Post

Стивен Хокинг: ЗХУ сансрын уралдаанд АНУ-ыг түрүүлсэнд баяртай байдаг

Ш.Самбуу 16,159 үзсэн0

ОХУ болон дэлхий дахин ирэх дөрөвдүгээр сарын 12-нд Юрий Гагарины сансарт ниссэний 55 жилийг ойг тэмдэглэнэ. Манай гаригийн хязгаарыг анх давсан Юрий Гагарины гавьяагаар шинжлэх ухаан, технологид томоохон ахиц гарч, хүн төрөлхтөн сансрын орон зайг эзлэх, магадгүй Ангараг гарагт нислэг үйлдэхэд шийдвэрлэх алхам болж чадсан. Тэгвэл хүн төрөлхтөн хэзээ Улаан нүдэн гаригийг эзлэх, мөн дэлхий дээр хүмүүст аж төрөхөд ямар аюул тулгараад байгаа болон роботууд хүмүүсийн хөдөлмөрийг орлож чадах эсэх талаар Английн алдарт онолын физикч Стивен Хокингийг ярилцлагыг хүргэж байна.

-“Улс төр, нийгэм, эдийн засгийн эмх замбараагүй байдалд буй дэлхий ертөнцөд хүн төрөлхтөн яаж дахиад 100 жил амьдрах юм бэ” хэмээн та 2006 онд асууж байсан санагдана. Үүнээс хойш арван жил өнгөрч. Асуултынхаа хариултыг олж чадав уу?

-Хүн төрөлхтөн хэтийн төлөвтөө амьд үлдэхийн тулд дэлхий гэх эмзэгхэн гарагийнхаа хилийг давах нь чухал. Дэлхий дээр цаашид аж төрөхөд маш их аюул заналхийлэл ирнэ. Тухайлбал цөмийн дайн, дэлхийн дулаарал, генийн өөрчлөлттэй вирусууд гэх мэт. Эдгээр аюулууд ирээдүйд шинэ технологитой зэрэгцээд улам нэмэгдэнэ. Бид сансарт анхаарлаа хандуулж, дэлхий дээрх аюулаас болж хүн төрөлхтнийг мөхөөхгүйн тулд одод руу нисэх шаардлагатай байна.

-Гэхдээ зарим эрдэмтэд оньсого мэт Х гараг, эсвэл Нибиру дэлхийд бодит аюул учруулна гэж баталдаг. Та тэгж бодохгүй байна уу?

-Хамгийн сүүлд дэлхий 70 сая жилийн өмнө том солиртой мөргөлдсөн. Өөр том хэмжээний шууд аюул тулгараагүй. Харин бидний амьдарч байгаа цаг үед олон олон шууд бус аюул заналхийлэл учрах магадлалтай байна.

-Таны “Миний богино” түүх номд өгүүлснээр та ЗХУ-д долоон удаа очсон юм билээ. Эдгээр аяллаас хамгийн их сэтгэлд үлдсэн зүйл юу бол?

-Хамгийн анх оюутны бүлэгтэй явсан. Бидэнтэй нэг баптист нөхөр байлаа. Тэр орос хэл дээрх Библи тараахын тулд биднийг нууцаар хилээр оруулахыг гуйж билээ. Бид ч хэнд ч анзаарагдалгүйгээр үүнийг хийж чадсан. Гэвч буцах замд биднийг ийм юм хийснийг мэдээд хэсэг хугацаанд саатуулж билээ. Биднийг контрбандын хэрэгт буруутгасан бол олон улсад томоохон дуулиан шуугиан дэгдэх байсан тул хэдэн цагийн дараа л сулласан. Үлдсэн зургаан аялал нь баруун руу гарах эрхгүй орос эрдэмтэдтэй уулзах зорилготой байсан.

-Орос болон дэлхий дахин удахгүй хүн анх сансарт гарсан өдөр буюу Олон улсын сансрын нисгэгчдийн өдрийг тэмдэглэнэ. Таны хувьд 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Сансрын уралдаанд Орос Улс Америкийг давж гарсан нь маш гүн сэтгэгдэл төрүүлсэн.

-Өнгөрсөн жил та “The Breakthrough Initiatives” хэмээх нэлээд этгээд төслийг дэмжсэн. Оросын бизнесмэн Юрий Мильнерийн санхүүжүүлсэн дэлхийгээс гадуур амьдрал байгаа эсэхийг хайхад чиглэсэн энэ төслийг шүүмжлэгчид “Мөнгийг салхинд хийсгэсэн ажил” гэж дүгнэж байсан. Төсөл амжилттай болох магадлал байна уу?

-Би бол Юрий Мильнерийн байгуулсан “The Breakthrough Initiatives” төслийг дэмжигч. Радио телескоп, лазер туяаны судалгаан дээр үндэслэн дэлхий бол энэ ертөнцийн цорын ганц амьдралын эх булаг биш гэдгийг батлахыг хичээж байгаа юм. Ийм нээлт сансрын тухай бидний төсөөллийг эрс өөрчилнө.

