Chronicle

“Боорлогдсон” Ерөнхий сайд

Politik.mn 2,908 үзсэн1

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хорин хэдхэн настайгаасаа улс төрд хөл тавьж, гуч хүрээгүй насандаа төрийн сайдын алба залгуулсан, улмаар энэ цагт улс орны хамгийн хариуцлагатай, эрх мэдэл бүхий албан тушаалыг хашиж байна. Тиймээс түүнийг улс төрд хангалттай туршлага суусан гэж хэлж болох ч үүний зэрэгцээ өмнөх Ерөнхий сайд нараас дутахаар сул ноён нуруу, хөнгөн суурьтай хэмээн тодорхойлцгоох нь бий.

Намын дарга нь хүртэл эдийн засгийн хямралаас улсаа салгах гол төлөвлөгөөнүүдэд нь хаалт тавьж байсан гээд бодохоор Ерөнхий сайд болсон цагаасаа авахуулаад түүнд мундахгүй их саад, тээг учирсан гэж харж болно. Нам нэгт улстөрчид, сөрөг хүчнийхэн, бие даагчид, зарим тохиолдолд хамт засаг барьж яваа эвслийн гишүүд тэр бүү хэл зүсэн зүйлийн төрийн бус байгууллагынхан түүнийг боорлосоор ирэв.

Өчигдөрхөн УИХ-ын гишүүн Г.Уянга түүнийг огцруулах тогтоолын төслийг УИХ парламентаар хэлэлцүүлж чадсан бол өнөөдөр О.Баасанхүү халз мэтгэлзээнд урин дуудаж, их хурлын гишүүний суудлаараа дэнчин тавьж байна. Боорлуулах юмаа ч яаж ийгээд Ерөнхий сайд маань өөрөө гаргадаг боловч түүний буруу зөвийг цаг хугацаа тунгаах бөгөөд түүнийг хэрхэн дайрч боорлож байсныг эргэн санацгаая.

2014 оны сүүлээр Ерөнхий сайдын суудалд заларсан ч танхимаа бүрдүүлэх гэж багагүй хугацааг зарцуулж байв. Хамгаас түрүүнд Ч.Сайханбилэгийг хатуухан шүүмжилж эхэлсэн улстөрч бол экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг байв.

d332350e1666b727original2015 оны нэгдүгээр сарын 23. Дөнгөж сая Төрийн байгуулалтын байгуулалтын хороо хуралдаж дэд сайдуудыг суудалд нь авч үлдсэн. Тэгвэл тэрхүү хурал дээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг нэлээд хатуухан зэмлэлээ.

Тэрээр “Ч.Сайханбилэгээ арга барил чинь үндсэндээ буруу байна. Хэцүү хүнд гэж хэлчихээд хүмүүсийн халаасыг ухдагаа зогсоох хэрэгтэй. Яагаад улс орон даяар гурван зөвлөхөө халж байгаа тухай яриад байга юм бэ. Энэ чинь популизм шүү. Тэгвэл үүнтэйгээ адилхан 17 сайдыг цомхотгох тухай ярих зөв.

Нэгдүгээр сарын 23 болчихоод байхад төсвийн тодотголоо баталдаггүй. Цалингаа тавьдаггүй. Яах гэж ингэж популизм хийгээд байна вэ. Хүмүүсийн цалин хөлсийг хасж, танаад байх зүйл байхгүй шүү. Монгол Улсын ингэх хэмжээнд очих болоогүй байгаа! Эх, хүүхдүүдийн мөнгийг булааж авах хэмжээнд доройтсон юм байхгүй шүү дээ. Наад популизм чинь хэтэрлээ” гэсэн юм. 24tsag.mn

13i1d4eqq6st0a52sv15hgfukq2015 оны тавдугаар сарын 21. УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын нэгдсэн Эмират улсад үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг ажил урагшлуулсан бус ухраасан зүйл болсон гэлээ. Ингэж хэлэх хэд, хэдэн үндэслэл байгаа бөгөөд үл ойлгогдох байдлаар гарын үсэг зурсан баримт бичиг нь Монгол улсад дараах хор уршиг тарихаар байна гэв.

