Budget Observer

Шилэн дансны шинэ нүүр царай

Ил тод байдал сан 1,753 үзсэн1

Шилэн дансны нэгдсэн цахим сайт төрхөө өөрчилж, 2016 оноос шинэ загварт шилжлээ. Төрийн сүлд сайтын нүүр хуудасны тэхий голд нь залардаг байсныг зүүн дээд өнцөг рүү хөдөлгөжээ. Сайтын үндсэн өнгө болох цэнхэр, цайвар цэнхрийг улбар шар өнгөөр эмжсэн нь зүс оруулж. Харин төсвийн орлого, зарлагын мэдээлэл элсэн цагаар хэмжигдэж буй мэт харагдуулсан байсныг том тооны хэдэн баганаар сольсон нь өмнөх сайтын сонирхолтой шийдлийг үл давжээ. Баахан уйтгартай.

шилэн дансны сайтын нүүр зураг хуучин нь

Ангилал бол хэрэглэгчид хамгийн ойлгомжтой байх ёстой зүйлийн нэг. Хуучин сайтын хайлтын систем хэрэглэхэд тун түвэгтэй, заримдаа найдваргүй гэж хэлэхээр байсан билээ. Нийт байгууллагыг ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ЗАСГИЙН ГАЗАР, ШҮҮХ ПРОКУРОР, АГЕНТЛАГ, ОРОН НУТАГ, ТӨҮГ ТӨК гэж ангилж эхэлсэн ч дундаас доош шатны байгууллагуудыг эмх замбараагүй жагсаасан тул тодорхой нэг байгууллагыг олохын тулд эхнээс нь дуустал шүүж үзэхэд хүрч байв. Эсвэл хайлтын цэсэнд нэрийг нь бичиж хайдаг, тэгэхэд ижил төстэй баахан байгууллага гарч ирэх.

Тэгвэл сайтын өөрчлөлт, шинэчлэл дээр дутагдлыг ерөнхийд нь засч чаджээ. ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ, ХУВЬ ОРОЛЦООТОЙ КОМПАНИ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ гэсэн дөрвөн үндсэн ангиллын дор тэдгээрт харьяалагдах байгууллагуудыг салбарлуулж задаргаа байдлаар нэгбүрчлэн оруулсан нь цэгцтэй, олдоход хялбар болсон байна. Бас төрийн болон төрийн өмчийн оролцоотой, төрийн өмнөөс ажил үйлчилгээ эрхэлсаэн ТББ, аж ахуйн нэгжүүдийн ангиллыг тусад нь шинээр гаргасан нь сайшаалтай. Одоохондоо мэдээлэл оруулж амжаагүй ч зөв зүйтэй эхлэл. Цаашдаа шилэн дансны мэдээлэл google search ээр гардаг болохыг хүлээх л үлдэв.

Монгол Улсын шилэн дансны нэгдсэн цахим хуудас www.shilendans.gov.mn сайт одоогоос яг нэг жилийн өмнөөс туршилтын журмаар ажиллаж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд тавигдсан мэдээллээс 2015 оны 1-р сараас хойшхи 5 саяас дээш дүнтэй орлого, зарлагын мэдээ, 5 болон 10 саяас дээш дүнтэй худалдан авалтын мэдээлэл олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж янз бзрийн шуугиан дэгдээсэн. Ялангуяа төрийн байгууллагын гадаад томилолт, ИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын мөнгө, намын суудлын мөнгө, төрийн албан хаагчдад олгож буй орон сууцны дэмжлэгт зориулсан хөрөнгийн зардлууд.  Эдгээр мэдээллийн мөрөөр ч иргэний нийгмийн байгууллага, аудит, нам, улс төрийн хүчин хэнбугай ч хяналт тавихыг оролдож байна. Жишээлбэл, сөрөг хүчин болох УИХ дахь МАН-ын бүлгийн ажилтан залуу эгзэгтэй гүйлгээнүүдийг түүж эрх баригчдыг бажигдуулсаар “Шилэн Цогоо” алдрыг хүртээд байна.

2016 оны ажлын эхний өдөр шилэн дансны шинэ хувилбарыг үзсэн зарим хүн “2015 оны мэдээлэл алга болчихож” гэж харанга дэлдсэн нь хуурамч түгшүүр байлаа. Хэрвээ сайт шинэчлэгдэх бүрт өмнөх мэдээлэл устаад байвал, төрийн ажлын залгамж халаа алдагдаж, төсөвт байгууллагуудын бүх нягтлангийн хийсэн тэр их ажил талаар болж, шинэчлэл нэрийн дор эрх баригчид “но”-той мэдээллээ устгахыг санаархлаа гэж хардах байлаа. Азаар тийм юм болсонгүй. Эхний өдөр нүдэнд анзаарагдахгүй байсан цэсийг ийн томруулж http://shilendans2015.gov.mn/ хаягаар нээлттэй үлдээсэн байна.

thirdШилэн дансны цахим нэгдсэн сайт 2016.06.01-нээс албан ёсоор ажиллаж эхлэхээр хуульчилсан юм. Гэхдээ тэр өдрийг хүлээлгүй 2015 он гарангуут алдаа оноотой ч гэсэн эхлүүлж, 2016  оноос шинэчлэн сайжруулсан хувилбарыг толилууллаа.

Одоо иргэд, олон нийт, татвар төлөгч та бид байнга үзэж харж, асууж хянах л үлдэж байна. Гагцхүү 5 сая төгрөгөөс доошхи орлого, зарлагын гүйлгээ хаалттай хэвээр, өөрөөр хэлбэл, нэг нь 6 сая төгрөгийн зарцуулалтаа ил тод болгож байхад, нөгөө нь 8 сая төгрөгийг хоёр хуваагаад дөрөв, дөрвөн саяар зарцуулахад шилэн дансанд өртөхгүй мултарсан хэвээр байгаа нь харамсалтай.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master