Chronicle

“Шинэ төмөр зам” төслийн түүх

Politik.mn 5,938 үзсэн1

   Өнгөрсөн 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг баталж, төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, томоохон уул уурхайн ордуудыг ашиглах, тус ордуудаас бүтээгдэхүүн экспортлох зорилгоор нийт 5600 километр төмөр замын сүлжээг 2013-2022 оны хооронд  хэд хэдэн үе шаттайгаар барьж байгуулахаар шийдвэрлэсэн.

Учир нь стратегийн чухал ордуудын нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд одоо ашиглаж байгаа төмөр замаар хангалттай хэмжээнд тээвэрлэлт хийж чадахгүй байгаа,  түүнчлэн Монгол Улс ойрын 20 жилд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээг Хятадтай байгуулсан учраас төмөр замын шинэ  гарцууд  бий  болгох  зайлшгүй шаардлага урган гарсан.

Энэ хүрээнд эхний I, II үе шатанд Тавантолгойн нүүрсний ордоос өмнөд болон зүүн зүгийн зургаан чиглэлд 1800 километр урттай төмөр замын сүлжээ барих “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ.

Экспортын төмөр замтай болох энэхүү ажил ямар нэг саадгүй урагшилж чадвал 2015 гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр зам ашиглалтад орж, жилдээ 50 тэрбум долларын ашгийг олох боломжтой хэмээн тухайн үед тооцоолон гаргаж байлаа.

Нийт 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардсан тус төсөлд өнгөрсөн хугацаанд “Чингис” бондоос нийт 200 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн байна.

Тэгвэл өнөөдрийг хүртэл хэл ам дагуулахаас өөрөөр бодитой ажил болж төдийлөн чадаагүй гэх “Шинэ төмөр зам” төслийн түүхийг танд он тооллоор нь танилцуулья.

2010.06

УИХ-аас Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг баталж, төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, томоохон уул уурхайн ордуудыг ашиглах, тус ордуудаас бүтээгдэхүүн экспортлох зорилгоор нийт 5600 километр төмөр замын сүлжээг 2013-2022 оны хооронд  хэд хэдэн үе шаттайгаар барьж байгуулахаар шийдвэрлэлээ.

Үүнтэй холбоотойгоор  эхний I, II үе шат болох 1800 км төмөр зам барих  “Шинэ төмөр зам” төслийг эхлүүлнэ. Тодруулбал, Тавантолгойн нүүрсний ордоос өмнөд болон зүүн чиглэлд 1800 километр урттай төмөр замын сүлжээ барина. Тавантолгой-Сайншанд /468 км/, Сайншанд-Хөөт /450 км/, Хөөт-Чойбалсан /155 км/, Хөөт-нөмрөг /380 км/, Тавантолгой-Гашуунсухайт /267 км/, Чойбалсан-Эрээнцав /210 км/ гэсэн зургаан чиглэлд төмөр зам шинээр тавих юм.

2010.11.03

Засгийн газрын 283 тоот тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д төмөр замын эхний шатны суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олголоо.

2011.01.04

“Монголын төмөр зам” ТӨХК, Газрын харилцаа, геодези зурагзүйн газар болон “Гео мастер” компанитай хамтран шинэ төмөр замын трассыг боловсруулж, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга баталлаа.

2011.01.20

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаанаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал А.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Б.Батзаяаг томиллоо.

2012.12.05-ны Төрийн өмчийн хорооны хуралдаанаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батзаяаг албан тушаалаас нь чөлөөллөө.

2012.08.20: “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Батзаяаг эгүүлэн томиллоо.

2012.10.19: Төрийн өмчийн хороо хуралдаж М.Энхсайханыг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлаар, Б.Батзаяаг ТУЗ-ийн даргаар тус тус томиллоо.

2011.04.22

“Шинэ төмөр зам” төслийн ажил Дорноговь аймгаас эхэллээ. Сайншандаас арав гаруй километр, хэвтээ тэнхлэгийн төмөр замын 0 цэг  “Хар тойром” гэх  газар  төслийн шав тавих ёслолын ажиллагаа болж Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, дэд сайд А.Гансүх, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа, Улаанбаатар төмөр замын ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга А.И.Домбровский, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон албаны хүмүүс  оролцлоо.

 2011.05.23

Баруун-Уртаас Сайншанд хүрэх 50 км-ийн урттай төмөр замын ажлыг “KHNR” буюу “Халхын шинэ төмөр зам” компани гүйцэтгэхээр болж ажлаа эхлүүллээ. Тэдний ажилтай танилцахаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулга Сүхбаатар аймагт очсон байна.