Үүнд “Тус гэрээ нь хэрэгжиж эхэлбэл Рио Тинто хөрөнгө оруулагч биш зээл зуучлагчийн үүргээ биелүүлж, Монголын ирээдүй давхар өр, зээлийн барьцаанд орж газар нутгаараа дэнчин тавьж, ашигт малтмалынхаа үр өгөөжийг хүртэх хугацаа улам илүү үргэлжлэх болно. Мөн манай улсын төсвийн уналттай байдлыг ашиглан тэнцвэргүй нөхцөл бүхий тулгалт хийж байна” хэмээсэн юм. Unen.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ чуулганы хугацаанд Ерөнхий сайдын эсрэг эвлэршгүй тэмцэл өрнүүлж байгаа хүн. Түүнийг Ч.Сайханбилэгийн танхимд сайдын суудал горилогчдын нэрсийн жагсаалтад элбэг багтааж байсан ч удаатай. Гэсэн хэдий ч С.Ганбаатарын хувьд Ч.Сайханбилэгтэй тэмцэгч хэвээр үлдсэн юм.

2015 оны зургадугаар сарын 10. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийв. Тодруулбал Гамшгийн эсрэг үндэсний төв, Гал үндэстэн холбоо, орон нутгийн зарим иргэд, ТББ-иудын төлөөлөл өнөөдөр Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.Тэд мэдэгдэл хийснийхээ дараа Их тэнгэрийн аманд очиж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийжээ. Уг зан үйлийн үеэр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийж байсан Онцгой байдлын алба хаагч нар болон цагдаа очиж, тус үйлдлийг таслан зогсоосон байна.

1(2)

Түүнчлэн албаны хүмүүс Ерөнхий сайдын зургийг галаас гарган авч унтраажээ. Харин зан үйлийг үйлдэж байсан хүмүүс “Эрх дархдаа эрдэж засаг хууль зөрчвөөс эрхийг эвдэн ял асууж цаазын дээдийг хэрэглэ, Зарлиг мөрд, гол мөрөн булаг шандыг бузарлагсад ариуныг хөндсөн учир алах ялаар цээрлүүл”, “Гол мөрөн булаг шандыг бузарласан ариуныг хөндсөн учир алах ял цээрлүүл” хэмээн уриа лоозон барьж эсэргүүцэл үзүүлсэн болохыг албан бус эх сурвалж мэдээллээ. News.mn

57d398fd0bc10280e533b1e83f5b800eoriginal

ТББ-ынхан Ерөнхий сайдын зургийг өшиглөсөн, шанаадсан, шатаасан энэ үйлдэлд олон нийт тийм ч таатай хандаж байсангүй.

2015 оны арваннэгдүгээр сарын 19. “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг болон “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагынхан Шийдлийн Засгийн газрыг огцрохыг шаардаж мэдээлэл хийлээ. Өнгөрсөн есдүгээр сард Г.Майцэцэг татварын буруу бодлогыг эсэргүүцэж, үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнээ үнэгүй тараах зар дуулгаж нэлээд шуугиан, эмх цэгцгүй байдлыг үүсгэсэн.

Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайд есдүгээр сарын 21-нд гааль, татвар, мэргэжлийн хяналтын удирдлагуудтай уулзалт хийж, “Эксклюзив” компанийн дансыг нээж, үйл ажиллагаа явуулах боломжийг олгох тухайгаа мэдээлсэн. Энэ шийдвэр гараад хоёр сарын хугацаа өнгөрсөн ч асуудал шийдэгдээгүй учраас Шийдлийн Засгийн газрыг шийдсэн зүйлгүй олон нийтэд асуудлыг шийдвэрлэсэн дүр үзүүлэхээ больж, огцрохыг шаардаж байгаагаа тэд илэрхийлсэн юм.

