Hot Topic + Experts

“Цэрэг”-ийн удирдсан эвслийн “Арми” цаашид яах вэ…

Э.Зотол 11,511 үзсэн0

2012 оны УИХ-ын сонгуулийн дүн гарахад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл  нийт сонгогчдын 20 гаруй хувийн саналыг авч УИХ-д 11 суудалтай болж байлаа. Тэдний дотор Г.Уянга, Л.Цог, Д.Батцогт, Д.Тэрбишдагва нар өөрсдөө тойргоос сонгогдож, бусад  долоон гишүүн болох Ч.Улаан, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Н.Батцэрэг, М.Сономпил, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар нам болон эвслийн жагсаалтаар сонгогдсон юм.

Энэ удаагийн сонгуульд харьцангуй олон буюу 31 суудал авсан АН нь МАХН-МҮАН-ын  “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтарсан Засаг байгуулах болж, Засгийн газрын Яамдыг 75:25 гэсэн харьцаагаар удирдах, ингэхдээ АН-д оногдох 75 хувь дотор ИЗНН багтаж нэг сайдын суудал авахаар тохиролцсон байдаг.

2012 оны долдугаар сарын 24-нд  УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор байгуулагдсан бол, тухайн өдөр нь МАХН-МҮАН-ын “Шударга” ёс эвслийнхэн  өргөдлөө өгөөгүйгээс бүлгээ  баталгаажуулж чадаагүй юм. Учир нь МАХН-ынхан Ч.Улаан  гишүүнийг бүлгийн даргаар томилуулах бодолтой байсан тул эвслийг бүрдүүлэгч хоёр нам анх удаа санал зөржээ. Ингээд эцэстээ МҮАН-аас жагсаалтаар УИХ-д сонгогдсон Н.Батцэрэг  гишүүнийг  бүлгийн ахлагчаар томилохоор тохиролцож, хэд хоногийн дараа УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг албан ёсоор байгуулагдсан билээ.

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газарт тохиролцсоны дагуу “Шударга ёс” эвсэлд дөрвөн сайдын суудал оногдоход эвссэн хоёр намын зөрчил гүнзгийрч эхэлсэн байна. МҮАН-ынхан сайдуудын квотыг хоёр, хоёроор нь хуваах хүсэлтэй байсан боловч нөгөө хамтрагч тал нь ”МАХН гэдэг нэр сонгуульд амжилттай оролцоход нөлөөлсөн болох нь маргашгүй үнэн” гэж үзэж байсан тул гурван сайдыг нь авна хэмээгээд бас  хэд хоносон. Эцэстээ МҮАН-ынхан үүнийг зөвшөөрч, бүлгийн ахлагч Н.Батцэрэг нь “Эвслийнхээ эв нэгдлийг хадгалах үүднээс ийм шийдвэр гаргалаа” гэж мэдэгдэв.

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хэмээх ойрын зорилгоор түр хугацаанд нэгдсэн боловч, өөр өөрийн үзэл суртал,  алсын чиглэл зорилго бүхий “холимог  арми”-ийг командлах болсон нь угаасаа хатуу зоримог  зангүй, аядуу зөөлөн  гэж тодорхойлж  болохуйц  Н.Батцэрэгийн  хувьд  байнга үүрэх “сэтгэлийн зовлонт ачаа” болж хувирсан билээ. Үүнээс хойш түүнийг өөрийнх нь намын болоод эвсэгч намынх нь удирдлагууд, бүлгийнх нь гишүүд төдийгүй эрх баригч намынхан нь хүртэл “ноолж” эхэлсэн гэж хэлж болохоор байгаа.