-Хөгжил дэвшил нэг байрандаа удаан байхыг хэлдэггүй. Оросын сансрын станц, NASA-гийнхан Ангараг гараг руу нисэх ажилд анхаарлаа хандуулж байна. Энэ гараг дээр хүн амьдрахад тохиромжгүй гэдэг дүгнэлттэй та санал нийлэх үү?

-NASA болон дэлхийн сансрын бусад агентлаг Ангараг гарагт анхаарлаа төвлөрүүлжээ. Энэ бол хөрс, агаар зэргээрээ дэлхийтэй тун ойролцоо гараг. Уг нь дэлхийгээс гуравхан өдрийн зайд орших сарыг эзлэх нь илүү амар байж болох ч Ангараг гараг хүн төрөлхтний сонирхлыг ихэд татаж, эзлэх хүслийг нь төрүүлж байна. Миний хувьд хүмүүс 100 жилийн дараа Ангараг гараг дээр амьдарна гэдэгт огт эргэлздэггүй. Үүнийгээ биелүүлэхийн тулд бидэнд сансрын цацраг, хүний бие доройтлоос хэрхэн амьд гарах, дэлхийгээс гаднах амьдралд нэн шаардлагатай нөөц дууссан үед хэрхэн тэмцэх зэрэг мэдлэгийг олж авахын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй.

-Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал хуюу “Үйлдвэрлэл 4.0” нь Давосын эдийн засгийн чуулганы чухал сэдвүүдийн нэг байлаа. Онолын хувьд энэ нь робот техникийг хөгжүүлж, хүний хөдөлмөрийг орлуулах байв. Хэрвээ роботууд биднийг орлочихвол хүмүүс юу хийх вэ?

-Хэрвээ машинууд бидэнд хэрэгтэй бүгдийг үйлдвэрлээд эхэлчихвэл эцсийн үр дүн бүх зүйл яаж хуваарилснаас шалтгаална. Машины үйлдвэрлэж буй баялаг тэгш хуваарилагдвал хүн бүр л амар жаргалтай амьдарна. Эсрэг тохиолдолд машины эзэд нь нөлөөгөө тогтоосноор ихэнх хүмүүс ядуурна. Өнөө үеийн чиг хандлага хоёрдугаар хувилбартай адил байгаа учраас технологийн хөгжилтэй зэрэгцээд тэгш бус байдал нэмэгдэж байна.

-Та бол нэрт эрдэмтэн. Бас шинжлэх ухааныг амжилттай дэлгэрүүлэгч. Шинжлэх ухааны аль төрөл танд илүү ойр дотно санагддаг вэ?

-Би юуны түрүүнд эрдэмтэн. Ертөнцийн тухай ойлголтод хувь нэмрээ оруулж чадсандаа маш их бахархдаг. Үүнээс гадна миний хийсэн ажил олон түмэнд хүрсэнд баяртай байдаг. Яагаад гэвэл олон нийт эрдэмтдийн хийдэг тайлагдашгүй ажлыг шууд ойлгох боломжтой байх нь чухал гэж боддог.

-Та өдөр тутмынхаа ажлын талаар яриач?

-Биеийн байдлаас шалтгаалан би өглөө босоод удаан хугацаанд эмчилгээ хийлгэдэг тул үдийн алдад ажилдаа очдог. Ажлын цаг маань ихэнхдээ шинжлэх ухааны судалгаа, олон нийттэй ажиллах зэрэгт таардаг.

-Ажлын дараа хэрхэн амардаг вэ?

-Оройн цагаар хөгжилтэй нэвтрүүлгүүд үзэж, дуу сонсож, кино юм уу мэдээллийн хөтөлбөр үзэж амрах дуртай. Гэсэн ч шөнөдөө нойр хүрэхээ больж, бага унтдаг.

-Профессор Хокингийн мөрөөдөл юу вэ?

-Би үргэлж л сансарт нисэхийг мөрөөддөг байсан. Гэвч олон жилийн турш би үүнийг зөвхөн мөрөөдөл гэж бодсоор ирсэн. Эх дэлхийдээ хөдөлгөөнгүй шигдчихсэн, тэргэнцэртэй би онолын физикийн салбарт хийж буй ажилдаа сансрын уудмыг төсөөлж л суухаас өөр аргагүй. Миний хувьд энэ сайхан гарагаа сансраас хараад түүнээс цааш ямар хязгааргүй болохыг мэдэх боломж гарна гэдэг мөрөөдөл.  Энэ бол сансрын нисгэгчид, сансрын хүнд хэцүүг амсаж үзэх азтай цөөн хүмүүсийн талбар юм.  Гэхдээ надад “Virgin Galactic”-тай (ашгийн зорилготой сансрын тойрогт нислэг үйлддэг компани) сансарт нисэх боломж гарах байх гэж бодож байна.
hoking

Сэтгэгдэл үлдээх