Post

“Тусгайлсан саналгүй” хэмээх супер хариу

Ж.Эрдэнэцогт 9,684 үзсэн4

 “Тусгайлсан саналгүй” хэмээх супер хариу тун амархан моодонд орчихлоо шүү. Оны эхэнд Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн тухай Цэцийн гишүүн Д.Наранчимэг мэдээлсэн, нөгөө талаар уг асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүссэн утгатай албан бичгийг Цэцийн дарга Ж.Амарсанаа УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлснээр бүх юм эхэлсэн билээ.

     Дараахан нь УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатарын гарын үсэгтэй албан тоот Улсын Дээд шүүхэд очсон бөгөөд үүндээ, “Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаагийн УИХ-д ирүүлсэн албан бичиг нь хууль зөрчсөн байх тул Цэцийн гишүүнийг эгүүлэн татах саналтай байна, энэ талаар санал ирүүлнэ үү” гэсэн байдаг.

    Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг УИХ-д илгээсэн хариу албан бичигтээ, “Уг асуудлаар Улсын Дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэсэн нь цаашид нэлээд хэл ам гарах, ойлгомжгүй байдал үүсэх үндсийг тавьсан юм. Ерөнхий шүүгчийн энэ хариуг Монголын уран сайхны киноны нэгэн баатрын хэлдгээр “усан нүдтэй, махан тархитай эгэл иргэн мануус” байтугай, мэргэшсэн хуульчид, мэргэжсэн парламентчид хүртэл салаа утгаар ойлгосон бөгөөд, улмаар бас хоёр, гурван янзаар тайлбарлан мэтгэлцэж, өөр өөрийнхөө ашиг сонирхол, байр суурийг хамгаалахад ашиглаж эхэлсэн билээ.

    “Улсын Ерөнхий шүүгч УИХ-аас тодорхой саналаа ирүүлнэ үү гэсэн бичгийн хариуд санал ирүүлсэн” гэж үзэх нэгэн байхад, “энэ бол ерөөсөө санал биш, зөвхөн албан бичгийн хариу л байна” гэж мэтгэлцэх хүн ч байсан л юм. Тухайн үед Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийн энэ хариуг, -та нар ийм асуудал тавьсан байна, үүнийгээ хуулийн дагуу л шийдээрэй. Манайх байх сууриа илэрхийлэхгүй гэсэн үг” гэж хэдэнтээ тайлбарлаж байхад, УИХ дээр  түүнийг огцруулах санал гаргасан гишүүд “Энэ хариу бол, Үндсэн хуулийн Цэцийн дарга Үндсэн хуулиа зөрчсөнийг УДШ-ээс нотолж, Цэцийн гишүүнийг эгүүлэн татахыг зөвшөөрсөн байна” хэмээн ”тайлж уншиж” байгаагаа илэрхийлж байлаа.  Юутай ч гэсэн Үндсэн хуулийн Цэцийн даргыг суудлаас нь “мултлахад” чухал нөлөө үзүүлсэн Улсын Ерөнхий шүүгчийн дээрх  хариултыг  зарим хуульчид “Цэцийн гишүүнийг эгүүлэн татах ёстой гэж үзэж байна уу, үгүй юу гэдэг дээр л тодорхой саналаа өгөх байтал, хаяагаа манаж бөөрөнхийлсөн ч гэмээр юм шиг, ер нь л их мундаг дипломат маягийн хариу байна” гэж бахдах, шоглохын завсарт хэлж байлаа.

    Саяхан УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “тусгайлсан саналгүй” гэж үзсэн тухай мэдээ нийтлэгджээ. Уг нь энэ төслийг Засгийн газар дэмжихээр тогтсон гэдэг нь тун ойлгомжтой байхад ингэж “а-ха” тааварт нэвтрүүлэг шиг хүн  будилж мэдэхээр “ тусгайлсан, мусгайлсан” гэх хэрэг юун гэж бодогдож байлаа.

   Жич өгүүлэхэд, эхнэр маань утасдаад, “орой хоол хийх үү, эсвэл тараг идээд өнжих үү?” гэж асууж байна. Би Улсын Ерөнхий шүүгчийгээ болон Засгийн газрын гишүүдээ дууриагаад “тусгайлсан саналгүй” гэсэн хариу өгөөд утсаа тасалсан. Одоо бодож байхад, эхнэр ер нь юу гэж ойлгосон бол, орой очиход ширээн дээр хоол, тараг хоёрын аль нь байх бол оо… “Супер” хариу моодонд орохоо гэж.

Сэтгэгдэл (4)

  1. Muchos Gracias for your blog.Much thanks again. Cool.

    https://article.wn.com/view/WNATcf1bb9329efc9cadf856ce35b95764e2/

  2. A round of applause for your post.Really thank you! Fantastic.

    http://www.tri-cityherald.com/news/local/news-columns-blogs/article31757694.html

Сэтгэгдэл үлдээх