2012 оны есдүгээр сарын сүүлчээр МҮАН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдож, улмаар Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга болоод байсан Ц.Цолмон нь “МАХН-МҮАН хоёр нэгдэх ёстой, одоо  эвсэл дотроо хоёр намаа үгүйсгэж байгаа нөхцөл байдлыг дүгнэж үзээд би ийм шийдвэр гаргаж байна” гэж мэдэгдээд  МАХН-д орж, ёстой л  хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргав. Нам нэгт нөхөр,  УИХ-ын гишүүн Д.Батцогт нь  Ц.Цолмонг  УИХ-ын Байнгын хорооны даргын суудлаа буцааж өгөхийг  шаардаж байхад харин бүлгийн ахлагч  Н.Батцэрэг нь “Цолмон гишүүн  МҮАН-ыг төлөөлж  Байнгын хорооны дарга болсон л доо. Гэхдээ хуулийн талаас нь авч үзвэл  Байнгын хорооны даргын суудлыг нэг нам нь нөгөө намдаа хүлээлгэж өгөх ёстой гэсэн заалт байхгүй тул энэ албан тушаалыг хүлээлгэж өгөх эсэх  нь түүний хувьд өөрийнх нь шийдэх асуудал. Түүнээс биш манай намынхан энэ албан тушаалыг нэхэх эрхгүй” гэсэн хачин жигтэй гэмээр мэдэгдэл хийсэн юм.

2014 оны дөрөвдүгээр сард мөн л МҮАН-аас нэр дэвшиж, гэхдээ тойрогт ялалт байгуулж  УИХ-ын гишүүн  болсон Д.Батцогт “олон учир шалтгааны улмаас ийм шийдвэр гаргалаа. Аливаа асуудалд шударга, зарчимч байр сууринаас хандаарай гэж сонгогчид намайг сонгосон” гэж хэлээд АН-д элсэж, улмаар УИХ дахь АН-ын бүлэгт харъяалагдах болсноо мэдэгдсэн нь “Эвслийн бүлэгт байхаар шударга, зарчимч байж чадахгүй байна” гэснээс ялгаагүй шахам сонсогдож байлаа. Гэлээ гээд яахав, эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг бас нэг “цэргээ” өөр намд алдсанаа хүлээн зөвшөөрч,  Д.Батцогт гишүүний  хүсэлтийг  УИХ-ын даргад  мэдүүлэхээс  өөр аргагүйд хүрч, тэр даруйд ёсоор болжээ.

Үүнээс хойш “Шударга ёс” эвслийн бүлгийн даргын хийсэн мэдэгдлүүдээс харахад үнэхээр “команд” авдаггүй, тушаал өгөөгүй байхад хааш нь ч хамаагүй гал нээдэг, эсвэл анги  байрлалаа  хаяад явчих  гээд байдаг, тэр ч байтугай нөгөө тал руу “урваад” явчихдаг хэдэн “цэргээсээ” бэргэж  халширсан, зүрх алдаж  бөөрөнхийлсөн өнгө аяс нэвт мэдрэгддэг болсон юм.

2012 оны арванхоёрдугаар сард “Шударга ёс” эвслийн бүлгийн 11 дэх гишүүн нь Э.Батшугар уу, Ц.Оюунбаатар уу гэдгээс болж МАХН-ынхан чуулганы хуралдааныг гацаах үеэр, МАХН-ынхан Засгийн газраас гарна гэвэл МҮАН яах вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Н.Батцэрэг гишүүн “МАХН-МҮАН-ын Удирдах Зөвлөлд МАХН-ын гишүүд олонхи /15:8/ байгаа болохоор асуудал оруулаад гар өргөвөл МАХН олонхи болно. Гэхдээ бид улс төрийн болон ёсзүйн хувьд анхнаасаа ярилцаж ойлголцсон нэг зүйл бол тооны давуугаар гар өргөх бус, асуудлын шийдлийг олж байя  гэж тохиролцсон” гээд “Бүлгийг эрсдэлд оруулах асуудлыг хэн ч гаргахгүй” гэсэн нь бүлгийн ахлагчийн амлалт бус, ердөө л өөрийнхөө хүслийг хэлсэн хэрэг байлаа.

