Budget Observer

ЭМСЯ-ны шилэн данс: 2015 онд гэнэт халсан ажилтнууддаа 100 гаруй сая төгрөг олгожээ

Ил тод байдал сан 1,540 үзсэн0

Эрүүл мэнд, спортын яам өнгөрөгч 2015 онд бүтцийн өөрчлөлт нэрээр олон хүнийг ажлаас халжээ. Олон хүн гэсний учир нь тоо нь тодорхойгүй, зөвхөн тэтгэмжид өгсөн мөнгөн дүнгээс багцаалдсан нь энэ. Халагдсан ажиллагсдад зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог хуулийн заалтын дагуу тэдгээр ажилтнуудад уг тэтгэмжийг олгосон нь шилэн дансаар мэдээлэгдсэн байгаа юм.

Гэхдээ шилэн дансны мэдээний ойлгомжтой байх зарчим энд алдагдаж хэн хэн гэсэн хэдэн ажилтанд хэдэн төгрөгийн тэтгэмж, аль даргын ямар шийдвэрээр олгосон нь ил тод биш. Ажиллагсдад БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДСӨН АЛБАН ХААГЧДАД ОЛГОХ ТЭТГЭМЖ гэсэн гүйлгээний утгаар 18.7 сая, 31.7 сая гэх мэт дүнтэй гүйлгээнүүдийг хийжээ. Зөвхөн энэ яамны аппаратын бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халагдагсдад олгосон тэтгэмжийг нэгтгэж үзвэл 100 сая орчим төгрөг болж байна.

Эрүүл мэнд, спортын яамны шилэн дансны таван саяас дээш дүнтэй гүйлгээг 2015 оны нэгдүгээр сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд үзэхэд бүтцийн өөрчлөлт нэрээр хийсэн зарлагууд ийм байхад Шүүхийн шийдвэрээр нөхөн олговор олгосон хоёр удаагийн зарлага байгаа юм. Хэн нэгэн төрийн ажлаа хариуцлагагүй хийсний нөхөн төлбөрийг төсөв-татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаагийн бас нэгэн жишээ.

ЭМСЯ-ны шилэн данс Гэнэт халсан ажилтнууддаа 100 сая төгрөг олгожээ

Яам, агентлагийн дарга удирдлагууд өөрчлөгдөх бүрт тухайн аппаратын ажилчид өөрчлөгддөг жишиг олон жил шүүмжлүүлсэн ч өдий хүртэл байсаар л байна. Баахан хүнийг ажлаас халж, өрөөгөө сайхан тансаг тавилгаар тохижуулж аваад ажлаа явуулдаг шинэ даргын энэхүү илүү зангийн цаана төсвийн хөрөнгө үргүй урссаар. Хэдийгээр Шилэн дансны тухай хуулийн ачаар энэ мэт зарим сонирхолтой зарцуулалтууд ил болж байгаа ч 5 сая гэдэг босгын цаана олон “юм” нуугдаж байж болох талтай цоорхой хууль болжээ. Жишээлбэл, дунджаар 500 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагч ажлаасаа гэнэт чөлөөлөгдвөл 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 3 сая орчим төгрөг болно. Тэгэхээр энэ мөнгө 5 саяын босго давахгүй учир шилэн дансанд мэдээлэгдэхгүй үлдэж байгаа юм. Энэ мэтчилэн олон гүйлгээ 5 саяас доогуур “нуугдаж” байхад Шилэн дансны тухай хуулийг төсвийн хөрөнгийг шил мэт харах боломжтой гэж хэлж болох уу.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master