Take action

Дональд Трампын давамгайлал Хиллари Клинтонд ашигтайгаар эргэж байна

Судлаач Б.Амирлин 2,915 үзсэн0

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн сунгаа ид сонирхолтой үе дээрээ явж байна. Саяхан болж өнгөрсөн Super Tuesday буюу нэг дор хамгийн олон муж улсад болдог сунгааны дараа Бүгд Найрамдах намаас тэрбумтан Дональд Трамп, Ардчилсан Намаас экс Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хиллари Клинтон нар нам дотроо тэргүүлэх байр сууриа хадгалж үлдлээ.

Сонирхолтой нь БНН-аас нэр дэвшигчид анх өрсөлдөж эхэлсэн 22 хүнээс одоо үлдээд байгаа дөрвөн нэр дэвшигч (Бен Гарсон хамгийн сүүлд нэрээ татаж авчээ) дотор Дональд Трамп тэргүүлж яваа нь олон хүн, түүний дотор БНН-ынхны сэтгэлийг зовоож эхэлжээ.

Дональд Трамп бол Financial Times-д бичсэнээр “сэтгэцийн өвчтний адил фантазладаг, бусдыг үзэн ядагч, бусдыг үл тоомсорлогч, улс төрийн туршлагагүй” нэгэн ажээ. Тэрээр байнга телевизээр гарч байдаг, өөрийн гэсэн шоу зохиодог, байнга л этгээд мэдэгдэл хийж, шуугиан тарьж байдаг популист хүн юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр амжилттай боловч эрсдэлтэй ажилладаг ийм тэрбумтан БНН-аас нэр дэвших сунгаанд яагаад тэргүүлээд байдаг билээ?

Түүний өрсөлдөгчид нь сул дорой байгаад гол учир нь байна. Рональд Рейган, Жорж Буш зэрэг хүчтэй ерөнхийлөгч төрүүлж байсан БНН лидерийн дутагдалд орсон нь энэ сунгаанаас харагдлаа.

Барак Обамагийн засаг захиргааны сул бодлого, гадаадын, ялангуяа мексик цагаачид болон исламын шашинтнууд АНУ-ыг доройтуулж байна гэж шүүмжилдэг Доналд Трамп АНУ-ын аугаа их гүрний статусыг буцаан авчрах уриа лоозон дэвшүүлсэн нь үндэсний үзэлтнүүд, цагаан арьстны ноёлох байр суурийг дэмжигчдэд таалагдаж байгаа юм.

Дональд Трампын популизм одоогоор дэмжлэг их авч байгаа боловч түүний хэт туйлширсан байр суурь АНУ-ын үндэсний эрх ашигт хохиролтой гэж сонгогчид үзэж магадгүй.

Дональд Трамп БНН-аас сунгаанд ялж Ерөнхийлөгчид нэр дэвшвэл АН-аас нэр дэвших магадлалтай болоод байгаа Хиллари Клинтонд ашигтай болох юм. Хиллари Клинтоны хувьд АН дотроо одоо ганцхан сенатч Берни Сандерстай тунан үлджээ.

Берни Сандерс бие даагч боловч Сенат дотор АН-ын бүлэгт орж явдаг. Тэр бас л популист талдаа, социал-демократ байр суурьтай учир ажилчин ангийн дэмжлэг их авч байгаа боловч сая болж өнгөрсөн Super Tuesday-н сунгаагаар Хиллари Клинтоноос хол хоцорчээ.

АНУ-ын тэргүүн хатагтайгаар найман жил, Сенатын гишүүнээр бас найман жил, Төрийн нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажилласан, улс төрийн арвин туршлагатай Хиллари Клинтон АН-аас нэр дэвших болзлоо үндсэндээ хангаад байна. Өрсөлдөгч намын нэр дэвшигч нь Дональд Трамп болбол Клинтоны ерөнхийлөгчид сонгогдох магадлал нэмэгдэх юм.

Хиллари Клинтон эмэгтэйчүүдийн эрх, арьсны үзлээр ялгаварлан гадуурхах явдал, баян ядуугийн ялгааг багасгахын төлөө тууштай тэмцэгч гэдгээрээ нэртэй. Тиймээс ч ази, африк, латин америк сонгогчид, эмэгтэйчүүдээс ихээхэн дэмжлэг авч байгаа аж.

Цагаан арьстан давамгайлдаг АНУ-ын улс төрийн истаблишмент дотор түүхэнд анх удаа хар арьстан ерөнхийлөгчтэй болж, найман жил засагласаны дараа америкчууд эргээд цагаан арьстан ерөнхийлөгчийг хүсэмжилж байгаа нь тодорхой байна.

Мөн АНУ түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болох бодит боломж бий болгож байгаа нь Хиллари Клинтоны нэг давуу тал. Цагаан арьстан л бол эмэгтэй ч байсан яахав гэсэн олон сонгогчдын санагалзал Хиллари Клинтонд ашигтай тусах нь тодорхой.

Сэтгэгдэл үлдээх