“Эксклюзив” ХХК-ийн захирал Г.Майцэцэг “Үндэсний үйлдвэрлэгчид төрийн байгууллагын дарамтад орж, үүдээ барьж байгаа нь Шийдлийн Засгийн газрын буруутай үйл ажиллагаа юм. Тиймээс Ч.Сайханбилэг огцрох ёстой. Шаардлагаа биелүүлээгүй тохиолдолд дараагийн тэмцлийн хэлбэрт шилжих бөгөөд “бүтээгдэхүүнүүдээ эзэнгүй, хүн хохирохооргүй газар аваачиж шатаадаг юм бил үү”” гэсэн юм. Medee.mn

1448863679565be7bfda3ea2015 оны арваннэгдүгээр сарын 30. УИХ дахь бие даагчдын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар мэдээллээ. Гишүүд хурлын эхэнд гишүүд өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажиллаж энэ үеэр ихэнх ард иргэд Үндсэн хуулийн өөрчлөлт болоод Сонгуулийн тухай хуулийг дэмжихгүй байсан гэдгийг хэлж байлаа. Мөн бие даагчдын зүгээс ард нийтэд хандаж хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдлийг хий хоосон зүйл, худал амлалт, сонгуулийн шоу байсан гэдгийг онцолсон юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Орон нутгийн 1000 гаруй иргэдтэй уулзалт зохион байгуулж уулзах үеэр нэг ч хүн дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байсан. Иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь одоогоор биш бөгөөд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар бол Үндсэн хуулийн хүрээнд хуулиа батлах хэрэгтэй гэж үзэж байсан. Энэ долоо хоногт Хөдөлмөрийн тухай хууль, Даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмын тухай хуулиуд орж ирсэн байгаа. Эдгээр хуулиудыг дэмжиж байна. Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд компани дээр хариуцлага хүлээлгэх заалт оруулсныг дэмжихгүй байна” гэж мэдэгдлээ. Zaluu.com

уянга-гишүүн-640x4272016 оны нэгдүгээр сарын 19. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг томилогдсон өдрөөс нь эхлэн огцруулна гэдгээ мэдэгдэж байсан юм. Гарын үсэг цуглуулж эхлэсэн тухай мэдээлэл хэвлэлээр тархаж АН-аас Л.Амаржаргал, эвслээс Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга ,Бие даагч гишүүд ,МАН-аас Ц.Нямдорж нарын гишүүд гарын үсэг зурж нэгдээд байсан.

Хуулийн босго 19 гишүүн болоход хоёр гуравхан гарын үсэг дутуу байна гэсэн мэдээлэл хэдэн сарын турш үргэлжилж байсан. Тэгвэл хуулийн босго 19 гарын үсэг гүйцэж Ерөнхий сайдыг огцруулах саналаа дөнгөж сая УИХ-ын даргад өргөн барьсан байна. News.mn

2016 оны хоёрдугаар сарын 23. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 19:00 цагт халз мэтгэлцээнд урьж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхий сайдад явуулсан албан бичигтээ: Улсын Их хурлын гишүүн О.Баасанхүү миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төслүүд санаачлан Засгийн газраас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7/10048, 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 7/10619 тоот албан бичгээр тус тус хүргүүлж байсан билээ.

Гэвч Засгийн газрын Хэрэг Эрхлэх газраас 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/2415, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ХЭГ/62 тоот албан бичиг болон хуралдааны тэмдэглэлээр миний санаачилсан хуулиудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай мэдэгджээ. Улсын Их Хурлын гишүүний хувьд хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд тодорхой тооны хуулиудыг санаачлан хуулийн дагуу Засгийн газраас санал авахад урьд өмнө нь ч, одоо ч үргэлж татгалзсан хариу ирүүлсээр байна.

Аливаа хуулийг УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилж байгаа хэдий ч энэхүү хуулиудыг боловсруулахад тооцоо судалгааг нь мэргэжлийн хүмүүс, төрийн бус байгууллагууд болон ард иргэд хамтран оролцож боловсруулдаг бөгөөд дан ганц Улсын Их Хурлын гишүүний санаа бодол байдаггүй гэдгийг та болон танай Засгийн газрын яам агентлагууд ойлгож байгаа гэж найдаж байна. Иймд олон нийтийн өмнө Засгийн газрын албан ёсны байр суурийг няцаах зорилгоор нөгөө талаасаа ард түмэнд бодит мэдээллийг өгч Засгийн газрын зүгээс санал өгөхдөө хэт хөнгөмсгөөр ханддагийг нотлох үүднээс таныг халз мэтгэлцээнд урьж байна хэмээн дурдсан байна.

Сэтгэгдэл (1)

  1. It’s really a great and useful piece of information. I am happy that you simply shared this useful information with us. Please stay us informed like this. Thank you for sharing.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх