Post

Төвийг сахихыг ухуулагч Д.Баярхүүгийн тун осолтой дүгнэлтүүд

Судлаач Б.Амирлин 621 үзсэн8

Монгол Улс байнга төвийг сахих санаачлагыг магтан сайшааж олон нийтэд идэвхтэй ухуулагч Гадаад яамны бодлого боловсруулах гол газрын дэд дарга Д.Баярхүү Швейцарийг байн байн дурдаж ярих боловч энэ улстай холбоотой хэд хэдэн чухал фактыг санаатай, эсвэл мэдэхгүйдээ дурдахгүй өнгөрөөд байгааг уншигчдад сануулъя.

            Тэрбээр юуны өмнө олон улсын эрх зүйн хувьд төвийг байнга сахисан орон гэдэг нь олон улсын гэрээгээр баталгаажсан байх ёстой гэдгийг тойрч давхиад байна. Швейцарийн төвийг сахих статус нь 1815 онд тухайн үеийн их гүрнүүд (Австри, Англи, Испани, Орос, Португали, Пруссийн эзэнт гүрэн, Швед)-ийн хооронд байгуулсан «Швейцарийн төвийг сахих тухай гэрээ»-гээр хүлээн зөвшөөрөгдөж, сая хүчин төгөлдөр болсон.

              Мөн төвийг сахих нь гадны түрэмгийллээс өөрийгээ хамгаалах нэг хэрэгсэл гэдгийг зориуд хэлэхгүй байгаа юм. Учир нь ингэж хэлбэл хоёр хөрш маань Монгол руу дайрч орох гээд байна гэсэн дүгнэлт болно. Хоёр хөрш маань Монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг үеийн үед хүндэтгэн үзнэ гэж дахин дахин баталгаажуулаад байхад энэ хоёр манайх руу түрэмгийлэл үйлдэж магадгүй гэж хардах нь тэнэг хэрэг билээ.

             Дипломатч Д.Баярхүү саяхны нэг өгүүлэлдээ аль 1994 онд ОХУ-ын Төрийн Думын гишүүн Алексей Арбатовын бичсэн «Монголын нейтралитет ба бүрэн эрхт байдал нь Оросын хувьд Ази дахь аюулгүй байдлынх нь үлэмж чухал хүчин зүйл болно» гэсэн нэг өгүүлбэрийг «ОХУ-ын албан ёсны байр суурийг тусгасан байх магадлалтай» гэж зориуд тэмдэглэсэн нь 1994 оны Орос, одоогийн Орос хоёр огт өөр гэдгийг огт ойлгоогүй явж байгааг нь нотолж байна.

             Тэр бас «Туркменистаныг төвийг сахиулаад Москвагийн нөлөөний хүрээ, хараа хяналтаас алдсан гашуун сургамжаараа Монголын төвийг сахих санаачилгад хандаж буй тал Оросын хувьд байх шиг байна» гэж дүгнэсэн нь Монгол Улсын Гадаад яамны байр суурь болж харагдвал хойд хөрштэйгээ муудалцах эх суурийг албан ёсоор тавьж буй хэрэг болно.

              Өнөөгийн Гадаад яамны гол бодлого боловсруулагч Д.Баярхүү 1998 онд энэтхэг эрдэмтэн Ранжан Гуптагийн хийсэн “Төвийг сахих Швейцарь загвар Монголд тохирохгүй» гэсэн дүгнэлтийг иш татсан мөртлөө тэр дүгнэлтийн мөн чанарыг ойлгосонгүй. Ранжан Гупта «бүтэхгүй» гэж л зөвлөсөн байна. Тэр мөртлөө энэтхэг эрдэмтэн Монголын хоёр хөршийг «өршөөлгүй» гэж тодотгосныг «яг л зөв хэлжээ» гэж дүгнэснээс үзвэл Монгол Улсын Гадаад яам ОХУ, БНХАУ-ыг «өршөөлгүй» гэж үздэг болж таарч байна.

              Энэ мэтээр Д.Баярхүү дипломатч төвийг сахих асуудлыг хамгаалах гэж оролдохдоо савнаасаа хальж, хоёр хөршөө, ялангуяа хойд хөршөө шүүмжлээд яваа нь яавч Гадаад яамны бодлого биш гэж найдахаас.

Сэтгэгдэл үлдээх