Hot Topic + Experts

Гүндалайгийн вираль арга

О.Наранхүү 3,625 үзсэн0

Жижиг намын дарга нар нэгнийхээ ярианд анализ хийж, хувь хүнийх нь талаар тодорхойлолтыг гаргаж ирэв. Тодруулбал “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай ХҮН-ын дарга С.Ганбаатарыг эхнээсээ дуустлаа худлаа хүн байна гэдэг дүгнэлтийг хийж хэвлэлээр өгсөн яриандаа дэлгэрэнгүй дурджээ. Энэ хоёр хоёулаа манай өнөөгийн улстөрийн амьдралд элдвийн үйлдэл, үг яриа, олны нүдийг орой дээр нь гаргаж чаддагаараа амьд “брэнд” болсон хүмүүс л дээ.

Жишээ нь Л.Гүндалайгийн хувьд энэ жилийн сонгуульд ширүүхэн зүтгэхээр шийдэн гараагаа ч амжилттай тавиад байгаа. Түүний “чадахгүй нь чацга царайлдаг” гэх жаргон төдийгүй дуулсан дуу нь би байгаа шүү гэдгийг сануулаад зогсохгүй сошиал ертөнцийг жинхэнэ утгаар нь байлдан дагуулж байгаа. Түүнээс ч дутахгүй шуугианыг ХҮН-ын дарга С.Ганбаатар өөрийн боловсролын байдлаа чигч шударгаар зарлаж дэгдээж чадсан.

5652008560b3d78de48551С.Ганбаатарын боловсролын талаар улс төрд явдаг, сонирхдог толгойтой бүхэн үгээ хэлсэн тул Л.Гүндалай ээлж ирсэн гэж үзжээ. Ингээд тэрээр үгээ ч хэлж шуугианы хоёр эзэн огтлолцсон тул сошиал дээр бас л тренд бололгүй яахав. Өнөө цагт улстөрчдийн дунд хамгийн өндөр рейтингтэй яваа гэгддэг С.Ганбаатарын тухай ийн ярьжээ.

“Эхнээсээ дуустал энэ хүн худлаа юм байна гэж ойлгосон. Мэднэ. Гадаадад сургууль төгсөөгүй нь харах царайны ил байгаа юм. Ядахдаа дотоодод нэг юм төгссөн байлгүй дээ хөөрхий гэж бодсон. Гэтэл тийм ч юм байхгүй. Тэгсэн мөртлөө бүх газарт худлаа яриад, хулхидаад явчихсан. Энэ бол болохгүй зүйл дээ. Үүнийг нь хэлсэн юм. Хүмүүс над руу дайрсан байна лээ. Тэр хамаагүй. С.Ганбаатарын хүмүүс дайрч байгаа. Youtube дээр байсан Ганбаатарын ярилцлагуудыг үзлээ. Англи хэлээр ярьсан бичлэгийг нь үзсэн авах юм алга байна лээ. Ярьсан яриа нь худлаа, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм. Тэр болгоныг нь үзээд аюултай зальтай этгээд юм байна даа гэж бодсон. Ард түмэндээ үнэнийг хэлж энэ хүнээс сэрэмжлүүлэхгүй бол болохгүй юм байна. Надаас өөр хүн үнэнийг хэлж чадахгүй дээ” хэмээн илэн далангүй ярьжээ.

гүндалай_700x700

Гэхдээ энд С.Ганбаатарын талаархи Л.Гүндалайгийн хувийн тодорхойлолтыг тоочих гэсэнгүй. Иймэрхүү улстөрчдийн үг, үйлдэл, яриа хөөрөө яагаад олны анхаарлыг соронз мэт татаад байдгийг тайлбарлах гэсэн юм.

Одоо үзэгчид С.Ганбаатарын хариуг алга ташин хүлээж байна. Хамгийн хачирхалтай нь иймэрхүү хошин шог үзэгдлүүдийн үр дүнд С.Ганбаатар, Л.Гүндалай нарын рейтинг өндөр гардаг юм. Яагаад вэ гэж үү?

Та гайхах нь аргагүй ээ. Иймэрхүү улстөрчдийн үйлдлийг та хэчнээн эсэргүүцэж шүүмжилж, амьд яваа цагтаа саналаа өгөхгүй гэж бодсон ч тэдний юу хийж бичиж байгааг сонирхох, харах сэдэл танд төрөх төдийд л тэдний пиар зорилгодоо хүрсэнд тооцогдож, рейтинг нь өндөр гардгийг судлаачид нэгэнт тогтоосон байдаг.

