Hot Topic + Experts

Анхны Ерөнхийлөгч Зи даргад бууж өгөв үү?

О.Наранхүү 19,685 үзсэн0

Хаврын чуулганыг хүлээж тэвчилгүй зарласан ээлжит бусаар хэлэлцэх гол асуудлууд нь цөмийн хог хаягдалтай холбоотой боловч өнөөх Цэцийн асуудал тууж л явна. Тухайлбал хэлэлцэх асуудлын жагсаалтын эцэст “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх” хэмээн бичигджээ.

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн “Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон аж. Энэ дүгнэлтийг гаргасан Цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн гишүүн П.Очирбат даргалсан байна.

Сүүлийн үед Цэцийн гишүүн П.Очирбатыг тойрсон асуудал олны анхааралд байгаа. Учир нь тэрээр “УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн иргэн Б.Энхбаярын өргөдлийг хүлээн авч маргаан үүсгэсэнээр улс төрд эх захгүй бужигнаан үүсгэж, улмаар парламентын спикер суудлаасаа буух, цаашлаад намын даргын эрх мэдлээ алдах байдалд орсон. Ингээд ээлжит бус чуулган зарлан байж, Цэцийн дарга Ж.Амарсанааг бүхэл бүтэн “ажиллагаа” явуулж байж албан тушаалаас нь авч хаясныг бид мэднэ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө П.Очирбат гэнэтхэн байр сууринаасаа ухарч иргэн Б.Энхбаярт хандан, З.Энхболдын талаар маргаан үүсгэх шаардлагагүй юм байна гэсэн хариуг бичгээр явуулсан юм. Ард нь П.Очирбат ямар нөлөөлөлд оров, яав ийв гэх асуудал дэгдсэн юм.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат бол Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан, “Шинэ төмөр зам” төслийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа Б.Батзаяагийн нагац ах. Тиймээс ч Ерөнхийлөгч асан “Тэр бол миний зээ хүү. Үнэндээ ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгааг би мэдэхгүй юм. Шүүх үнэн мөнийг олох бизээ. Дотроо харамсаж байна. Б.Батзаяагийн эхнэр хүнд өвчтэй. Ийм байхад заавал түүнийг хорьж, цагдах хэрэг байсан юм болов уу. Гадуур байцааж шалгаад байж болдоггүй  юм уу л гэж бодогдох юм” хэмээн хэвлэлээр дуугарч байв.

Үүнийг дурдахын учир нь зээ хүүтэй нь холбоотойгоор П.Очирбатад УИХ-ын даргын зүгээс ямар нэг байдлаар мессеж илгээв үү, эсхүл нэгэнт Б.Батзаяагийн өмгөөлөн хамгаалагч нь “Женко” Х.Баттулга, харин Х.Баттулгын талд З.Энхболд зогсож байгаа гэдгээ олон нийтэд илэрхий хэлчихсэн бөгөөтөл би заавал Зи-гийн эсрэг зогсох хэрэг байна уу даа хэмээн экс Ерөнхийлөгч тунгааж асуудалд хандав уу гэдэг нь сонирхолтой.

Уг нь П.Очирбат, З.Энхболд хоёр Тавантолгой, Энержи Ресурсын асуудлаас болоод аль хэдийнэ л хонь, чоно болчихсон хоёр л доо.

Тухайн үедээ П.Очирбат “Төслийг саатуулаад гацаагаад байгааг нь харахаар УИХ-ын даргатай хариуцлага тооцох ёстой гэж би бодоод байгаа юм. Би З.Энхболдыг мэднэ л дээ. Уул нь давгүй боловсролтой залуу шүү дээ. Одоогийн гаргаад байгаа ааш араншинг нь би ойлгохоо больсон. Улс төрд маш буруу үйлдэл хийгээд байгаа харагдах юм. УИХ-ын дарга бол УИХ-ын дарга л байгаач, намын дарга байгаад яах юм” хэмээж байсан бол З.Энхболд нь “Очирбат ард түмний хувьцааг Энержи Ресурст өгөх хэрэгтэй л гээд байсан, гэтэл өөрөө Төлөөлөн удирдах зөвлөлд нь 24000 долларын цалин аваад сууж байжээ” хэмээн хатуухан дуугарч байсан юм. Улмаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хэрнээ ММС-ий удирдлагын дунд олон арван мянган доллараар цалинжаад суух ёсзүйгүй тул П.Очирбат давхар ажлынхаа нэгнээс татгалзахад хүрсэн. Ийм байдлаас П.Очирбат “чоно өтлөвч хурга ишгэндээ” гэдэг үгийг УИХ-ын даргад сануулахаар шийдэж Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн ч эцэст нь ийнхүү байр сууриа эргүүлж бууж өгсөн нь хачирхалтай. Магадгүй “Женко” болон Зи даргаас экс Ерөнхийлөгчид татгалзах аргагүй санал ирсэн ч байж болох. Үүнийг нь хүмүүс зээ хүүтэй нь холбон ойлгоод л өнгөрчихнө.

