Hot Topic + Experts

Ш.Отгонбилэгийн хаалгыг “цүүцдүүлж” байсан Зи дарга Цэцийн даргыг хүч түрэв

С.Бат 3,424 үзсэн0

Өнгөрсөн баасан гаригийн өглөө арайхийн ирцээ бүрдүүлж, нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулган гол санаархлаа амжилттай биелүүлээд тэр үдэшдээ хаалтаа хийлээ. Улс эх орны амин чухал асуудлуудыг багтаасан олон хуулийн төслийг батлахаар ээлжит бусаар хуралдаж байна хэмээн Их хурлын удирдлагууд ааг амьсгаагүй ярьж байсан ч цаг нь тулахад бэлэн болчихсон, эцсийн хэлэлцүүлгийг нь сонсоод санал хураах төдий ажил үлдээд байсан хэдэн хуулийн төслийг эцэслээд хаалгаа хаалаа.

Хамгийн гол нь Үндсэн хуулийн Цэц болон эрх баригчдын хооронд өрнөсөн үл ойлголцол, сөргөлдөөн эцэстээ тулж УИХ-ын дарга хүртэл суудлаа тавьж өгөхүйц байдал ойрхон байлаа. Ийм нөхцөлд Цэцийн даргыг суудлаас нь авч хаях Зи даргын хувьд аминд тулсан хэрэг байлаа.  Хоёр долоо хоногийн турш хуралдаж 24 хуулийг батлахаар захирамжилж байсан Зи дарга дайснаа дарж дархан цолоо мандуулаад баяр баясгалантайгаар чуулганаа хаалаа. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих манаа руугаа ийнхүү эрхбаригчид увайгүй халдаж дур зоргоороо авирласан нь Монголын улс төрийн түүхэнд тохиож байсан нэгэн хударгагүй түүхийг санагдуулав. Эргэн санавал 18 жилийн өмнө буюу тэртээх 1998 онд айраг шуугисан цагаар огцорчихоод үүрэг гүйцэтгэж байсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрын өнгөн дээр Төрийн өмчийн хороог толгойлж байсан З.Энхболдын зарлан хэрэгжүүлсэн нэгэн шийдвэр бий.

Тухайлбал үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдынхаа дэмжлэгтэйгээр тухайн үеийн ТӨХ-ны дарга Монгол Улсын цорын ганц саалийн үнээ гэгддэг байсан Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсныг ажлаас нь хусаж оронд нь Д.Дорлигжавыг томилуулж байв. Ингэхдээ захирлын тамгаа өгөхгүй байсан Ш.Отгонбилэг агсны өрөөг УИХ-ын гишүүн асан Д.Одхүү тэргүүтэй хүмүүс цүүцдэж, эвдэж орон бөөн шуугиан дэгдээж байлаа. Хоёр орны хамтарсан томоохон төрийн өмчит үйлдвэрийн захирлын хаалгыг эвдэж орсон түүх Монголд үүнээс өөр үгүй бөгөөд ТӨХ-ны газрын дарга байхдаа даргатайгаа хоёул хүч хавсран хаалганд эр бяраа гаргаснаас хойш “Одхүүдэх” гэсэн хөөрхөн хэлц яриа бий болсон юмдаг. Мэдээж хэрэг “Одхүүдэх” ажиллагааны автор нь тэр цагаас хойш улстөрийн карьераа тасралтгүй өсгөсөөр Монгол Улсын хууль тогтоох байгууллагын тэргүүн болсон З.Энхболд байлаа.

Тэр үед Оюутолгой, Тавантолгой сураггүй байсан тул эрх баригчдын хувьд Эрдэнэт үйлдвэр яах аргагүй саалийн үнээ байв.

Тэгвэл улс төрийн түүхэнд ийм хударгагүй, хүч хэрэглэсэн үйлдлээр бичигдэж үлдсэн Зи дарга энэ удаа яг л хуучин хонзогногч арга барилаа давтав. Чингэхдээ Үндсэн хуулийн манаач болсон Цэц рүү халдаж, хүч түрэн зоргоороо загнасаар зорьсондоо хүрлээ. Хүч тэнцвэргүй энэ тулаанд Цэцийн дарга Ж.Амарсанаа Цэцийг гартаа атгах санаархлыг нь хааж хөндлөн хэвтсэн ч УИХ дахь АН-ын бүлэг болон Л.Цог, Г.Уянга, Д.Тэрбишдагва нарын гишүүдтэй хамтран “Одхүүдэж” чадав. Ингэхдээ Хуульзүйн сайд атлаа ёсзүйн асуудалд орооцолдож сэнтийгээсээ буусан Х.Тэмүүжин, 2001 онд Үндсэн хуулинд оруулсан “дордохын долоон өөрчлөлт”-ийн гол авторуудын нэг, парламентын гарамгай “хорчин” Р.Гончигдорж нартай хүч хавсарлаа. Х.Тэмүүжин, Р.Гончигдорж нарын сэдэл нь ч, хүсэл нь ч тодорхой доо. Харин МАН, МАХН-ын ирцийн бойкотыг саармагжуулж дөнгөсөн Л.Цог, Г.Уянга, Д.Тэрбишдагва нар ямар яриа хөөрөө эрх баригчидтай өрнүүлж, юу тохирсон нь одоогоор нууц байна.