2012.03.21

Хууль зүйн сайд Ц.Нямдорж ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга “Солонгос болон хятадуудтай нууц гэрээ хийсэн” гэх мэдээллийг дэлгэв.

Ц.Нямдорж “2011 оны гуравдугаар сарын 19-нд Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй байгуулсан “Төмөр зам барих нууц гэрээ”-г мэддэг хүн Монголд бараг байхгүй.  Ямар учиртай юм бэ гээд хууль зүйн талаас нь шалгах гэхээр ийм гэрээ байгуулаагүй гэж худлаа хэлээд материалыг нь өгөхгүй байна. Энэ улсуудтай  уул уурхайн лицензийг барьцаалж гэрээ хийж байх үед Хятад улсын холбогдох яамны хүмүүс ирж санамж бичигт гарын үсэг зурсан. Хятадын салбарын дэд сайд нь Бээжингийн онгоцны буудал дээр буухад өчигдөр зурсан санамж бичиг  чинь хүчингүй шүү гэж Монголын талаас мэдэгдсэн. Энэ мэт хууль бус ажлаас нь болж Тавантолгой гацчихаад байна. Гэтэл сүүлд нь төмөр замын ажил Ц.Нямдоржоос болж гацаж байна гэж мэдэгдэж байгаа нь буруу” гэсэн юм.

Энд яригдаж байгаа 20 хуудас гэрээ нь Чойбалсан хүртэлх 1100 км төмөр зам барих тухай аж. Гэрээнд  төмөр замыг 2.1 саяас 2.5 сая ам.доллар, нийтдээ 2.5 орчим тэрбум ам.доллар зарцуулагдана гэж тооцсон байжээ. Хэрэв энэ ажил нь амжилттай болвол Гашуун сухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам барих ажлыг ч хийлгэхээр тусгасан байсан гэнэ.

2012.03.23

ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Бямбажав, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Наранпүрэв, Зам, тээврийн бодлогын газрын орлогч дарга Н.Нямдаваа нар Х.Баттулга  хэд хэдэн нууц гэрээ байгуулсан талаар мэдээлэл хийлээ.

2012.03.26

УИХ-ын гишүүн Х.Баттулга нууц гэрээ байгуулсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан албан ёсны байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Түүнтэй хамт ЗТБХБ-ын дэд сайд асан А.Гансүх, төмөр замын  хууль эрх зүйн гэрээ, техник эдийн засгийн үндэслэл, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах ажилд 2007 оноос хойш Х.Баттулгатай хамтарч ажиллаж байгаа,  түүний орон  тооны  бус  зөвлөх н.Ганбат  нар байлцлаа.

2012.05.09

Монгол Улсын Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор Сайншандаас Тавантолгой  чиглэлийн 225 км төмөр замын суурь бүтцийг “Дорнын Төмөр Зам” болон “Монголиантранс лайн” ХХК-тай,  Ухаахудагаас  Гашуунсухайт  чиглэлийн төмөр замын суурь бүтцийг  барих – ашиглах – шилжүүлэх концессийн гэрээг  “Энержи Ресурс” болон  “Энержи Ресурс Рейл” ХХК-тай байгуулахаар баталлаа.

2012.11.03

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж 121 дүгээр тогтоол гаргалаа.

Уг тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын I болон II үе шатны төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын Төмөр Зам” ТӨХК-д олголоо.

2012.11.13

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 121 дүгээр тогтоолыг үндэслэн улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг барихад хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Зам, тээврийн сайд А.Гансүхээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулах Ерөнхий сайдын 65 дугаар захирамж гарлаа.

2013.01.26

 “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хүрээнд төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгохоор Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

Мөн “Шинэ төмөр зам“ төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ оны хоёрдугаар сард багтаан олгохыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна. Зээлийн эргэн төлөлтийг тухай бүр нь улсын төсөвт тусгаж, шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.

2013.02.28

Төрийн өмчийн хорооны 55 тоот тогтоолоор “Шинэ төмөр зам” компанийг байгуулж, компанийн дүрмийг баталлаа.

2013.03.15

 “Шинэ төмөр зам” тусгай зориулалтын компанийг Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газар бүртгэж зохих журмын дагуу компанийн гэрчилгээг олгосон байна.