Эвслийн бүлгийн ахлагчийн илэрхийлсэн байр суурь, хийж ирсэн мэдэгдлүүд нь авах хэрэгтэй ч юм шиг, авахгүй байлаа гэхэд үгүйлэгдээд сүйд болохооргүй зүйлүүд байдаг. Жишээ нь, 2012 онд Өвөрхангайн тойргийн асуудлаар маргаан үүссэн үед тэрээр “Хамгийн гол нь асуудал гацах ёсгүй. Шударгаар шийдэгдэх ёстой” гэсэн бол өнгөрсөн онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр мэдэгдэхдээ “Шударгаар татвараа төлдөг аж ахуйн нэгжүүдийг урамшуулах нь зөв, харин татвараас зайлсхийдэг бол энэ мэт хуулийн төслөөр байнга өршөөж болохгүй” гэх мэтээр ёстой л хэний ч мэдээж зүйлийг  хэлээд өнгөрчээ. Түүнээс гадна 2012 оны есдүгээр сарын 10-нд  бүлгийн ээлжит мэдээллээ хийхдээ, “Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар бид хэлэлцлээ. Шударга ёс эвслээс  мөрийн хөтөлбөрт  оруулсан зүйлсээс түрүүчээсээ хэрэгжиж эхлэлээ, тухайлбал өндөр хатуулагтай архинд ногдуулах татварыг нэмэгдүүлэхээр тусгасан нь өдгөө биеллээ оллоо” гэж олзуурхан тэмдэглэсэн нь цахим ертөнцийнхөнд  түүнийг  чамгүй  даапаалах далим болж байв.

“Өршөөлийн хуулийг гаргах эсэх, зарим заалтыг өөрчлөх эсэхээс болоод манай парламент нэр нүүрээ барж дууслаа, үүнээс давхар давхар нэр хүндээ алдаж буй нь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл юм” гэж  зарим тоймчид дүгнэсэн. Бүлгийн дарга Н.Батцэрэг  нь  олны өмнө харагдах ховордож, эвслийн хурал хийлээ гэсэн ч МАХН-ын гишүүд оролцож асуудлаа хэлэлцээд, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлдэг болсон, үүнийгээ “Шударга ёс” эвсэл ийм шийдвэр гаргасан гэдэг болсон тухай ч сонин хэвлэлүүдэд онцолж  байсныг  дурдах хэрэгтэй байх. УИХ-аар хэлэлцэх асуудалд бүлэг байр сууриа нэгтгэж чадахаа болиод, сав л хийвэл “танилцаж  амжаагүй учраас тав хоногийн завсарлага авъя” гэж  бүлгийн  дэд  дарга З.Баянсэлэнгэ нь хэлдэг болсон тухай ч бичсэн байна.

Эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга нэгэн удаа “Шударга ёс эвслийн бүлэг шударга ажиллаж чадахгүй байна. Эвслийн дарга /МАХН-ын дарга Н.Энхбаяр/ нь өөрөө Шадар сайдаар барьцаалж, зарчмын асуудлуудаа  хөсөр хаяж байгаад сэтгэл дундуур байна” гэж мэдэгдсэн нь цаагуураа бүлгийн дарга Н.Батцэрэгт идэвхитэй, санаачлагатай ажиллах боломж олгохыг намуудын удирдлагаас шаардсан хэрэг байв. Учир нь Н.Энхбаяраас Н.Батцэрэгт “ханд өгөх” замаар МҮАН-ыг буулгаж авах санаархлаа цухалзуулсан байж болох нэгэн ажиллагаа хийгдсэн юм. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр ”М.Энхсайхан дарга Тавантолгойн асуудлыг өөрөөр яриад байгаа  учир “Шударга ёс” эвсэл  2012 онд сонгуулиар ярьсан зүйлийнхээ  эсрэг байна гэсэн сөрөг юм яваад байна. Гэтэл бидний сонгуулийн мөрийн хөтөлбөр хэвээрээ учраас Н.Батцэрэгийг МҮАН-ын дарга болгоод асуудлыг зохицуулаад явъя гэсэн чинь хүлээж аваагүй. Бид сонгуульдаа бэлтгэх хэрэгтэй байна” гэж шуудхан мэдэгдсэн юм. Н.Энхбаяр ингэж өөр намын дотоод хэрэгт оролцож, Н.Батцэрэгт “хайр зарласан” нь  ердөө л гарын дор, дуулгавартай хүнтэй болох гэсэн санаархал байсан гэж үзье гэхэд, Н.Батцэрэг дарга өөрөө  2012 оны сонгуулийн дараахан “Ер нь МАХН, МҮАН нэг улс төрийн хүчин болох тухай асуудлыг амьдрал аяндаа харуулна” гэж хэлж байсныг бас санах хэрэгтэй байх аа.

