүгээр захирамжид нэмэлт орууллаа. Уг нэмэлтэд “Улсын Их Хурлын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 40 дүгээр захирамжийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6 дахь заалтыг нэмсүгэй” гээд “6/Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл” хэмээн өчигдөр Засгийн газрын зүгээс оруулж ирсэн хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмсэн байна.


Гуравдугаар сарын 30, 11.30 цаг.

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр үдээс өмнөдөө нээхийг чармайсан ч ирц бүрдээгүй учраас хойшилж, 14.00 цагт дахин зарлалаа.


Гуравдугаар сарын 30, 10.00 цаг.

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр нээн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Гэвч одоогоор гишүүдийн ирц хангалтгүй дөнгөж 17.1 хувьтай байгаа учраас ээлжит чуулганыг нээх боломжгүй байгаа юм. УИХ-ын дарга З.Энхболд фейсбүүк пейж хуудсаараа дамжуулж, УИХ-ын гишүүдийг танхимд ирэхийг санууллаа.


Гуравдугаар сарын 29, 17.30 цаг.

Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг Засгийн газар бэлэн болгосон тул Уул уурхайн сайд Р.Жигжид УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.


Гуравдугаар сарын 29, 17.00 цаг.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөв. Тус хуралдаанаар Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг бэлтгэж дууссан тул хэлэлцээд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.


Гуравдугаар сарын 29, 16.00 цаг.

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг хойшлуулж гуравдугаар сарын 30-нд хийхээр болов. Засгийн газар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс чиглэл болгосны дагуу цөмийн хог хаягдлыг Монгол руу импортлохыг хориглоно гэх утга бүхий заалттай хуулийн төслийг өнөөдөртөө багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж эхлэв.


Гуравдугаар сарын 29, 15.00 цаг.

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид хэлэлцэх асуудлыг эсэргүүцэн төрийн ордны баруун хаалган дээр ураны шар нунтагтай төстэй бодис асгасан. Тиймээс шар өнгийн нунтаг зүйл цацсан асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ. Мөн “Байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүлэгч иргэн Ч.Мөнхбаяр тэргүүтэй 18 хүн жагсаал цуглаан зохион байгуулах талаар зөвшөөрөл аваагүй тул Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар 25.000 төгрөгөөр торгосон байна.


Гуравдугаар сарын 29, 13.30 цаг.

Ардчилсан намын бүлгээс сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл хийлээ. Мэдээлэлд “Өнөөдөр энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцсэн бол Монгол Улсад ашигтай байсан гэдэг талаас нь ярилаа. МАН болоод бусад хүмүүс улс төр хийгээд байгаа учраас яг энэ асуудалтай зэрэгцүүлээд Засгийн газраас шинэ хуулийн төсөл оруулж ир гэдэг чиглэлийг Засгийн газарт өглөө. Аливаа түлш болон цацраг идэвхит хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирэхийг хориглох тухай хуулийн төслийг оруулж ирэн зэрэгцүүлээд баталъя гэсэн. Засгийн газар одоо төслөө өргөн барина. Үүний дараа ээлжит бус чуулганыг хуралдуулъя гэдэг ийм шийдэлд хүрлээ. Хэрэв энэ асуудлыг хэлэлцэхэд Ардын намын гишүүд орж ирэхгүй бол цацраг идэвхит бодисыг Монголд булшлахыг дэмжиж байна гэсэн байр суурь харагдана гэж бид үзэж байгаа” гэсэн юм.


Гуравдугаар сарын 29, 12.30 цаг.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж эхэллээ. Бүлгийн хуралдаанаар нийгэмд сөрөг хандлага үзүүлж байгаа асуудлуудтай зэрэгцүүлэн цөмийн түлш болон цацраг идэвхит хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирэхийг хориглох тухай хуулийн төслийг оруулж ирэн зэрэгцүүлээд баталъя гэсэн санал яригдаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдав.


Гуравдугаар сарын 29, 12.00 цаг.

Ээлжит бус чуулганыг нээх нь байтугай Байнгын хорооны хурлаа хийж чадахгүй байгаа тул УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахаар болов. Бүлгээр хэлэлцэх асуудал нь ээлжит бус чуулгантай холбоотой. Бүлгийн хуралдаан УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцохоор болов.


Гуравдугаар сарын 29, 11.30 цаг.

Нээгдэж амжаагүй байгаа УИХ-ын ээлжит бус чуулгантай зэрэгцэн Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар зарлав. Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Засгийн газар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Учир нь иргэний нийгмийн байгууллагууд, зарим улстөрчдийн эсэргүүцэлтэй тулгарч ээлжит бус чуулганыг нээж чадахгүй байгаа, Байнгын хорооны хуралдаан зарласан ч нэг ч гишүүн ирээгүй тул ийнхүү Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарласан байна.


Гуравдугаар сарын 29, 10.30 цаг.

УИХ-ын ээлжит бус чуулганыг 09.00 цагт нээж, үргэлжлүүлэн Байнгын хороо хуралдуулахаар төлөвлөөд байсан ч өөрчлөгдлөө. Гишүүдийн ирц хүрэлцэхгүй байгаа тул хурал зохион байгуулагчид УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгын хороог хуралдуулахаар болсон байна. Ингээд 14.00 цагт чуулганы нэгдсэн хуралдааныг нээхээр товлосон боловч Байнгын хороо хуралдах “А” танхимд нэг ч гишүүн ирээгүй хэвээр байв.


Гуравдугаар сарын 29, 10.30 цаг.

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг эсэргүүцэн цугласан иргэд төрийн ордны баруун хаалган дээр ураны шар нунтагтай төстэй бодис асгав. Үүнээс болж төрийн ордны баруун талын замыг хааж Онцгой байдлын газрынхан, газар дээр нь шуурхай ажиллаж багажаар хэмжилт хийхэд ямар нэгэн бодис илэрсэнгүй. Тиймээс Онцгой байдлын алба хаагчид тус бодисыг соруулж авч тухайн газрыг ариутгав.


Гуравдугаар сарын 29, 09.00 цаг.

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлоод буй асуудлуудыг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэн Төрийн ордны баруун хаалган дээр цугларан, уриа лоозон барин зогсов.  Цагдаа хүчнийхэн Төрийн ордны баруун талын замын урсгалыг хааж, хамгаалалт гаргав.


Гуравдугаар сарын 28.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаа “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай” хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн гишүүдийг ээлжит бус чуулганд оролцохгүй байхыг уриалсан байна.


Гуравдугаар сарын 28.

Монголын Ногоон намын зүгээс МАХН-ын гишүүдийг ээлжит бус чуулганд багтсан хуулийн төслийг хэлэлцэхэд оролцохгүй байхыг хүсчээ. Хэрвээ Шударга ёс эвслийг бүрдүүлэгч МАХН-ын гишүүд ээлжит бус чуулганы хуралдаанд оролцож эсэргүүцэж буй хуулийн төслийг дэмжвэл ирэх УИХ-ын сонгуульд МАХН-ын Монголын Ногоон намтай эвсэж орох асуудал цуцлагдах аж.


Гуравдугаар сарын 25.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтов.

1/Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

2/Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

3/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

4/Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

5/Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.

Сэтгэгдэл (1)

  1. I just want to mention I am just all new to weblog and truly savored this web-site. More than likely I’m want to bookmark your website . You really come with amazing posts. Thank you for revealing your webpage.

Сэтгэгдэл үлдээх