2013.04.12

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд баригдах 267 км орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн “Samsung C&T” компанитай байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч барилгын ерөнхий гүйцэтгэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай Зам, тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан тушаал гарлаа.

2013.05.06

“Энержи Ресурс Рейл” ХХК болон “Samsung C&T” компанитай МТЗ-ТӨ-1322/02, ER-13-006 тоот “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ” байгуулсан.

2013.05.15

Samsung C&T ХХК-тай гэрээ байгуулснаар Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд баригдах төмөр замын барилгын ажлыг эхлүүллээ.

2013.08.16

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ болон холбогдох албаныхан “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын ажилтай танилцлаа. Шинэ төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Samsung C&T” ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр нийт 12 компани үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн чиглэлд нийт 12,162,104,81 метр.куб газар шорооны ажил хийх ёстойгоос хөрс хуулалтын ажил 33.09 хувь, газар шорооны ажлын гүйцэтгэл 34.98 хувьтай байгаа аж./news.mn/

Монголын талын Гашуунсухайт өртөөг Ганцмод боомттой холбох хүнд даацын төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг гүйцэтгэхэд “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллахаар БНХАУ-ын төрийн өмчит Шэнхуа Групп Корпораци, Эрдэнэс Таван Толгой ТӨХК, Энержи Ресурс ХХК, Таван Толгой ХК-ийн бүрэлдхүүнтэй Консорциум болон Шэнхуа Групп Корпорацитай хамтран ажиллах санамж бичгүүдэд талууд гарын үсэг зурлаа.

 2014.02.11

 “Дорнын Төмөр Зам” болон “Монголиантранс лайн” ХХК Тавантолгой – Сайншанд чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих ажлын нээлт боллоо.

2014.02.12

 “Энержи Ресурс” болон “Энержи Ресурс Рейл” ХХК Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих ажил нээлтээ хийлээ.

2014.05.01

Засгийн газраас төмөр замаа өргөн, нарийн хоёулангаар нь барих буюу Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын  төсөл өргөн барилаа. Тус төсөлд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн буюу нарийн царигтайгаар урд хөрш рүү холбогдохоор тусгасан байна. Харин хойд хөрштэй 1520 мм буюу өргөн төмөр замаар Могойн гол-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт- Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлд холбогдоно гэж төсөл боловсруулсан байна.

2014.05.29

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  хэлэлцэж эхлээгүй байхад уг төслөө татаж буйгаа Засгийн газраас мэдэгдлээ.

2014.06.03

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж УИХ-д хэд хэдэн удаа хэлэлцэхээр товолсон ч буцаагдаад байсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцэж зарим зүйлийг нэмж, өөрчилжээ.

2014.10.24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84 хувийн саналаар баталлаа. Ингэснээр олон жилийн турш царигийн маргаанаас болж цаг алдсан “Шинэ төмөр зам” төсөл гацаанаас гарлаа гэж үзэв.

Энэхүү тогтоол батлагдсанаар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар боллоо.

2015.02 сар

УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны хоёрдугаар сард Япон улсад албан ёсоор айлчлахдаа Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах болон Тавантолгой-Сайншандын төмөр замд Япон улс санхүүжилт олгох болон хөрөнгө оруулалт хийх талаар Японы парламентын дээд, доод танхимын дарга нарт болон Ерөнхий сайд Ш.Абэд хүсэлт тавьж, Монгол талын санал болгож байгаа төслийг албан ёсоор гардуулжээ.

2015.04.21

Шинэ төмөр зам төслийн нэгдүгээр шатны буюу Тавантолгой-Сайншандын зүүн чиглэлийн 1100 км зам дээр үндэсний 17 компани оролцож, 5.9 тэрбум төгрөгийн өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэвч гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийн 50 хувийг таван жил авч чадаагүй байна. Үндэсний компаниуд өнөөдөр төрдөө, сайд Х.Баттулга, А.Гансүх нарын үгэнд итгэснийхээ төлөө дампуурахдаа хүрээд байна./mass.mn/

2015.08.10

Монголын төмөр замчдын нэгдсэн холбоо, Монголын төмөр замын инженерүүдийн холбооноос мэдэгдэл хийлээ.