Н.Батцэрэгийг улс төрийн лидерүүд гэгддэг хүмүүс “үгнээс гажихгүй, өөдөөс  хэрэлдэж уралцаад байхгүй” гэж тооцдог бололтой юм уу гэмээр, сүүлийн үед түүнд хандах, шуудхан  хэлэхэд  түүнийг “ноолох” хандлага гардаг болчихоод байна. “Цэрэг” дарга ч өөрөө үнэхээр бодь амьтан гэлтэй, нэр нүүрийг нь бариад байгаа асуудлыг хэнэггүй янзаар өнгөрөөх юм даа. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах  асуудлаар Г.Уянга нарын 19 гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Төрийн байгуулалтын Байнгын хорооны ирцийг бүрдүүлэхийн тулд эрх баригч намынхан Н.Батцэрэг гишүүнийг тус Байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, оронд нь өөр гишүүн оруулах замаар асуудлыг “зохицуулсан” юм. Энэ нь гишүүн харьяалагдах хорооноос гарах саналаа бичгээр өгөөгүй байхад хийгдсэн, нөгөө талаар өөрийг нь эзгүйд Байнгын Хорооны гишүүнээс чөлөөлсөн нь  УИХ-ын гишүүний бүрэн эрх, чуулганы  Дэгийн тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал гэж сөрөг хүчнийхэн үзсэн бөгөөд энэ талаар  түүнээс /2016- 01-25-нд/ сэтгүүлч  асуухад, “Энэ тухай надтай холбогдож ярих боломжгүй байсан. Яг тэр үед би Стамбул-Сөүлийн хооронд нисэж явсан хэрэг. Хэрвээ надтай холбогдох боломжтой байсан бол үүссэн нөхцөл байдлыг харгалзаад зөвшөөрөх байсан. Ийм зүйлийг зөвшөөрнө гэдгийг маань мэдээд З.Баянсэлэнгэ дарга шийдвэр гаргаж оролцсон байна лээ. Бидэнд тэр зэргийн улс төрийн итгэлцэл байлгүй яахав дээ” гэж торолгүй хариулсан байдаг.

Дараа нь тэрээр дээрх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд тайлбар хүргүүлэхдээ, “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга нь даргыг эзгүйд ажлыг орлож аливаа шийдвэрийг гаргасан нь зөв гэж З.Баянсэлэнгэ гишүүнийг зөвтгөсөн бөгөөд, “намайг Берлин, Станбул хотуудын онгоцны буудалд байхад энэ тухай З.Баянсэлэнгэ, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  нар утсаар  ярьж, миний Байнгын хорооны харъяалалыг өөрчлөх асуудал босч  магадгүй байгаа талаар зөвшилцсөн” гэж өмнөхөөсөө өөрөөр бичсэн нь З.Баянсэлэнгэ гишүүн яахав гэхэд, Ерөнхий сайдын бусдад нээхийг хүсээгүй байж болох мэдээллийг санаатай, санамсаргүй аль нэг хэлбэрээр  задалсан хэрэг болсон юм.

Ер нь эвсэлд нэгдсэн хоёр намынхан  юм л бол энэ асуудлыг нягталж үзье гэж цаг хугацаа алддаг, нэг нь нөгөөдөө саналаа хэлдэггүй, тодорхой  мэдээлэл өгдөггүй, бүлгийн хуралдаанаа хийж чаддаггүй болсон тухай мэдээлэл байнга гарах болоод байна.