Ер нь хүн ам ихтэй улс орнуудад ийм төрлийн маркетингийн арга улстөрчид төдийгүй сонгогчдод ихэд таалагдаж шинэ цагийн хандлага болж байгааг гадны хэвлэлд бичдэг. Жишээ нь Л.Гүндалайгийн энэ гажиг гэмээр шоудалтуудыг маркетингийн онолын үүднээс тайлбарлавал viral маркетинг (вираль) буюу buzz (жингэнээн үүсгэх) маркетинг гэж тодорхойлдог. Энэ төрлийн маркетингийн арга хэрэгсэл нь ямар нэгэн мессежээр дамжуулан сошиалд жингэнээн үүсгэж нэгнээс нөгөө рүү вирус шиг хурдтай тархааж улмаар тухайн брэндийн танигдалт, хоногшуулалтыг нэмэгдүүлэх зорилго бүхий байдаг.

Иймэрхүү төрлийн маркетингийн аргачлалыг хувь хүний брэндэд голцуу ашигладаг бөгөөд тод жишээ нь залуусын сайн мэдэх Майли Сайрус хэмээх дуучин гэнэ. Зөвхөн Америкийн Диснейн хүүхдийн киноны од байсан тэрээр үсээ тайруулж, секси, гаж гэмээр имижийг бүрдүүлснээр өөрийн хуучин имижийг үгүй хийж глобал од болсон. Хэдийгээр хөндлөнгөөс харахад Майли Сайрус тэнэг үйлдэл хийсэн юм шиг боловч түүний Youtube дэх хандалт, цомгийн борлуулалт, дуучны мэдээлэл дэх хандалт гэрлийн хурдаар өссөн байдаг.

Л.Гүндалай бол яг л ийм вираль маркетингд тохирсон хүн. Чацга царайлах гэх жаргон, ур муутай дууны клип нь бидэнд вирус шиг халдаж бие биедээ “Гүндалай” гэх брэндийг улам бүр хоногшуулж, түүний рейтингийг өсгөж байна. Сошиал хэрэглэгчид хэдийгээр сөрөг коммент үлдээж, шоглож байгаа ч цаагуураа Гүндалайг мэддэггүй нэгний танил болгож, сонирхдоггүй нэгнийг өөрийн эрхгүй сонирхлыг нь татах хэмжээнд нөлөөлдөг аж.

Ийм л маркетингийн аргаар Л.Гүндалай болоод бусад адил төстэй улстөрчид өөрийн мэдэлгүй пиараа явуулж байна. Маркетингийн ийм өвөрмөц арга хэрэгслийг улс төрд ашиглах нь маш хортой гэж судлаачид, мэргэжилтнүүд дүгнэдэг. Хортой гэдэг нь Л.Гүндалай ч юмуу С.Ганбаатар нар шиг нөхөд төрийн эрхэнд амархан гарч мэдэхийг тайлбарлаж байгаа хэрэг.

Гадны жишээг дурдвал яг одоо АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин, нам доторх сунгаандаа итгэлтэй тэргүүлсээр яваа тэрбумтан, шоумэн Дональд Трампын багийн гол арга хэрэгсэл ч мөн л ийм.

Олныг гайхашруулсан үйлдэл, үг яриагаараа илүү танил болсон Трампад Барак Обама ч юмуу Билл Клинтон нар шиг ардчилал, хууль ёс ярих тохиромжгүй.

Тиймээс Дональд Трамп тэрээр бусад өрсөлдөгчдөө “Хиллари Клинтон нөхрөө хангаж чадахгүй байж яаж Америкийг авч явах юм бэ?, Хиллари бол галзуу хүүхэн, Америкчууд шоронгоос оргосон Мексикийн хар тамхины мафийн толгойлогч Эль Чапог урьж авчраад АНУ-ын иргэн болохыг санал болгоно.

Яагаад гэвэл энэ улсын эрх баригчид “үгүй” гэж хэлж чадахгүй тийм л хүмүүс, МакКейн бол дайны баатар биш, тэр олзлогдсон учраас л баатар болсон. Олзлогдоогүй хүмүүс надад илүү таалагддаг” гэх мэтээр шүүмжлэхээс илүүтэй доромж үгээр тодорхойлж, хиймэл үсэн дээрээ бүргэд суулгах мэтээр хачирхалтай үйлдлүүд хийж олныг татаж байдаг. Өөрөө ч энэ тухайгаа “Трамп гэдэг хүн бол нэгэн төрлийн шоу. Энэ шоуны билет хэзээ ч илүү гардаггүй” хэмээн сэтгэл хангалуун ярьж байв.

Сэтгэгдэл үлдээх