“Төрөөс төмөр замын тээврийн салбарт баримтлах бодлого, гэрээний дагуу Ухаа-худаг, Гашуун сухайт чиглэлийн 267 километр төмөр зам 2012 онд ашиглалтад орох байсан. Төр өөрөө сайн менежмент, зохион байгуулалт хийгээгүй, мөн гүйцэтгэгчээр гадны компаниудыг сонгосоноос одоог хүртэл төмөр зам тавигдаагүй, туслан гүйцэтгэгчид нь ажлын хөлсөө авч чадахгүй, дампуурахад хүргэлээ” гэж Монголын төмөр замчдын нэгдсэн холбоо, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо үзэж байна.

2015.09.25-26

Зам тээврийн сайд М.Зоригт Ухаа Худаг-Гашуун сухайтын чиглэлд баригдаж буй 267 км төмөр замын суурь гүйцэтгэлийн ажилтай очиж танилцлаа.

Зам тээврийн яамны мэргэжилтнүүдийн зүгээс Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих энэхүү төсөлд өнгөрсөн хугацаанд нийт 220 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж газар шорооны ажил гүйцэтгэсэн талаар мэдээлж байв. Үүний 60 сая орчим ам.долларын ажлыг МCS групп хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү мөнгөө МТЗ-аас нэхэмжилж байгаа талаар МТЗ-ын удирдлагууд энэ үеэр М.Зоригт сайдад хэлж байв.

Одоогоор Ухаа худгаас Гашуун сухайт чиглэл хүртэлх 267 км замын 208 километрт нь газар шорооны ажлыг бүрэн хийж гүйцэтгээд юм байна. 208 км газар шорооны ажил гэдэгт төмөр замын далан, суурь хучилтаас гадна 430 метрийн урттай дам нуруун гүүрийн суурь гүйцэтгэл зэрэг ажлууд багтаж байгаа аж. /mtz.mn/

2015.10.23

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Японы Ерөнхий сайд айлчлал хийх үеэрээ төмөр замын бүтээн байгуулалтанд оролцоно. ТЭЗҮ-г 2015 онд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцлоо” гэсэн мэдэгдлийг хийлээ.

2015.10.26

УИХ-ын дарга З.Энхболд Гашуун сухайт, Сайншанд, Бичигтийн чиглэлийн төмөр замыг барихад 10.000 ажиллах боловсон хүчин хэрэгтэйг сануулаад эдгээр ажиллах хүчийг дотоод нөөц бололцоон дээрээ тулгуурлан цэргүүдээр гүйцэтгүүлэх саналыг тавилаа.

2015.10.30.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчилжээ.

Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих газар саатуулсан байна. Түүнээс гадна Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан байна.

 2015.11.02

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчлан саатуулсантай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“УИХ-аас 2010 онд Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсантай холбоотойгоор эсрэг тэсрэг байр суурь тулгарч эхэлсэн. Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар цааш цаашдаа өөр олон асуудал зохион байгуулалттайгаар хөврөх болов уу. Б.Батзаяа бол зарчимтай хүн, А.Гансүх бол хуульч хүн. Хуулиа мөрдөнө. Миний хувьд бол зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу гэж бодож байна.” гэлээ.

2015.11.13

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа.

2015.11.18

Батлан даалтад гаргасан Б.Батзаяа нарын хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорын газраас “Цагдан хорьж шалгах үндэслэлтэй” гэсэн эсэргүүцлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд бичсэнээр шүүх эсэргүүцлийг хэлэлцэн Б.Батзаяаг цагдан хорих шийдвэр гаргалаа.

2015.12.09

Япон улсаас манай улсад суух элчин сайд Т.Шимизү “Монголын төмөр зам” ТӨХК дээр Япон Улсын ямар ч мэргэжлийн баг ирж ажиллаагүй. Худалдааны яамны төлөөлөгч л төсөл хэрэгжих газартай очиж танилцсан. Япон улс 2015 онд багтаан төмөр замын ТЭЗҮ хийж өгнө гэж яриагүй” хэмээн мэдээлэв.

2015.12.31

Б.Батзаяаг “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэх хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Түүнтэй хамт Зайсан дахь хорих ангид хоригдож байсан Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёлыг хорьж байсан юм.

Харин энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх  А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн байна. Х.Баттулга, А.Гансүх нарыг гадаад явахыг хоригложээ. Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан  хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээллээр АТГ-т давхар хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байна. /news.mn/

Сэтгэгдэл (1)

  1. I just want to tell you that I’m new to blogging and certainly loved you’re page. Very likely I’m likely to bookmark your website . You certainly come with good article content. With thanks for revealing your web site.

Сэтгэгдэл үлдээх