Нэгэнт Ж.Амарсанааг дарж авсан, П.Очирбатыг талдаа элсүүлснээр Цэцэд нөлөөлөх боломжтой болсон Их хурлын дарга Р.Гончигдорж гишүүнийг Цэцэд зүтгүүлэх төлөвлөгөөгөө биелүүлэхээр хүчээр “бульдозер”-дож магадгүй. Р.Гончигдорж хэдийгээр Цэцэд суух төлөвлөгөө байхгүй хэмээн гүрийж байсан ч Дээд шүүхэд болсон хуралдааны мэдээлэл тэдний санаархлыг олон нийтэд илчилсэн. Бүр УИХ-ын гишүүн сэтэртэйгээр нь Цэцэд суулгах боломж хайсан ч энэ нь арай л даварсан санаархал гэдгээ Дээд шүүхээс мэдсэн тул одоо Р.Гончигдоржийг гишүүнээс нь татгалзуулж байгаад ч хамаагүй дахин зүтгүүлэх аж.

П.Очирбатыг талдаа татсанаар З.Энхболдын сандал, суудал руу Цэцийн зүгээс ирэх аюул байхгүй болсон ч Гончигоогоо ингэж үхэн хатан зүтгүүлээд байгаагийн учир ч тодорхой болжээ. Р.Гончигдорж Их хурлаас явбал оронд нь жагсаалтын дагуу Худалдаа хөгжлийн банкны Б.Мэдрээ орж ирнэ. Гэвч хоёрхон сарын настай гишүүн байснаас байгаагүй нь дээр гэж Б.Мэдрээ үзэж байгаа, басхүү түүнийг яаж аргалахаа “Женко” ба түүний нөхөд мэдэж байгаа тул жагсаалтад түүний ардхан талд бичигдсэн А.Гансүх гишүүн болох боломжтой. Гэхдээ А.Гансүхийн өмнө ганц Б.Мэдрээ биш  Л.Гансүх болон Б.Ургамалцэцэг нар жагсаалтад байгаа аж. Л.Гансүхийн хувьд шүүхээс гэм буруутайд тооцогдон ял эдэлж байгаа тул А.Гансүхт саад болох боломжгүй ч Алтан гадас фракцаас угшилтай Б.Ургамалцэцэгийг яаж аргалах нь сонин.

А.Гансүх одоо ямаршуу нөхцөл байдалтай байгаа билээ. Лав л Шинэ төмөр зам төсөл болон Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын төсөлтэй холбоотой хэрэг хүрээгээ тэлж олон хүнийг байцаалтад дуудах нь тодорхой болсон төдийгүй А.Гансүхийг баривчлах зөвшөөрлийг холбогдох хуулийн байгууллагууд нь Прокуророос хүсч байгаа аж. Түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас сэжигтнээр татаж хил давахыг нь хэдийнэ хориглочихсон, АТГ ч мөн оролцоод эхэлсэн. Тиймээс  хууль, хүчнийхэнд ээрүүлсэн А.Гансүх өнөө маргаашийн дотор УИХ-ын хамгаалалтад багтах явдал амин чухал гэдэг нь ойлгомжтой.

Үүнийг ч хуулийнхан мэдэрч хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа хүнийг парламентад оруулахгүй гэх эсэргүүцэл үзүүлэх ч хүчний харьцааг өөрчилж, түр хугацаанд ч болов давуу тал олох гэсэн улстөрчид иймэрхүү эсэргүүцлийг “бульдозер”-доод л өнгөрөх биз.

Ийм нөхцөл байдлуудаар Цэц одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Одоо П.Очирбатын даргалсан Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг Цэцэд дургүй парламент маань ногоон гэрлээр батлаад өнгөрөх үү аль эсхүл хажуугаар нь өөр асуудал оруулж ирэх үү гэдгийг ээлжит бус чуулганы нэг өдөр харуулна.

Сэтгэгдэл үлдээх