Одоо Цэцийн дарга, Монгол Улсын Хуульзүйн сайдаар АН-аас нэр дэвшиж байсан, академич Ж.Амарсанаагийн хариу үйлдэл ямар байх нь анхаарал татна. Гэхдээ нэгэнт чуулганы танхимд хүч түрэн суудлаас нь унагасан тул тэрээр шүүхэд хандаад ч цаашдын зам нь нэн бүрхэг. Учир нь Ж.Амарсанааг Дээд шүүхээс санал болгон Цэцийн гишүүнээр томилуулж байсан тул энэ харьяаллаараа эгүүлэн татах саналыг Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүгч н.Батсуурь чуулганд танилцуулсан. Тиймээс Ж.Амарсанаа хуулийн дагуу анхан шатны шүүхэд хандаад заргаа авлаа гэхэд Дээд шүүх дээр очоод бодлогоор унах нь бараг тодорхой.

Тиймээс Ж.Амарсанаа ноёнтой өстөн хүн толгойгүйн үлгэрээр тахимаа  өгч байна.  Ингэснээр Цэцийн даргын томоохон суудал онгойлоо. Ж.Амарсанаа л уурандаа эв хавгүй хэлчихсэнээс биш Үндсэн хуулийн цэцийн дарга бол төрийн өндөр албан тушаалтнуудын зэрэглэлд дээгүүр байр эзэлдэг нь гарцаагүй үнэн юм билээ. Энэ тухай УИХ-аас гаргасан тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тиймээс будсан эксель уналтай биш гэж үг алдсанаасаа болоод эксельтэй жагсагчдад “алуулан” алдсан Ж.Амарсанаагийн орыг хэн ч залгасан лав л эксель унахгүй нь тодорхой. Эксель биш өөр машин унах тэр эрхмээр Р.Гончигдоржийг төрийн ордонд нэрлэцгээж байна. Тэрээр УИХ-ын гишүүнээсээ татгалзан Цэцийн даргаар томилогдох нь баттай гэх. Олны яриа ортой байдаг хойно. З.Энхболдын хүслийг гүйцэлдүүлэхийн тулд тэрээр улстөрчийн карьераа төгсгөл болгон Цэцэд даргалан суух бололтой. Гэхдээ эрх баригчдын энэ төлөвлөгөө аль хэдийнэ гэрэл цохисон тул Зи дарга нэрэлхсэндээ өөр хүний нэр гаргаж ирж магадгүй л юм.

Зи даргын эрх мэдлээрээ юмханд хүч түрж санаснаа бүтээдэг энэ үйлдлийг олон хавар нэгэндээ хэмээн тодорхойлмоор байна.  Сонгууль ойртсон энэ цаг үед бүхэл бүтэн нам толгойлсон улстөрч ийнхүү бүхнийг эрх мэдэл, албан тушаалаараа ааглан шийдэж байгаа нь олон нийт, сонгогчдод таатай санагдаж байгаа болов уу даа. Монголчууд уулаасаа хүч буурай, дээрэлхүүлж байгаа нэгнээ өмгөөлдөг ард түмэн. Тэгэхээр ийм байдал Цэцийн даргын асуудлыг хэлэлцэх үед чуулганы танхимд орж ирээгүй сөрөг хүчнийхэнд, тухайлбал Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарын МАН-ын туршлагатай хуульчдад ашигтай болж таарна.

Өөр нэг зүйлийг нэмээд хэлж болно. 18 хаврын өмнө ТӨХ-ны дарга байсан шавилхан биетэй Зи дарга үнэхээр том карьер хийжээ. Гэхдээ түүний улстөрчийн араншин, хүч түрэмгийлэх арга барил огтхон ч өөрчлөгдсөнгүй. Хамгийн их ардчилалтай гэдэг АН-ын даргын суудлыг Н.Алтанхуягийг буланд шахсаар булаан аваад ч яг янзаараа.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master