Hot Topic + Experts

Н.Алтанхуягийн хуулиудыг хэн гацаав?

Н.Эрдэнэ 272 үзсэн0

Өнгөрсөн зун Н.Алтанхуяг гишүүн нэгэн хуулийн төслийг өргөн барьсанаар эргээд өөрөө олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслүүдээр ихээхэн дайралтад өртсөнийг уншигчид санаж байгаа. Тодруулбал тэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны тавдугаар сарын 8-нд санаачлан зургадугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьсан. Хууль санаачлагчийн зүгээс хуулийн байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс энэхүү төслүүдийг өргөн барьсан тухайгаа тайлбарласан боловч хамаатан садан, хамтран зүтгэгчдээ хамгаалах хууль боловсрууллаа, АТГ-ын эрх мэдлийг бууруулж, авлигатай тэмцэх улс орны их ажилд цэг тавих нь гэх мэтээр хангалттай шүүмжлэлд өртсөн юм.

Мэдээж хэрэг энэ цаг үед түүний хүргэн дүү, ахлах зөвлөхийг АТГ-ын зүгээс баривчилж хуулийн байгууллагад шалгагдаж байсан тул олон нийт зарим нэг талаар ингэж ойлгох нь ч аргагүй байв. Харин Л.Гансүх нарыг шүүх хурлыг шууд дамжуулж олон түмэнд хүргэснээр хуулийн байгууллагуудын нэр хүндийг нийгэмд шавартай хутгаснаас ялгаагүй болсон. Тиймээс хуулийн байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэрийг хадгалахгүй бол улстөрчдийн зорилгыг биелүүлэх  ямар аймшигтай зэвсэг болж хувирдагийг олон хүн мэдэрсэн бизээ.

Тэгвэл энэ үеийг соргогоор ажигласан уу Н.Алтанхуяг гишүүн хуулийн төслөө хэлэлцэхийг шаардаж эхэлжээ.Тэрээр УИХ-ын даргад “Шаардлага дахин хүргүүлэх тухай” нэртэй албан тоотыг илгээсэн байна. Албан бичигт түүний өргөн барьсан төслүүдийг яагаад хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтаас авч хаясаар өдий хүрснийг тайлбарласан байна.

Бичигт “УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслийг УИХ дахь намын бүлгүүд дэмжиж, 2015 оны зургадугаар сарын 16-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэгдэж дэмжигдсэн.

Харин зургадугаар сарын 17-нд Авилгатай тэмцэх газраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан албан бичиг ирүүлж, улмаар тэр өдрөө ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга УИХ-ын даргад хандан бичиг ирүүлснээр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад явж байсан хуулийн төслийг хэлэлцэхийг зогсоосон. Хаврын ээлжит чуулганы үеэр энэ хууль бус үйлдлээ зогсоохыг УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөс шаардсан боловч хэлэлцүүлэлгүй хаврын ээлжит чуулган болон зуны хоёр ээлжит бус чуулганы дөрвөн сарын хугацааг өнгөрөөлөө.

Иймд дөрвөн сарын өмнө хэлэлцэгдэж эхэлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн энэ чуулганаар яаралтай хэлэлцүүлнэ үү гэж УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ” гэсэн байна.

Энэ бичгээс УИХ-ын дарга болон Ерөнхийлөгч зэрэг субьектыг тухайн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэлгүй гацааж байгаа тухай ойлголтыг авна. Мөн АТГ-ын зүгээс ҮАБЗ рүү хандсан, (ҮАБЗ-ийн гишүүд нь УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гурав) эргээд ҮАБЗ-өөс УИХ руу хандаж хэлэлцэх хуулийн жагсаалтуудаас арчигдсаныг Н.Алтанхуяг гишүүн тодорхой тайлбарласан байна. Харин одоо Н.Алтанхуяг гишүүний шаардлагын хариуг хэрхэн өгөхийг олон нийт ажиглаж байна.

d38daf09b53a8082d2b828f00620c5b3original7b664500af627a93af6b6facbc46bf59original

Сэтгэгдэл үлдээх