Hot Topic + Experts

Н.Энхбаяр юу амжуулаад буцав?

О.Наранхүү 30,424 үзсэн0

Н.Энхбаяр явчихжээ. Төрийн ордон хавиар хангалттай агаар амьсгалж авсан уу ямартай ч дахин нэг бор оймс гозолзох нь уу гэсэн олон нийтийн түгшүүрийг аваад арилж өгчээ. Усны шувуу хавар ирээд намар буцдаг бол Н.Энхбаяр намар ирээд хавар буцдаг аж. Өршөөлийн хууль батлагдсаны дараа сүр дуулиантай ирсэн Н.Энхбаяр ер нь юу амжуулаад буцав аа?

Ерөнхийлөгчийн хэлснээр “хуулиас зугтдаг даварсан хоёр этгээд”-ийн нэг болох Н.Энхбаярыг энэ хугацаанд АТГ-т мэдүүлэг өгөхийг хүсч таван удаа дуудсан ч үл тоосон тул аргаа бараад Шадар сайдын ажлын өрөөнд тухлаж байхад нь гардуулж өгсөн.

Лав түүний төрд шургалах хүслийг 2017 оны намар хүртэл хойшлуулсан юм. Шадар сайдын суудал авах шахсан Н.Энхбаярыг төрд оруулахгүй байхаар төрийн аппаратын зарим хэсэг зогсолтгүй ажиллаж байхад зарим нь түүний төлөө хүчээ шавхан ажилласаныг олон түмэн харсан.

Тэглээ гээд Н.Энхбаяр “их юм” олж долоосонгүй, уруудаж доройтсон ч үгүй. Харин нам нь хамаг нэр хүндээ алдав. Намынхаа хайр хишгийг хүртэж, сайдын суудалд хөлбөрч явсан Г.Шийлэгдамба нэг л мэдэхэд ямбыг нь эдэлснийхээ төлөөсөнд ялыг нь ч бас үүрч холбирч унав. Тэрээр сайдын сэнтий байтугай дахиад улс төрийн ямар нэгэн карьер горьдолтгүй болсныг өнгөрсөн амралтын өдрөөр хуралдсан МАХН-ын Бага чуулганаар Г.Шийлэгдамбыг намын генсекийн албанаас чөлөөлж оронд нь МАН-аас урваж ирсэн Ж.Сүхбаатарыг томилсон явдал баталчихлаа.

Энэхүү намын Бага чуулганаас намын даргад тэрсэлсэн Г.Шийлэгдамба, Л.Цог нарыг албанаас нь чөлөөлөөд зогсохгүй О.Баасанхүү мэтийн тэрслүү этгээдүүдийг албан тушаалын хуваарилалтаас дахин хоцроож Э.Эрдэнэжамьян зэрэг хэвлэлийн бага хурал дээр цурхиртал уйлахаас ч ичиж, улайдаггүй нөхдийг санал нэгтэйгээр намын дэд дарга гэх мэт албан тушаалд томилжээ. Мөн УИХ-ын дэд дарга гэх албан тушаалд дөрвөн жил шахуу суусан Л.Цог эцэст нь намын даргынхаа тухай бөөн шуугиан дэгдээчихээд (энэ шуугиан гарснаар Э.Эрдэнэжамьян олны өмнө намын даргынхаа төлөө уйлах далим гарсан юм) Г.Уянга бүсгүйтэй сугадалцан эвслээс гарсан.

Ингэснээр парламент дахь “Шударга ёс” эвсэл цаашид оршин тогтнох эсэх нь өнөө маргаашийн хэрэг болсон.

Дашрамд, МАХН-ын Бага чуулганаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг намын дэд даргаар улираасан бол мөн намын дэд даргаар Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамьяан нарыг, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатарыг, нарийн бичгийн даргаар Д.Цогтбаатар, Б.Эрдэнэбилэгт, С.Жаргал, Н.Удвал, Б.Тулга, Г.Бямбасүрэн нарыг томилсон нь ёстой л 100 ямаанд 60 ухна гэгч боллоо гэх шүүмжлэлийг өгөхөд ч багадмаар. Намын даргадаа захидал бичиж тэрслэхэд ойрхон байсан Д.Тэрбишдагвыг намын дэд даргаар үлдээсэн нь МАН-тай эвсэж, нийлэх асуудалд зуучилж ойлголцоход тустай хэмээн үзсэн сурагтай.

О.Баасанхүүг “оймсонд хавчуулагдсан” гэх нэрнээсээ татгалзаж Женкогийн хүн болж байгаа гэх мэдээлэл эндээс улам ч баталгаажна. Одоо харин эвсэл задарч О.Баасанхүү намдаа гомдсон гоморхлоороо Засгийн газарт уураа гаргах, нөгөө талаас эвсэл байхгүй болсон ч Засгийг тогтоож үлдээх тоглолтууд маргааш эхлэх ээлжит бус чуулганы товтой зэрэг шахуу эхэлсэн байна.

Магадгүй сүр дуулиан болгож Н.Энхбаярын оймсыг “гозолзуулчих” гээд байсан АТГ хэргийн эзэн, хэнгэргийн дохиурыг хилээр гарахад нь нүдээ аниад өнгөрсөн нь цаанаа ч учиртай байж болох. Тэрээр цагаан сарын өмнөхөн түшиж, тулсан Засгийн газрыг энэ удаад дахин унагахгүй байх баталгаа өгөөд хилээр гарсан байж мэдэх тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Ийнхүү “Залуу хүүхдийн замыг алдууллаа” гэдэг шиг ганц Г.Шийлэгдамбаар тогтохгүй намын нөхдөө Н.Энхбаяр энэ хугацаанд хөөдөж орхиод, гурван жил оршин тогтносон эвслээ сарниулан өөрөө хилийн дээс давсан нь энэ.

Сэтгэгдэл үлдээх