2015 оны аравдугаар сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэгэн хурцхан гэмээр мэдээлэл хийсэн юм. Үүндээ, Монгол Улсын ирээдүй, ард түмний хувь заяатай холбоотой асуудал ярихаар ”Шударга ёс” эвсэл  бүлгийн даргаасаа эхлээд үнэхээр хөөрхийлөлтэй, арчаагүй, зүрх зориггүй байдлаар хандсаар байгаа нь миний тэвчээрийг барлаа. М.Энхсайханы үгнээс гардаггүй, баруун гар нь болох Н.Батцэрэг гэдэг хүн УИХ дахь “Шударга ёс” эвслийг маш мөлгөр, бөөрөнхийлсөн байдлаар удирдаад удаж байна. Оюутолгойн 51 хувийг Монгол Улс  эзэмших, Тавантолгойг 100 хувь ард түмний мэдэлд шилжүүлэх ёстой гэсэн МАХН-ын чиг шугамыг “Шударга ёс” эвсэл огт дурсахгүй байгаа, Н.Батцэрэг гэдэг мөлгөр хүнээс болоод энэ асуудлууд мартагдаж эхлээд байна.  Яг үнэнийг хэлэхэд  өнөөдөр “Шударга ёс” эвслийн бүлгийн байр суурь, түүнийгээ илэрхийлж  байгаа байдал нь ичмээр, нүүр улаймаар юм байна. Та бүхэн ч анзаарч л байгаа байх.

Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах үед АН-ын бүлгийн дарга нь “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал дээр орж ирээд, “За та нар хэнийгээ сайд болгох гэж байна. Бид та нарт чиглэл өгье энэ тэр гээд сэгсэлзээд, холион бантан хутгасан” гэж мэдээлээд зогссонгүй, “2016 оны сонгуульд оролцох л юм бол ингэж үлгэн салган явах хэрэггүй, эвслээ задлах хэрэгтэй”  гэж үзэж байгаагаа хэлсэн байна.

О.Баасанхүү гишүүний тодорхойлсон эвслийн бүлгийн даргын “үлгэн салган” байдлыг нь  хамтран эрх барьж байгаа намынхан нь хүртэл ашиглаад байна уу даа гэхээр явдал саяхан бас боллоо. Сонгуулийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж санаачилсан боловч “Шударга ёс” эвслийнхэнд танилцуулах шаарлагагүй гэж үзсэн бололтой, Засгийн газраас санал авахаар шууд оруулсан байна. Энэ тухай  Н.Батцэрэг  гишүүн, “Энэ хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцэхээр оруулахад нь л мэдлээ. Эвслийн бүлгийн хурлаар  огт хэлэлцээгүй” гэсэн бөгөөд “Би ер нь хувьдаа бол сонгууль дөхсөн үед хуульд өөрчлөлт оруулах нь зохимжгүй гэж үзэж байгаа” хэмээн тодотгосон байна.

Байдал иймдээ хүрчихээд байгаа учир, нөгөө талаар УИХ-ын гишүүн, Бүлгийн дарга, сайд гэсэн гурван давхар “дээл”-нд түүртэж яваа тэрээр, “Засгийн газрын гишүүн болмогцоо л УИХ дахь эвслийн бүлгийн даргын албыг өгөх  хүсэлтээ эвслийн намуудын дарга нарт амаар гаргасан, хоёр дарга хоёулаа одоохондоо энэ ажлаа хийж байхыг  хүссэн. Засгийн газрын байр суурь УИХ-ынхтай зөрөх юм гарахаар хэцүү байдаг” гэжээ.

АН-ын дарга З.Энхболд 2016 оны сонгуульд нэгдэн орох тухай саналыг ИЗНН-ын дарга С.Оюунд, харин МҮАН-д  хүргүүлэх саналыг намын дарга М.Энхсайханд нь биш, УИХ-ын гишүүн Н.Батцэрэгт нь гардуулан өглөө. АН-ын дарга хэдийнээс хойш МҮАН-ын даргад таагүй ханддагаа нуухаа больсон нь хамгийн сүүлд  ингэж илэрлээ.  Ямартай ч сонгуульд нэгдэх, эсвэл хамтрах урилгыг намаа төлөөлөн авч, даргадаа уламжлах зураг төөрөг Н.Батцэрэг гишүүнд  байж. Харин  “энэ завшааныг ашиглан” гэдэг  шиг тэр үеэрээ, та нар намайг элэг барьж байгаа мэт  үнэхээр эвгүй хандаж, Байнгын хорооны харъяаллыг маань  сольсон. Би ямар  ч байсан УИХ дахь  эвслийн бүлгийн дарга хүн шүү. Эвийг сахъя гэж  бодоод, улс төрийн итгэлцэл  энэ тэр гэж нүүрээ ширлэж байж, шуугиан гаргалгүй өнгөрөөлөө” гэж З.Энхболд даргад хэлж чадаа болов уу…

