Hot Topic + Experts

Дөхөх тусам нүүр буруулсаар

Н.Эрдэнэ 31,544 үзсэн0

Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслөөс нэрээ татаж ав, үгүй бол сонгуулийн үеэр яриатай хэмээн үүрэгдсэн намын даргын үгэнд лавтай УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Цог хоёр ороогүй юмдаг.

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой ноцтой зүйлийг УИХ-ын гишүүн Л.Цог ярилаа. Тэрээр телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ “2012 онд Эрдэнэтэд нэр дэвшихэд намын дарга хандив нэхсэн, тухайн үед найз нөхдөөсөө бага сага юм цуглуулж өгч байсан. Дээр нь өнгөрсөн жил Сөүлээс над руу утасдаж нэг сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав надад энэ нам чинь хэрэггүй” гэхэд, за нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья даа гээд утсаа тасалсан” хэмээсэн юм.

Г.Шийлэгдамбын гэх хэрэгтэй холбогдож намын нөхдөөсөө хандив нэрээр их хэмжээний татаас авдаг гэгдэж байгаа Н.Энхбаярын бусдаас мөнгө нэхсэн бас нэгэн тохиолдол ил болов уу. Энэ их мөнгө үнэхээр намын санхүүжилтийн эс үүсвэр болдог уу, эсхүл хувьд нь ордог уу гэдэг асуулт идэвхтэй сошиалчдын дунд босож эхэллээ. Л.Цогийн хэлсэнчлэн Н.Энхбаяр бусад сайдуудтайгаа ярьсан бол хэдийнэ хэрэгт холбогдчихсон Г.Шийлэгдамбаас гадна, МАХН-аас “Шударга ёс” эвслийн нэрээр Засагт салбар толгойлж сайдын сэнтийд суугаа З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нарын нэрс энэ сэдэвт холбогдох нь тодорхой. Хэдийгээр өнгөрсөн жил гэж байгаа боловч нэгэнт намаас нь сайд болсон нэгэнтэй ийм яриа өрнүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

Ямартай ч Г.Шийлэгдамба сайдтай холбоотойгоор АТГ-т дахин шалгагдаж байгаа Н.Энхбаярыг ноцох бас нэгэн мессежийг Л.Цог олон нийтэд хаялаа. “Ажлын өрөөнөөсөө мөнгөтэйгээ баригдах” тохиолдол дахин гарахгүй байж мэдэх ч сайд нарыг нэлээн эвгүйцүүлэх нь тодорхой. Ер нь УИХ-ын дэд даргын энэ үгс МАХН-ын дотоод уур амьсгал бужигнаантай, хагаралтай байгааг нотолж байна.  Тэгээд ч зогсохгүй хууль хүчний байгууллагууд МАХН-аас гаралтай сайд төдийгүй агентлагийн дарга нарт халтай байгааг ойрын үед харуулж байгаа. Тэгэхээр Л.Цогийн хэлснээр дарга чинь танаас хэдэн төгрөг нэхсэн бэ гээд сайд нарын амыг асуух болох ч юм билүү. Сонгууль дөхөх тусам МАХН-ын хагарал гүнзгийрч цаг үе нүүр бууруулж байна даа.

Сэтгэгдэл үлдээх