”Н.Батцэрэг гишүүн бол бэл бэнчин ихтэй гишүүдийн нэг биш. Амьдралынхаа завийг чимээгүйхэн, урсгалаар нь явуулсаар байгаад улс төрийн өнөөдөрт хүрч ирсэн нэгэн. Тэрээр улс төрийн өндөр оргилуудын нэг байж чадахгүйгээ мэднэ, тэр зөвхөн их улс төрийн тэтгэвэрт гарахгүй байхыг л хүсэж  байгаа юм. Үүнийг нь л улс төрийн намын удирдлагууд ашигладаг байх” гэсэн дүгнэлтийг нэгэн сэтгүүлч хийсэн байна билээ. Тэр ч бараг  үнэн байхаа даа…

Түүний  удирдах гэж оролдож ирсэн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хэмээх “холимог арми”-ийг цаашдаа хэн авч явах бол, ямар хувь заяа хүлээж байгаа бол…

Бүлгээсээ гарах магадлалтайд тооцогдож байсан О.Баасанхүү гишүүний хувьд намын жагсаалтаар сонгогдсон тул боломж байхгүй гэдгийг нь ойлгуулсан, Ч.Улаан гишүүнийг УИХ-ын Төсвийн Байнгын хорооны дарга болгож нэг удаа тогтоосон, харин Д.Тэрбишдагва гишүүн арай ч ганцаараа гараад явчихгүй байх гэж тооцож буй, дээр нь “эвслийн бүлгийн олонхийг бүрдүүлж байж хоёрхон гишүүнтэй намд толгойгоо мэдүүллээ” гэж намын дарга нь “тархидаад” байгаа учир эвслийн бүлгийн даргыг суудлыг МАХН-ынхан авах гэх биз. Гэхдээ энэ нөхцөлд ч Н.Батцэрэг дарга өөрийн мөн чанараа харуулж, бүлгийн даргын суудлыг манай нам хэвээр хадгалах ёстой гэж хашгирч хэрэлдэхийн оронд өнгөц сонсоход хал балгүй гэмээр ярилцлага өгчихөж байгаа юм. Тэрээр зүгээр л, 2012 оны сонгуулийн дараа эвсэл дотроо ярьж байгаад УИХ-ын дэд даргаа МАХН-аас, бүлгийн даргаа МҮАН-аас томилохоор тохиролцсон тухай түүхийг сануулаад, “Тэгэхээр бүлгийн даргыг МҮАН-аас томилох ёстой гэсэн үг үү?” гэж сэтгүүлч тодруулж асуухаар “Уг нь тэгэх ёстой гэчихээд”, “Тиймээс бид хоорондоо ярилцаад шийдэх байх хэмээн“ хаяагаа манахаа огт мартаагүй юм шүү.

Н.Батцэрэгийг  эвслийн бүлгийн даргаас чөлөөлөхгүй байгаа нь түүний сайных биш, ердөө л оронд нь тавьчих хүн байхгүй байгаад л хамаг учир нь бий  гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Яагаад гэвэл, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар нь мөн л сайдын алба хашиж байгаа, Д.Тэрбишдагва  нь Н.Энхбаярыгаа сөрөх болсноос гадна өөрөө хүсэхгүй байгаа, цаана нь М.Энхсайханд үнэнч М.Сономпилээс өөр хүн алга. Түүнийг тавихыг Н.Энхбаяр дарга нь зөвшөөрөхгүй. Ингээд л Батцэрэг даргыг  чөлөөлөх тушаал гарахгүй байгаа юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол МАХН-ынхан эвслийн бүлгийн даргыг хүчээр авах гэж оролдвол МҮАН “эвслийг задлаж, Засгийг хөдөлгөнө” хэмээн тэднийгээ сүрдүүлж, тэр ч байтугай  АН-тай нэгдэх, эвсэх боломжийг ч судалж эхэлсэн байна. Ингээд эвсэл задарвал “Цэрэг” дарга маань “арми”-гүй болж, командлагчийн тушаал нь автоматаар устаад, сэтгэлийн нэгэн зовлонгоос ангижрах  билээ.

Сэтгэгдэл үлдээх